Д.Тэрбишдагва: Би сайдын саналаас татгалзсан
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
2017.10.16

Д.Тэрбишдагва: Би сайдын саналаас татгалзсан

Засгийн газрын бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлаар УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын байр суурийг сонирхлоо.

-Засгийн газрыг 100 хувь парламентаас бүрдүүлснийг шүүмжлэх хүмүүс байна. Та Ерөнхий сайдын энэхүү шийдвэрийг юу гэж харж байна вэ?

-Би хувь хүнийхээ хувьд олон удаа хэлж байгаа. Дан, давхар дээлийн асуудал бол чухал зүйл биш. Ард түмнээс санал авч орж ирсэн. Ард түмний итгэлийг хүлээсэн УИХ-ын гишүүн сайдаар ажиллахад татгалзах юм байхгүй. Ард түмнээс дэмжлэг авч чадаагүй хүмүүс сайдаар ажиллахыг харин зөв гэж боддоггүй. Нөгөө талаас дан дээлэндээ орооцолдож бүдэрч яваа хүмүүс зөндөө байна. УИХ чинь Монгол төрийн хамгийн том, чухал байгууллага. Анх удаа УИХ-д сонгогдсон зарим гишүүд хууль санаачлах, хууль тогтоох үндсэн ажлаа хийхгүй өнөө маргаашаа бодохоос биш төрийн бодлого тодорхойлогч гэдгээ мартаж бүдэрч уначих гээд явж байна. Засгийн газрыг удирдаж байгаа хүн балансыг зөв барих ёстой. Ажлын төлөө шунадаг, үр дүн гаргахын төлөө шунадаг хүмүүсийг сонгох нь зүйтэй. Хувийн эрх ашгийн төлөө, бүлэглэлийн төлөө ажилладаг хүмүүсийг сонгох нь буруу юм. Давхар дээлний тухайд Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө шийдсэн. Тийм болохоор намын бүлэг дэмжсэн.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх чадварлаг хүмүүсийг сайдад нэр дэвшүүлж чадсан уу? Таны бодол

-Манай намын гишүүд 32, 33 гээд хуваагдсан талцсан зүйл байгаа. Гэхдээ тодорхой хэмжээнд ярилцаж ойлголцсон. Ерөнхий сайд санал дээр үндэслэж сайд нараа сонгосон. Засгийн газрын сайд нарыг чадвартай, үгүйг одоо хэлэх хэцүү. УИХ-ын чуулган дээр гишүүдийн асуултад салбартайгаа холбоотой асуудлыг хэрхэн хариулахаас бүх зүйл тодорхой харагдана. Ард түмний төлөөлөл болсон Их Хурлын гишүүдийн асуултад унаад, асуудлаа мэдэхгүй байгаа хүнийг заавал сайдаар “батална” гэсэн ном байхгүй. Гол нь сайдад нэр дэвшигчдийг томилохдоо цаг хугацаанд баригдаж болохгүй. Манайд нэг зовлон бий. Шөнөөр, үүрээр хуралддаг. Хуулийн хугацаа болохоо байлаа гэж шахдаг. Гэтэл ингэж томилогдсон хүмүүс нь маргааш өдрөөс эхлээд шүүмжлүүлээд эхэлдэг.

-Таны нэр сайдад яригдаж байсан. Юу болсон юм бэ?

-Би өөрөө сайд болохгүй гэсэн. Монголын ард түмэн МАН-д итгэл хүлээлгэж 65 суудал өгсөн. Тогтвортой ажиллаарай, Ардчилсан намын алдааг битгий давтаарай гэж даалгасан. Би дэлхийн олон улс орны удирдагч нарыг, банк санхүүгийн байгууллагын удирдлагуудыг танихын хувьд ирэх 4 жил Монголын төр тогтвортой байна. Та нар маань хөрөнгөө оруулаарай. Энэ 4 жил Монгол улс хурдацтай хөгжинө гэж уулзах бүртээ ярьсан. Гэтэл жилийн өмнө 100 хувийн саналаар дэмжиж байгуулсан Засгийн газраа нөхөд маань огцруулсан.  Би Засгийн газрыг огцруулах нь буруу гэсэн байр суурьтай байсан. Тиймээс хэлсэн үгэндээ эзэн болж нэрээ татсан. Манай нөхөд та бол туршлагатай, олон жил парламентад суусан, ажилласан салбартаа үр дүн гаргасан хүн гээд сайдаар ажиллах саналыг тавьсан. Би санал тавьсан нөхөддөө талархаж байгаа. Гэхдээ хүн чинь ёс суртахуунтай. хэлсэн ярьсан зүйлдээ эзэн байх ёстой.