Д.Тэрбишдагва: МАН-ын 65 гишүүн мундагтаа парламентад суусан юм биш
2017.10.16

Д.Тэрбишдагва: МАН-ын 65 гишүүн мундагтаа парламентад суусан юм биш

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагватай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

НЭГ: ЗАСГИЙН ГАЗРЫН ТОМИЛГОО

-ШӨНӨ ДӨЛӨӨР ХУРАЛДААД ЯАРАВЧИЛСАН БАЙДЛААР ТОМИЛГОО ЯВУУЛАХ НЬ ЗОХИМЖГҮЙ-
-Шинэ Засгийн газар 100 хувь давхар дээлтэй байхаар томилгоонууд хийгдэж байна. Та хувь гишүүнийхээ зүгээс давхар дээлний асуудалд ямар байр суурь илэрхийлэх бэ?

-УИХ-ын гишүүн,  Засгийн газрын гишүүний ажлыг давхар хавсран ажиллахыг л “давхар дээл” гээд ярьж заншчихаж ч дээ. Өмнө нь ч би байр сууриа тодорхой илэрхийлж байсан. Миний хувьд ерөөсөө давхар дээлгүй ажиллана гэдэгтэй санал нийлдэггүй. Ард түмнийхээ итгэлийг хүлээж, УИХ-д сонгогдсон гишүүд Засгийн газарт гишүүнээр ажиллахад харшлаад байх зүйлгүй.

Харин ч сонгуулиар сонгогчдынхоо дэмжлэгийг авч чадаагүй  нөхдүүдэд шагнал маягаар сайдын албан тушаал  өгөх нь  зөв аргачлал биш. Үүнээс гадна парламентын гадна ч мэргэжил, боловсрол өндөртэй чадварлаг боловсон хүчин олон бий гэдгийг мартаж болохгүй ээ. УИХ-д гишүүнээр сонгогдчихоод дан дээлэндээ орооцолдоод, бүдэрч  байгаа хүмүүс өчнөөн л байна. Бас хэдэн давхар дээлийг ч дөмөгхөн даагаад явчих чадалтай хүмүүс ч байна. Тэгэхээр гүйцэтгэх засаглалын тэргүүн багаа бүрдүүлэхдээ тавих гол шалгуур нь мэргэшсэн байдал, мэдлэг, туршлага, ажлын ачаалал даах тэнхээ, төрийн хүний хазайшгүй ноён нуруу, салбарын талаарх өргөн мэдлэг, манлайлах чадвар, салбартаа танигдсан байдал, улс орноо хөгжүүлье гэсэн чин сэтгэл, зүтгэлийг олж харах нь хамгийн чухал юм. Түүнээс бүгдийг нь парламентаас, эсхүл гаднаас  сонговол зөв гэсэн тогтсон зүйл байхгүй. Аль болохоор тэнцвэрийг хангах нь чухал юм. Энэ удаад Ерөнхий сайд танхимаа парламентын гишүүдээс бүрдүүлнэ гэсэн учир намын Удирдах зөвлөл, бүлэг хэлэлцээд саналыг нь дэмжсэн байх аа.

-Та шинэ танхимын бүрэлдэхүүнийг хэрхэн харж байна. Үнэхээр сайн ажиллаж чадах хүмүүсээ гаргахаасаа илүүтэйгээр дахиад л бүлэглэлүүд тохирчихлоо гэж харагдлаа?

-Намын бүлэг дотор 32/33 гэсэн талцсан байдал бий болсныг нуугаад яах вэ. Хоорондоо тодорхой хэмжээнд ярилцаж, тохиролцсон зүйлүүд гарсан нь ч үнэн. Ерөнхий сайд өөрийн эрх мэдлийн хүрээнд хоёр талаас гаргасан санал дээр үндэслэж, шийдвэрээ гаргалаа. Сайдад нэр дэвшигчдийн талаар УИХ дээр “шүдийг нь үзэж, сүүлийг нь сөхөж” барьж үздэг монгол заншлаар нухацтай хэлэлцэх учиртай юм. Шөнө дөлөөр хуралдаад, яаравчилсан байдлаар томилгоо явуулах нь бас зохимжгүй. Манайхан асуудлыг цагийг нь тулгаж оруулж ирээд, сайтар тунгаан хэлэлцэх боломж олголгүй, яаруулж байгаад “тулгасан” байдлаар шийддэг сул талтай.

