Нэг ширхэг цэлцэгнүүрээр нэг өдрийг уургаа нөхөх боломжийг танилцууллаа
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага жил бүрийн аравдугаар сарын 16-ныг “Дэлхийн хүнсний өдөр” болгон зарлаж, энэ өдрийг 1981 оноос хойш дэлхий нийтээр тэмдэглэн иржээ.
Уг хурал ХХААХҮЯ-нд өчигдөр боллоо. Хурлын талаар тус яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох “Дэлхийн хүнсний өдөр”-ийг дэлхий нийтээр жил бүр өөр өөр сэдвээр тэмдэглэдэг. Энэ жил “Хөдөөгийн хөгжилд хүнсний аюулгүй байдлыг хандуулъя” сэдвээр зохион байгуулж байна. Манай улсын хувьд салбарын сайд П.Сэргэлэнгийн санаачлагчаар энэ өдрийг жил бүр зохион байгуулахаар болж байгаа.
Өнөөдөр анхны хурал. Энэхүү хурлаар хүнсний аюулгүйн асуудлаар төрийн бодлогыг гаргахдаа судалгаанд үндэслэсэн шинжлэх ухаанч байдлаар хандъя гэдэг санааг дэвшүүлж байгаа юм. Цаашдаа тоонд бус чанар, судалгаанд суурилсан бодлого гаргаж түүнийгээ хэрэгжүүлье хэмээн энэ хурлыг зохион байгуулж байна” гэв. Уг хуралд хоёр хэсгээс бүрдэж байв.
Эхний хэсэгт ХААИС, ШУТИС, МУИС, АШУҮИС зэрэг сургуулийн хүнсний чиглэлээр суралцдаг оюутнууд, хоёрдугаар хэсэгт ШУА, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, ХААИС-ийн эрдэмтэн, багш нар оролцож, өөрсдийн хийсэн судалгааны үр дүнгээ танилцуулан илтгэл тавьсан юм. Хүүхдүүдийн амтархан иддэг цэлцэгнүүрийг шар сүүгээр хийх технологийн судалгааг ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн оюутан Э.Нямбилэг, С.Анхчимэг нар хамтран хийжээ.
Тэдний хийсэн судалгаагаар нэг литр шар сүүгээр 30 мл-ийн савалгаатай 30 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэнэ. Энэ бүтээгдэхүүн нь импортоор орж ирж буй бүтээгдэхүүнээс экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдгээрээ ялгарах бөгөөд уураг, эрдсийн агууламж мөн өндөр ажээ. Тиймээс ч нэг ширхэг бүтээгдэхүүн нь насанд хүрсэн хүний нэг өдөрт авах уургийн хэмжээг хангалттай нөхөх гэнэ.
Үүний дараа МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийн оюутан М.Отгон-Үжин бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний нэг болох ундаан дахь тартразины агуулгыг тодорхойлох судалгаагаа танилцуулсан юм. Тэрбээр “Тартразин нь шар өнгийн нунтаг бодис юм.
Энэ нь хүний анхаарлыг илүү татах, уух хүслийг төрүүлэх зорилгоор ашиглагддаг. Манай улсад уг бодисын агуулагдах хэмжээг ундаанд стандартаар тогтоодоггүй юм байна лээ. Харин шөлөнд 50 мг гэж заасан байдаг. Дэлхийн стандартаар бол нэг литр бүтээгдэхүүнд агуулагдах тунгийн хэмжээг 300 мг гэж заасан байдаг. Миний хийсэн судалгаагаар 44-77 мг тартразин дөрвөн бүтээгдэхүүнд илэрсэн.
Хэдийгээр энэ нь дэлхийн стандартад нийцэж байгаа ч 100 мянган хүн тутмын нэг нь тартразинд харшилтай байдаг гэсэн судалгаа бий. Харшил үзүүлэх тун маш бага буюу 1-10 мг байдаг.
Нийгмийн багахан хэсгийг эзэлж байгаа ч үүнд харшилтай хүмүүст хариу үйлдэл үзүүлэхээс урьдчилан сэргийлж, тартразины агуулга бүхий бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах, урьдчилан сэргийлэх шаардлагатай байна” гэлээ. Тартразинаас үүсэх харшил нь гарын салаа хэсгийн нимгэн арьс загатнах, нүүр улайх, толгой эргэх зэрэг шинж тэмдгээр илэрдэг байна. Энэ мэт химийн бодис орсон бүтээгдэхүүн худалдан авахаас сэргийлж, тухайн бүтээгдэхүүн дэх найрлагыг сайтар шалгаж байхыг тэд мөн анхааруулж байлаа.
