Эрчим хүчний сайд М.Сономпил
2012.09.11
М.Сономпил: Манай салбарын өвөлжилтийн бэлтгэл 82 хувьтай байна
Эрчим хүчний сайд М.Сономпилтэй эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа.
-Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил одоогоор яг хэдэн хувьтай байна вэ?
-Одоогийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл салбарын хэмжээнд 82 хувьтай байна. Улаанбаатар хотын хувьд өвөлжилтийн бэлтгэл хангагдах шатандаа орсон. Үндсэндээ хоёр, гуравдугаар цахилгаан станцын ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэж ойлгож болно. Харин өвөлжилтийн бэлтгэл хангагдаж эхлээгүй аймгууд, Дулааны цахилгаан станц барих нэрээр тендерт шалгарсан ахуйн нэгж, компаниудаа чанар муутай, удаан хийж байна. Тухайлбал, Ховд аймагт өнөөдөр дулааны цахилгаан станц барих тендер зарлагдсан боловч ажил нь эхлээгүй байх жишээтэй.-Эрчим хүчний салбар цахилгааны алдагдалтай ажилладгаасаа болж цахилгааны үнийг эрчим хүчний компаниуд дураараа нэмдэг гэсэн яриа хавар нэг хэсэг гарсан?
-Эрчим хүчний салбар бүхэлдээ алдагдалтай ажилладаг гэж ойлгож болохгүй. Эрчим хүчний үнийг зах зээлийн горимд нь шилжүүлэхээр нэг бүү хэл хоёр дахин ч нэмэгдэнэ. Харин үнийн хөөрөгдлийг Засгийн газраас байнга барьж, зохицуулсаар ирсэн.Өнөөдөр Багануур дүүргийн нүүрсний уурхайгаас нэг тонн нүүрсийг 18500 төгрөгөөр авдаг. Гадуур зарагдаж байгаа шуудайтай нүүрс ямар үнэтэй байдаг билээ. Энэ байдлыг харгалзан үзэж, Засгийн газраас шат шатанд нь үнийг тогтвортой барьж байх бодлогыг хэрэгжүүлдэг.-Эдгээр асуудлыг хэрхэн шийдэх боломжтой вэ?
-Хүндрэлийг тооцоолоод суух биш арилгах тал дээр анхаарч ажиллаж байна. Энэ тал дээр яамнаас мэргэжлийн баг гарч ажиллаж байгаа. Тэл мэргэжлийн болоод хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлэх хүйтрэхээс өмнө асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Хамгийн гол нь захиалагч байгууллагатайгаа хамтарч ажиллах шаардлагатай. Хэдийгээр ийм их алдагдалтай үйл ажиллагаа явуулж байгаа ч гэсэн бид иргэдэд хямд үнэтэй цахилгаан өгөхийг зорьж байгаа.-Тэгэхээр энэ жил цахилгаан дулааны үнэ нэмэгдэхгүй гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Бид эхний ээлжинд дотоод зардлыг бууруулах талаар анхаарч ажиллана. Өөрөөр хэлбэл, зардлын менежментийг сайжруулж ажиллах естой гэсэн үүрэг даалгаврыг би салбарынхандаа өгсөн.-Удахгүй баригдах тавдугаар цахилгаан станцын шав нь тавигдсан ч цаасан дээр үлдчихсэн гэх шүүмжилдэг. Тавдугаар цахилгаан станцыг барих ажлын явц ямар байгаа вэ?
-Станцын шавыг нь тавьчихсан гэж ярьж байгаа боловч яг үнэндээ тавиагүй юм билээ. Дулааны цахилгаан станц барих нь байшин барихтай адил амархан зүйл биш л дээ. Техник, эдийн засгийн асуудлыг нь хоёр жилийн хугацаанд Азийн хөгжлийн банктай хамтарч хийсэн. Дараа нь өнгөрсөн зургаадугаар сард сонгон шалгаруулалтыг явуулсан. Мөн манай Эрчим хүчний яам Төрийн өмчийн хороо болон Хөгжлийн яамтай хамтарч хэрэгжүүлэх судалгааг явуулж, техникийн үнэлгээнүүд хийгдэж байна.Монгол Улсын эдийн засаг жил бүр тэлж байна. Эдийн засаг тэлэхийн хэрээр эрчим хүч дулааны хэрэглээ 10 орчим хувиар нэмэгдэж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Манай улс эрчим хүчний дутагдалд орсноос болж дулааны дутагдалд бүрэн орчихлоо. Одоогоор ОХУ болон Хятад улсаас цахилгааны эрчим хүчийг нөхөж авч байгаа. Мөн бид Монгол Улс импортын хараат бус экспортлогч орон болохын төлөө зорьж ажиллаж байна.-Тавдугаар цахилгаан станцын гэрээ хийгдчихвэл хэдий хугацаанд баригдаж дуусах боломжтой вэ?
-Гэрээ нь хийгдчихвэл 3.6 жилийн дотор баригдаж дуусна. Одоогоор гэрээний асуудал яригдаж байна.-Нүүрс тээвэрлэлтийн асуудлыг яаж зохицуулахаар болсон бэ?
-Нүүрс тээвэрлэлтэд мэдээж хүндрэл гарна. Тиймээс төмөр замаа шинэчлэх замаар шийдэх бололцоотой гэж үзэж байгаа. Харин нүүрсний асуудлыг хөндөж ярихад хоёр, гуравдугаар цахилгаан станц их хэмжээний бохир утаа ялгаруулдаг. Дээр нь нүүрс их хэрэглэдэг. Харин тавдугаар цахилгаан станц ашиглалтад орсноор хоёр, гуравдугаар цахилгаан станцын үйл ажиллагааг зогсооно. Гуравдугаар цахилгаан станц 150, хоёрдугаар цахилгаан станц 21 мегаваттын хүчин чадалтай бол тавдугаар цахилгаан станц 450 мегаваттын хүчин чадалтайгаар баригдана. Сүүлийн үеийн технологийг ашиглаж байгаа учраас агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулна гэж ойлгож болно.-Тэгэхээр шинээр баригдах тавдугаар цахилгаан станцын хэрэгцээт нүүрсийг тээвэрлэх хүчин чадал төмөр замд хэр байгаа юм бол?
-Хэд хоногийн өмнө төмөр замын удирдлагуудтай өөрийн биеэр очиж уулзсан. Хэрвээ нүүрс тээвэрлэдэг 300 гаруй воганыг шинээр худалдаж авбал тээвэрлэлтийн асуудлыг бүрэн шийдэх боломжтой. Энэ тухай Ерөнхий сайд болон Сангийн яам, Хөгжлийн яаманд санал оруулна. Тиймээс улсын төсөвт оруулж, энэхүү асуудлыг заавал шийдвэрлүүлэх шаардлагатай.-Нүүрсээ тээвэрлээд ирдэг. Гэтэл үнсээ буцаагаад тээвэрлэхэд бас л зардал яригдах болно шүү дээ?
-Тодорхой хэмжээнийзардал гарна. Сүүлийн үеийн технологийг ашиглаж байгаа болохоор нүүрсний үнс бага гарах нь мэдээж. Одоогоор нүүрсээ буулгасан вогандоо буцааж тээвэрлэх замаар шийдэх төсөл яригдаж байна.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.