УИХ дээр сайдуудын асуудлыг хэлэлцэхдээ салбарын ажлын мэдлэг, ажил сайжруулах бодлого, зорилт, шууд хэрэгжүүлэх арга замын талаар засгийн газрын гишүүнээр нэр дэвшсэн хүн нэг бүр дээр асууж тодорхой хариулт авах ёстой. Энэ үйл явцыг ард түмэн, салбарынхан үзэж сонсож давхар дүн тавьж таарна. Эхний шатны энэхүү шалгуурыг дааж чадаагүйгээс УИХ дээр дэмжигдэхгүй унах, уналгүй тэсч үлддэг юм аа гэхэд ард иргэдээс “маш сул сайд” гэсэн үнэлэмж авна.

Их Хурлын шүүлтүүр, энэхүү өндөр босгыг амжилттай давж салбартаа манлайлагч нь болохоо харуулж чадсан сайдыг салбарын хамт олон нь дэмжиж, ажил нь урагштай явах болно. Германд л гэхэд хамтарсан Засгийн газар байгуулагдаж буй тохиолдолд хоёр талаасаа уулзаад 2-3 сар асуудлаа ярьдаг. Бүхнийг эхнээс нь нэг бүрчлэн тохирч аваад, түүнээсээ буцахгүй дөрвөн жил тогтвортой ажилладаг. Манайд харин тэс өөр. Хуулийн хугацааг нь тулгаж яаран батламжлаад, маргаашаас нь эхлээд шүүмжлээд, ингэж ч  шийдэхгүй байсан юм гэж зөрөлдөөд, аажимдаа үл ойлголцол нь гүнзгийрээд, сүүлдээ хагарал бий болчихож байна. Энэ нь өөрөө буруу жишиг юм. 

-БИ НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХЭЭС ТАТГАЛЗСАН-
-Эрх баригч намын 32-ын бүлгээс таны нэрийг сайдад дэвшүүлэх тухай асуудал яригдсан. Гэхдээ нэр дэвшүүлсэнгүй. Яг процесс нь хэрхэн явагдсан юм бол?

-Би өөрөө нэрээ дэвшүүлэхээс татгалзсан юм. Монголын ард түмэн МАН-д 65 суудал өгч, улмаар парламентын 76 гишүүний 85 хувийг бүрдүүлсэн хүчтэй бүлэг байгуулагдсан. Яагаад ийм өндөр хувиар МАН сонгогдсон бэ гэдэг талаар эргэцүүлэн бодох хэрэгтэй. МАН-д бүрэн эрхийнхээ хугацаанд тогтвортой ажиллаж, эдийн засгаа хөгжүүлж, хямралаас гарган, ажлын байр нэмэгдүүлж, ядуурлыг бууруулж, АН-ын хийсэн алдааг давтахгүй гэж ард түмэн итгэл үзүүлсэн хэрэг. Олон улсын түвшинд ч тэр биднийг энэ дөрвөн жил тогтвортой ажиллана гэсэн итгэл, хүлээлт бас байсан.

Харамсалтай нь, нэг жилийн өмнө 100 хувийн саналаар дэмжсэн Засгийн газраа бид өөрсдөө цөөнхтэйгээ нийлж байгаад унагаачихлаа. Засгаараа олон оролдвол завхралын шинж гэж шүүмжлэлтэй хандаж байсан атлаа сайдын суудлын сураг дуулдахаар хэлж ярьж байснаасаа буцаж байх нь зохимжгүй гэж үзсэн юм. Тиймээс намын нөхөддөө сайдын суудлаас татгалзаж байгаагаа хэлсэн хэрэг. Ямар ч хүн ёс суртахуунтай, хэлсэн ярьсандаа л  байх учиртай. Албан тушаалыг зөвхөн амттай бялуу гэж харах хэрэггүй. Бялууг хэтрүүлэн зоогловол дотор хямарч “пологтдог” биз дээ. Тийм болохоор албан тушаалыг ажил хийхийг даалгасан өндөр үүрэг, хариуцлага, тууштай зүтгэх төрийн даалгавар гэж бодож хандвал  хувийн бөгөөд хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигт хүлэгдэхгүй байх, биеэ тоолгүй, аар саархан зүйлд сатаарч, алмайрч алгуурлахгүй сайн ажиллах үндэс юм.

-Хууччуул 2020 оны сонгуулиа бодоод зарим шинэ гишүүдээ сайдад нэр дэвшүүллээ гэх яриа бас явсан. Таны хувьд ийм бодол агуулаагүй хэрэг үү?

-Тэр хүмүүсээс нь асуух хэрэгтэй. Миний хувьд бол өөр байр суурьтай байснаа дээр илэрхийллээ.

-Та УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог даргалдаг. Одоо УИХ-ын дэд дарга сайд болж буйтай холбогдуулан танд парламент дахь байр сууриа илүү ахиулах хувь гишүүний амбиц байгаа юу?