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиар хүний хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүн биологийн болон химийн бодисоор бохирдоогүй эрүүл, цэвэр байх ёстой гэсэн байдаг. Гэтэл бид маш олон төрлийн бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэдэг ч тэдгээр нь ямар нэг байдлаар хими, биологийн бодистой эсэхийг хараад мэдэх боломжгүй.
Харин ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Б.Нарангэрэл зарим хүнсний бүтээгдэхүүнд аюулгүй байдлын судалгаа хийжээ. Түүний багийнхан хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын судалгааг олон жилийн турш хийж байгаа гэнэ. Харин уг хурлын үеэр Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнээс хүнсний халдварт хордлого үүсгэгч илрүүлэх судалгаа хийснээ танилцуулсан юм.
Тэрбээр “Сүүлийн үед хүнсний халдварт хордлого буюу хоолны хордлого их гарч байгаа. Ялангуяа, бага насны хүүхдийн дунд хоолны хордлогоор өвчилсөн тохиолдол их байгаа. Үүний шалтгаан нь ихэвчлэн нянгийн гаралтай хүнсний хордлого байдаг. Ингээд энэ бүх өвчлөлийн шалтгаан нь мал амьтанд байна уу эсвэл бэлтгэх дамжлагад байна уу гэдгийг судалсан. Бид ер нь 2015-2017 оны хооронд маш олон судалгаа хийсэн юм.
Үүнд мал амьтнаас дээж авч судалсан. Мөн гол түүхий эд бэлтгэдэг газруудын мах, сүү, өндөг, цагаан идээ болон боловсруулсан бүтээгдэхүүн болох хиам, мөхөөлдөс зэрэг мал амьтнаас гаралтай ямар бүтээгдэхүүн байна тэр болгоноос дээж авсан. Ер нь дэлхий нийтэд хүнсний халдварт хордлого үүсгэдэг аюултай таван төрлийн нянг илрүүлэх зорилготой байсан.
Судалгааны дүнд мал амьтан харьцангуй эрүүл байв. Өөрөөр хэлбэл, мал, амьтнаас авсан дээжид хүнсний халдварт хордлого үүсгэгч бага илэрсэн. Ихэвчлэн худалдааны төвүүдээр худалдаалагдаж байгаа үхэр, ямааны махнаас халдвар үүсгэгч гарч байсан. Мөн гаднын орноос орж ирж буй тахианы мах, далайн гаралтай бүтээгдэхүүнээс хүнсний хордлого үүсгэгч нянгууд илэрсэн. Эдгээр нянгууд хүнсний халдвар үүсгэдэг, эмгэг төрүүлдэг эсэхийг судлахад хүнд аюултай халдвар үүсгэгч гарсан.
Гэхдээ их хэмжээгээр биш. Бид 700 дээж шинжлэхэд 10 хувьд нь гарсан. Тиймээс бид мөн эрсдэлийн үнэлгээ тогтоосон. Ингээд эдгээрээс хүн халдварласан тохиолдолд өвчлөх эрсдэл өндөр учир аюултай зэрэгт оруулсан. Түүнчлэн эдгээр үүсгэгчдээс мөн антибиотик мэдрэг чанарыг үзсэн. Учир нь бид хүн ардынхаа эмчилгээний асуудлыг үүнтэй уялдуулан шийдэх ёстой. Бидний илрүүлсэн нянгуудад олон антибиотикт тэсвэртэй нь бага ч нэгээс хоёр антибиотикт тэсвэртэй болсон байгаа юм.
Энэ судалгааныхаа үр дүнд үндэслээд энэ халдвараар өвчилсөн тохиолдолд ямар антибиотикоор эмчилбэл илүү үр дүнтэй вэ гэдэг зөвлөмж гаргаж эрүүл мэндийн яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамд хүргүүлсэн” гэлээ. Уг хуралд тавигдаж буй илтгэлүүдийг төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хянасан байна. Харин хурлын төгсгөлд эдгээрээс шилдэг илтгэлүүдийг шал-гаруулах ажээ.