-Албан тушаалын араас хөөцөлдөж явсан түүх миний хувьд ерөөсөө байхгүй. Үндсэн хуулиа зөрчиж, стандарт бус Засгийн газар байгуулагдах үед хадаг бариад ирсэн ч сайдаар ажиллахгүй гэдгээ хэлж байсан. Харин ажил даалгаж, хариуцуулвал чин сэтгэлээсээ зүтгэдэг хатуу зарчимтай. Ийм ч учраас очсон газар бүртээ ажлыг урагшлуулж, ахиц дэвшил гаргахын төлөө ажиллаж ирсэн. Үр дүн нь ч гарч байлаа. Албан тушаалыг  хариуцлага, үүрэг гэж бодон зорилгоо зөв тодорхойлсон хүнд ийнхүү ажлын үр дүн нь амттай болж, улс эх оронд нь ч өгөөжөө үлдээдэг. Одоо манайд нэг буруу жишиг тогтож байна. Парламентын гишүүн болонгуутаа л өөр албан тушаал дээр очих гэж улайрдаг. Өгөхгүй бол гомдож өширдөг эсвэл дараачийн удаа өөрийг нь бодож үзэхийг сануулдаг байдал газар авчихаад байна. Тэгээд л албан тушаалын төлөө орой үдэш өөр хоорондоо уулзаж, элдэв яриа хийж байгаа энэ үйлдлүүдийг хараад жихүүцэж л явна.

ХОЁР: ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРЭЭНИЙ АСУУДАЛ

 -УЛС ТӨРӨӨС БОЛЖ ЭДИЙН ЗАСГИЙН ЧУХАЛ АСУУДЛУУД САРНИХ УЧИРГҮЙ-
-Төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн ч завсарлага авсны улмаас зогсоочихоод байна. Тодотголд сайд нарын багц бүхэл тоогоор орж ирсэн нь шүүмжлэл дагуулсан. Та төсөлтэй тухайлан сайн танилцав уу?

-Төсвийн тодотголыг ямар ч байсан УИХ-аар хэлэлцээд эхэлсэн нь сайн хэрэг. Хоёр дахь хэлэлцүүлгээс завсарлага аваад эхэлчихлээ. Уг нь ажлын хэсэг байгуулаад, илүү нягтлах замаар ажиллаж л байх учиртай. Ингэсэн цагт асуудлаа илүү чамбай судлах боломж гарна. Төрөөс мөнгөнийн бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл дээр бас л завсарлага авчихаад байна. Ер нь асуудлыг гацаах тусам цаг хугацаанд хавчигдаж, алдаа гарах магадлал нь ихэсдэг. Эсхүл завсраар нь завшигчид гарч ирэх эрсдэлтэй.

-ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлаар хэдийд Монгол Улсын асуудлыг оруулах талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дээр тодорхой мэдээлэл ирсэн үү?

-Монголбанкны ерөнхийлөгч ОУВС-гийн хуралд оролцохоор явсан. Гэхдээ яг ямар хурал болж, ямар асуудал дэвшүүлж, хэлэлцэх талаархи мэдээлэл манай байнгын хороонд ирээгүй байна. ОУВС-тай шинэ Засгийн газар яаралтай уулзаж, байр сууриа нэгтгэж таараа. Нэгэнт эхлүүлчихсэн хөтөлбөрөө үргэлжлүүлэх ёстой. ОУВС-гийн хөтөлбөрт алдаа, оноотой зүйлүүд байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ манайхан гадны донор орнууд, олон улсын байгууллагуудтай нэг их гоё юм ярьчихаад, араас нь хөөцөлдөж ажил хэрэг болгодоггүй дутагдлаас одоо салах хэрэгтэй. Бид эдийн засгаа хөгжүүлэх ямар гарц байна гэдэг дээр илүү төвлөрч, санаачлагатай л ажиллах шаардлагатай байна. 

-УИХ-ЫН ОЛОН ГИШҮҮН ХИЙХ АЖИЛГҮЙ, ТОМИЛГОО ЯРИН  ХӨЛХӨЛДӨЖ БУЙ НЬ БУРУУ-
-Шинэ засгийн газрын зүгээс ОУВС-гийн хөтөлбөрийн зарим нэг шаардлагуудыг эргэн харах, өөрчлөх чиглэлд ажилласнаар үр дүнд хүрэх боломжтой юу?

-Ер нь бол боломжгүй дээ. ОУВС Монгол Улсын Засгийн газартай хэлэлцээрт орж, хөтөлбөр хэрэгжүүлэхээр гэрээлсэн. Шинэ засаг бүрдэж байгаа ч бид залгамж чанараа хадгалах учиртай. Засагт ажиллаж байгаа хүмүүс нь солигдож байгаа болохоос биш Монгол Улсын л Засгийн газар хэвээрээ шүү дээ. Өнгөрсөн асуудлуудтайгаа хэт  зууралдаад л байвал урагшилж өгдөггүй. Түүний оронд ямар шинэ гарц байгааг эрэлхийлж, хамтран ажиллах боломжийг тэлэхийг чухалчлах нь дээр.

-УИХ-д өргөн баригдсан 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг эргүүлэн татчихлаа. Энэ мэтээр эдийн засгийн суурь асуудлууд засаг төрөөс болоод удаашраад байгааг та хэрхэн харж байна?

-Тэртэй тэргүй Засгийн газар байгуулагдах нь үнэн. УИХ төсвөө батлах нь ч үнэн. Завсарлага авахын оронд байнгын хороодоос ажлын хэсэг гаргаж, асуудлыг судалж дүгнэлт гарган ажиллаж байх нь л зөв хувилбар. Хэлэлцэх эсэхээ яриад шийдээд явалгүй шууд л болохгүй гээд хаалгаа хаачихлаа. Хэдэн улс төрч өөр хоорондоо хэрэлдэж, талцаж болох ч цаана нь  улс орны  хувь заяатай холбоотой, төсөв, санхүүтэй хамааралтай  зүйлд хөнгөн хуумгай хандаж болохгүй. Аливаа асуудлыг улс орны эрх ашгийн үүднээс авч үзэж, гацааж саатуулахаас аль болохоор зайлсхийж, цаг хугацаанд нь үр дүнтэй шийдэж баймаар байна.

-Төсөв батлуулах хуулийн хугацаа тулчихаар шинэ Засгийн газар цаг хугацааны хайчинд орж таарах нь?

-Үүнийг чинь би түрүүнээс хойш хэлээд байгаа хэрэг. Гацааж, хойшлуулж цагийг нь  тулгачихаад бөөндөж баталдаг учраас шүүсийг нь шахаж чадалгүй явуулдаг. Түүнийгээ цаг хугацааны хайчинд орчихлоо, төсвөө батлаж чадахгүй болохоор парламент тарна шүү дээ гэдэг тайлбар хийдгээ болих хэрэгтэй  дээ.  Намрын чуулган эхлээд 14 хоног өнгөрөөд байхад УИХ-ын олон гишүүд хийх ажилгүй, томилгоо ярин хөлхөлдөж цаг өнгөрөөж байна. Энэ нь өөрөө зөв үзэгдэл биш. Шинэ Засгийн газар гарч ирэнгүүтээ төсвөө маш хурдан хугацаанд батлуулах шаардлагатай болно. Шинээр томилогдсон сайд нар нь салбарын бүх асуудлаа мэдэж амжихгүй, салбарын бодлоготойгоо бүрэн танилцаж чадалгүй төсөв болон төсвийн тодотголоо УИХ дээр оруулж ирэх нөхцөл байдал үүсчихээд байна.

ГУРАВ: УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТӨЛӨВШИЛ

 -БҮЛЭГ ДЭЭРЭЭ САНАЛАА НЭГТГЭН АСУУДАЛ ЗАНГИГДДАГ БАЙДАЛ БАЙХГҮЙ БОЛЧИХЛОО-
-Та бүхэн улс орны ийм чухал асуудлаа бүлэг дээрээ ярилцаад, байр сууриа зангидаж болдоггүй юм уу?

-Гол нь бүлэг дээрээ аливаа асуудлаар зангигддаг байдал байхгүй болчихлоо. Үнэхээр 65-ын бүлэг бүх гишүүдийнхээ саналыг сонсож, нэгтгэж чаддаг байсан бол Засгийн газар огцрохгүй байлаа. Асуудлаа бүлэг дээрээ ярьж чадахгүй байгаагаас үүдэж, их хуралд анх удаа сонгогдсон гишүүнийхээ албан бланк дээр хууччуул нь хүртэл гарын үсэг зураад, засгаа огцруулчихлаа. Уг нь бол бүлэг дээрээ дараа нь бага хурлаараа Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаа ярьж, гарын үсэг цуглуулахгүйгээр, дотооддоо сайн хэлэлцэн, муу ажиллаж байна гэж үзвэл Засгийн газрын тодорхой гишүүдийг эсвэл танхимаар нь огцруулах шийдвэр гаргаж болно. Гэтэл ийм процессоор явагдсангүй шүү дээ. Ер нь УИХ-ын гишүүд гэж хэн бэ. Мэргэжлийн хүрээнийхэн тодорхой асуудлаар тайлбар хэлэхээр “Чи УИХ-ын гишүүнтэй ингэж ярихгүй шүү” гээд л асчихдаг. УИХ-ын гишүүн хүн ард түмний төлөөлөл. Түүнээс биш тусгай эрх дархтай, мундаг амьтад биш шүү дээ. УИХ-ын гишүүнээр сонгогдогмогцоо л эрх ямба эдэлдэг, юу ч хамаагүй юм хийж болдог гэж ойлгодог бололтой. Үг сонсож, шүүмжлэл хүлээж авахдаа хойрго болдог. Мөн намын дүрэмд заасан бүлгээр ажиллах зарчимд захирагдаж чадахгүй гишүүд олширчихоод байна даа.

-Та өмнөх дөрвөн жилд МАХН-аас парламентад суусан. Тусдаа бүлэгтэй байлаа. Одоо эрх баригч намаас парламентад сонгогдож, бүлэгт нь харъяалагдаж байна. Тодорхой цаг хугацааны дараа МАН-ын гишүүдийн төлөвшил эрс суларсан мэт танд санагддаг уу?

-УИХ-ын гишүүдийн дунд төлөвшилгүй байдал 2008 оноос өмнөхөөсөө илүү илрэх болсон гэж үздэг. Энэ үеэс УИХ-ын гишүүд өөрсдийгөө өндөр хариуцлагатай гэхээсээ илүүтэйгээр эрх ямбатай гэдэг талаас нь  түлхүү хардаг болж эхэлсэн. Уг нь бол гурван сая Монголчуудтайгаа адил, бид тэдний 76 төлөөлөл нь юм шүү дээ. Сонгуульд өрсөлдөхгүй мөртлөө УИХ-ын гишүүдээс хэд дахин эрдэмтэй, боловсролтой, чадварлаг  хүмүүс өчнөөн байгаа гэдгийг умартаж бас болохгүй ээ.

-Таныг анх УИХ-ын гишүүн болж байх үед гишүүдийн төлөвшил ямар байв?

-Түүнээс өмнөх үеийн гишүүдийн хувьд цаанаа л нэг зангарагтай, даруухан, үүрэг, хариуцлагаа илүү ухамсарласан байсан санагддаг. Намайг  анх 2004 онд  парламентын гишүүнээр сонгогдоод удаагүй байхад  туршлагатай гишүүн асан Л.Одончимэг гуайн хэлсэн үг их зүйл бодогдуулж байсан даа. Тэр хүн надтай тохой нийлүүлэн суудаг байв. Гишүүнээр анх сонгогдож байхдаа би дөнгөж хорь гарсан, ажлын туршлагагүй нэгэн байгаагүй юм. Улсын үйлдвэрийн газрын дарга, Германы төрийн байгууллагад ажиллаж байсан, дэд сайд, Элчин сайдын алба хашсан, салбарын сайд болсон нэгэн байв. Тэр үед Л.Одончимэг гуай “За, миний дүү, төр засгийн байгууллагуудад зөндөө амжилттай ажилласныг чинь мэднэ ээ. Гэхдээ Засгийн газар, УИХ хоёр хоорондоо их ялгаатай шүү. Төрийн ажил өөр учраас чи ямар ч байсан нэг, хоёр сар дуугүй байгаарай” гэсэн юм. Түүнийг үгийг дагаж би зургаан сар орчим ажиглаж, нэн тэргүүнд үг хэлж дуугаралгүй явж байлаа.

Энэ тухай дурдатгал номондоо Л.Одончимэг асан тодорхой бичсэн байдаг.  Ажлын туршлагатай байсан ч эх захтай, даруухан байж, ахмадуудаасаа хууль батлах үйл явцаас суралцах ухааныг надад ийнхүү зааж байсан хэрэг шүү дээ. Гэтэл 2008 оноос УИХ-д сонгогдсон  зарим хүмүүс төрийн хууль баталдаг, бодлого тодорхойлдог  танхимыг  гудамны тэмцэл хийх талбар, нэр хүндээ өсгөх индэр мэтээр сэтгэж  эхэлсэн юм шиг ээ. Дөнгөж гишүүн болонгуутаа л бүгдийг мэдэгчийн дүрд ороод, “Би”-гийн өвчин тусчихдаг болсон. Ер нь УИХ-д шинээр сонгогдож буй хүмүүст 14-21 хоног түүх, хууль, төрийн ёс жаяг, ёс зүй зэрэг олон сэдвээр хичээл заамаар санагддаг. Сонгогчид  намайг сонгосон гэх сэтгэлээр хандаж, өөрийгөө хүмүүжүүлж, ахмад болон дунд үеэсээ суралцаж,  өмнөх гаргасан шийдвэр, хууль тогтоомжтой танилцаж, харьцуулалт хийж,  хуулийн төслийг сайтар уншиж, ажлын хэсэгт орохдоо тоо гүйцээх төдий биш санаачлагатай байж,  шаргуу хөдөлмөрлөж, урагшаа алхах учиртай. Хууль тогтоох засаглалын  мөн чанарыг ухаарвал хүн өөрийн эрхгүй хичээх, суралцахад  бүхий л цаг, нөөц бололцоогоо дайчилна шүү дээ. Зарим нь ч амаараа л ажил хийдэг, телевизийн камер харангуутаа л ард түмэнд  таалагдах үг  хэлчихвэл нэр хүндээ өсгөөд яваад байна гэж боддог байж мэднэ. Сууж ажилладаг, судлаж нягталдаг, суралцаж байгаа нь нүдэн дээр харагдаж мэдрэгддэг тийм хүн хурдан  хугацаанд чадварын хувьд өсөөд байдаг юм. Чадалтай, сэтгэлтэй мундаг хууль тогтоогчдын шийрийг хатаах олон залуус араас хүч түрэн орж ирээсэй л гэж хүсэх юм байна шүү дээ.

-С.БАЯР ТЭРГҮҮТЭЙ НӨХДҮҮД ЗАЛУУСТАА ДҮРЭМГҮЙ ТОГЛОХЫГ ЗААЖ ӨГСӨН-
-Танай нам дотор өрнөж буй процесс нэг талаасаа Засгийн газрын болоод намын удирдлагын төлөөх эрх мэдлийн хагарал мэт боловч нөгөө талаасаа олон жил ужгирсан бүлэглэлүүд задарч байна гэж харагдаж байгаа?

-Тулхтай, туршлагатай нам дөрвөн жил улс орныг удирдах нь, одоо л нэг бодлогын хүрээнд жигдэрнэ гэсэн хүлээлт олон түмний дунд  байлаа. Өнгөрсөн парламентын үед АН-ын фракци, бүлэглэлүүд засгаа унагааж, дараачийнхаа засгийн газрыг өмнөхөөс нь дордуулж байгуулсан байдаг. Яг ийм учраас л ард түмэн бидэнд агуу их итгэл өгсөн гэдгийг санах хэрэгтэй. МАН-ын 65 гишүүн  бүгд мундагтаа парламентад гараад ирчихсэн юм бас биш гэдгийг дээр хэлсэн. Ард түмэн дэмжээд  нэг намд итгэл үзүүлсээр байхад бид нэг цул байж чадсангүй. Ийм байдал цаашаа битгий үргэлжлээсэй. Одоо Засгийн газарт ажиллах сайдууд ямагт урагшаа тэмүүлж, огцорсон сайд нар ч тэднийгээ дэмжиж, эхэлсэн зөв ажлаа үргэлжлүүлэхэд туслах  хэрэгтэй. Одоо эв эеэ  хичээх хэрэгтэй. Ер нь бол бид нэгэнт дүрэмгүй тоглоод эхэлчихсэн учраас энэ байдлыг таслан зогсоож, тогтвортой, тууштай байдлыг эрхэмлэх нь  маш чухал.

-Дүрэмгүй тоглоод эхэлчихсэн гэдэг нь?

-Дүрэмгүй тоглоом хэзээ эхэлсэн бэ гэхээр, 2008 онд Стандарт бус Засгийн газар байгуулж байсан үе. Үндсэн хуулиа зөрчиж, Засгийн газар байгуулж болж байгаа юм чинь цаашдаа юуг ч дагахгүй, дураар аашилж болох юм байна гэсэн буруу ойлголт тогтсон юм. С.Баяр тэргүүтэй нөхдүүд ингэж залуустаа дүрэмгүй тоглохыг заагаад өгчихсөн байхгүй юу. Миний харж буйгаар сая Засгийн газраа унагасан явдал нь бас л хаа ч байхгүй дүрэмгүй тоглолт болчихсон.

Дахиад л  ийм дүрэмгүй тоглолтуудаа үргэлжүүлээд байвал   2020 оны сонгуулиар ард түмэн бидэнд харин ч хатуухан дүн тавина даа.  Тэгэхээр ахмад, туршлагатай хэд нь аль болох ухаан зарж тулхтай байж, төр засгаа төр засгаа тогтвортой ажиллуулахад онцлон анхаарах нь чухал. Миний хувьд энэ үүднээс л асуудалд хандаж байгаа. Нам дотроо асуудлаа нээлттэй ярьж, ойлголцохгүй зүйлээ ширээний ард сууж хэлэлцэж, дотроо эхлээд шийдэж байх  шаардлагатай. Том бодлогоор нэгнийгээ дэмжих хэрэгтэй байна. Зөвхөн МАН дотроо гэлтгүй, Ерөнхийлөгчтэйгээ, АН-ынхантай ярилцаж, зөвшилцөж байх ёстой юм. Эцсийн дүндээ бид нэг л Монголчууд, бид нэг л Монгол эх оронтой шүү дээ. Энэ улсын хөгжил дэвшлийн төлөө манай, танай  фракц гэж  хагаралдаж, МАН, АН гэж талцаж, ардчилсан, ардчилсан бус гэж маргаж суух цаг байхгүй ээ, улс орныхоо язгуур эрх ашиг,  хөгжил дэвшлийн төлөө хүчээ нэгтгэж, өөрсдөө босгож өрсөн болон өрөгдсөн хана хэрмээ нурааж,  зааг ялгаагаа багасгавал Монголчууд бидэнд эрчимтэй хөгжлийн хаалга нээлттэй.

ДӨРӨВ: АЖИЛСАГ МОНГОЛ ХӨТӨЛБӨР

-ГОЛ НЬ Л БИД АЖИЛСАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ-

Та “Ажилсаг Монгол хөтөлбөр”-ийн талаар байнга хөндөн ярьдаг. Энэ удаа дахин лавлан асууя?

-Би  хэдэн жилийн өмнөөс Монгол Улсын эдийн засаг яагаад дорвитой хөгжиж чадахгүй байна бэ гэсэн асуултын хүрээнд судалгаа явуулж эхэлсэн. Судалгаанаас  харахад, ХҮН гэдэг цөмдөө л анхаарах ёстой юм билээ. Бид хүнээ хөгжүүлж, ажилтай, орлоготой болгосноор улс эх оронд асар их баялаг бүтээгдэх боломж үүснэ. Баялгийн өгөөж нэмэгдэх тусам төсвийн орлого  өснө. Гол нь төсвийн зарлагын дийлэнхи хувийг нийгмийн салбартаа зориулж,  бүтээн байгуулалтын салбараа бодлогоор дэмжих учиртай юм билээ. Олон улсын жишиг ч ийм байгаа. Гэтэл манайх төсвийн мөнгөөр бүтээн байгуулалт  хийх асуудалд хэт анхаараад, хүнийхээ  хөгжлөө орхичихдог.

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 80  хувь орчим нь их, дээд сургууль элсэж байна. Үлдсэн 20 гаруй хувь МСҮТ-д хамрагдаж байх жишээтэй. За яахав, хүний сонголтын асуудал. Их, дээд сургууль төгсөгчид ажлын байртай, мэргэжилдээ маш сайн бэлтгэгддэг бол өөр хэрэг. Гэтэл ийм зүйл манайд алга. Дөрвөн сая хүн амтай Берлин хот  10-д хан их дээд сургуультай байна. Харин гурван сая хүнтэй манай улсад 100 гаруй их дээд сургуулиуд байна. Энэ чинь жинхэнэ зуун ямаанд жаран ухна гэгчийн үлгэр биш үү. Дээд сургууль төгссөн хүмүүст нь  ажил олдоггүй, гэтэл цаана нь  нарийн мэргэшил шаардсан техникийн, технологийн мэргэжилтнүүд, мэргэжилтэй  ажилтнууд дутагдаад байдаг.

Боловсролын бодлогодоо дорвитой шинэчлэл хийхгүй бол ядуурлын ч нэг шалтгаан болж байна. Хүүхдээ дээд мэргэжилтэй  болгох гээд хамаг малаа, хөрөнгөө зарж үрээд, банкнаас зээл авч дөрвөн жил сургасан ч төгсөөд мэргэжлээрээ хөдөө орон нутагтаа ажиллалгүй, хотод үлдэж, ажилгүйчүүдийн эгнээнд шилжихээр тэр өрхийн амьдрал яаж дээшлэх вэ дээ. “Эцэг эх, өвөө эмээгийнхээ тэтгэврийн мөнгөөр соосог хөхсөн сахалтай хүүхдүүд олширч байна” гэж хэдэн жилийн өмнө хэлж байсан үгнээсээ иш татмаар санагдлаа.  Ер нь иргэн бүр, ялангуяа залуучуудыг асар их хөдөлмөрч, ажилсаг хүн болгон өсгөх хэрэгтэй. Хүн их ажилласаны дараа амрах хэрэгтэй, гэхдээ би ажлын орчин нөхцөлөө түр өөрчилж, өөр төрлийн ажил хийхийг амралт гэж боддог, түүнээс биш хөдөлмөр хөдөлгөөнөө хязгаарлаж, архи ууж, алхайж хэвтэхийг амралт гэдгүй юм.

-Ядуурлыг бий болгож буй гол шалтгааныг та хэрхэн харж байна?

Ядуурал бий болох үндсэн гол шалтгаан нь “залхуурлуулалт, залхуурал” хоёр юм. Иргэддээ “шоргоолж шиг” хөдөлмөрлөдөг амьдралын хэвшлийг бага балчраас нь төлөвшүүлж чадаагүйгээс гадна амьдралын эх үүсвэрийг  элдэв тэтгэлэг, хандив, тусламж гэсэн “залхуурлуулалт”-аар бий болдог муу зуршлыг хэт өөгшүүлж,  хөдөлмөрийн насанд хүрсэн хойноо мэргэжилгүй хүмүүсийн тоо олширч, түүний эсрэг төрөөс дорвитой бодлого баримтлан ажиллаагүйтэй  шууд холбоотой.

Харин ажилгүйдэл ядууралд нөлөөлж байгаа, ажиллах хүчний мэргэжил, боловсролтой холбоотой 2 шалтгааан байна.

Нэгдүгээрт, 

Мэргэжилтэй ажилтан маш цөөн  байгаа учраас жижиг дунд үйлдвэрүүдэд ажиллах мэргэжлийн боловсон хүчин их дутагдаж байна. Нарийн мэргэжлийн техник, технологийн ажиллах хүчин шаардлагатай олон улсын жишиг үйлдвэрүүдэд монгол ажилчид дутмаг учраас аргагүйн эрхэнд гаднаас авах нөхцөл байдал үүсээд байдаг. Олсон орлого дотоодод эргэлдэлгүй, гадагшаа урсах аюул ядмагдуу эдийн засагт маань бас нэг дарамт болно.

Хоёрдугаарт, 

Мэргэжлийн мастерууд, эзэд-ажил олгогчдыг хангалттай сайн бэлтгээгүйн улмаас хааяагүй эрэлт хэрэгцээ үүсч, хамгийн олон ажлын байр бий болгодог, газар нутгийн хаана ч байршиж үйл ажиллагаагаа явуулж болох ЖДҮ хөгжиж чадахгүй байна. Ер нь мэргэжлийн боловсон хүчнийг бодлогоор бэлдэхгүйгээр үйлдвэрлэл урагшаа явдаггүй. Германд яг ийм зорилгоор хосолмол мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг. Энэ системээс бусад улс орнууд ч их зүйл сурчээ. Онол,практикийг сайн сурсан хүмүүс нь Германы жижиг дунд үйлдвэрийн мэргэжлийн ажилчид, эзэд,томоохон үйлдвэрүүдийн мэргэжилтэй ажилтан болдог тогтолцоотой.

-Эдийн засгаа сууриар нь хөгжүүлэхийн тулд хүн төвдөө анхаарах хэрэгтэй гэсэн санаа юу?

-Харин тийм ээ. Аливаа улсын хөгжлийн гол түлхүүр, цөм нь бүх талаар хөгжсөн ажилсаг хүн. Гадны орнуудаас нэн ялангуяа мэргэжлийн ажилчин, мастер, ЖДҮ-ийн эздийг  бэлтгэх талаараа хамгийн их туршлагатай Германаас нэлээд судаллаа. Тэгээд эцэстээ бодлогын хүрээнд Засгийн газраар дэмжүүлж, УИХ-аар батлуулж “Ажилсаг Монгол” хөтөлбөрөө хэрэгжүүлэх нь зүйтэй юм байна гэж ажиллаж байна.

Гол нь л бид ажилсаг байх л хэрэгтэй. Ингэж байж л үйлдвэрлэл хөгжинө. Үйлдвэрлэл хөгжиж байж, эдийн засаг бат суурьтай болох юм. Одоо эдийн засаг бие дааж сайн хөгжиж чадахгүй, бусдаас хэт хамааралтай байгаа нь улс эх орны үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдахаар болж байгаа асуудал юм. Эдийн засаг нь хөгжихгүй бол улс орон өөдөлнө гэж байхгүй. Манай улс Эдийн засгийн хөгжлийн яам гэж байгуулах хэрэгтэй байгаа юм. Ингэж байж, бодлогоо, хэтийн төлөвөө олон жилээр харж төлөвлөнө. Асуудлаа холч харж байж л бид урагшлах болно. УИХ-ын чуулган завсарлах үеэр гол  анхаарлаа “Ажилсаг Монгол” хөтөлбөрийг  боловсруулах бэлтгэл ажилд чиглүүллээ.

Одоо хөтөлбөрийн төсөл дээр улам сайн ажиллаж, иргэд, үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчдийн үнэ цэнэтэй саналыг тусган чамбайруулах, судалгаа мэдээлэлд анализ хийж, чухал асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг гаргаж тавих гээд мэрэгжлийн яам, агентлаг, аймаг, орон нутгийн дэмжлэгтэйгээр хийх ажил зөндөө байна даа.

Ж.МЯДАГБАДАМ