Эрчим хүчний сайд төвийн бүсэд ажиллалаа
Эрчим хүчний сайд М.Сономпил
2012.09.26

Эрчим хүчний сайд төвийн бүсэд ажиллалаа

Эрчим хүчний сайд М.Сономпил амралтын өдрүүдэд Говьсүмбэр, Орхон, Дархан-Уул аймагт ажиллаад ирлээ. Төвийн бүсийн эрчим хүчний салбарын 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэл 90 орчим хувьтай байгааг удирдлагууд нь сайдад танилцуулж байсан бөгөөд ирэх сарын эх гэхэд өвлийн горимын дагуу нүүрсний нөөцөө бүрдүүлэн бусад засварын ажлаа дуусгахаар төлөвлөөд байгаа аж.
Сайд М.Сономпил, эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудад ажиллахдаа, өөрсдийн дотоод зардлаа бууруулж ажиллахыг байнга сануулж байлаа. Цахилгаан түгээх сүлжээний зүгээс эрчим хүчний үнийг нэмэх саналаа, нүүрсний уурхайн зүгээс мөн нүүрсний үнийг нэмэх шаардлагатай гэсэн хүсэлтийг  гаргаж байсан. Өвлийн их ачааллын өмнө буюу энэ жилдээ үнэ нэмэх боломжгүй гэдгийг салбарын сайд хэлж явлаа. Харин салбарын төрийн өмчит үйлдвэр, компаниудын үйл ажиллагааны зардалд мониторинг хийж алдагдлыг бодитоор тооцдог байхыг яамны Төрийн нарийн бичгийн даргад үүрэг болгосноо хэллээ.
Эрчим хүчний үнийг айл өрхөд 84, үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд 88, уул уурхайн компаниудад 100 төгрөгөөр борлуулах тарифийг Эрчим хүчний зохицуулах хорооноос батлан мөрдөж байгаа. Тэгвэл уул уурхайн компаниудын тарифийг ирэх жилээс нэмэх боломжийг судлах хүсэлтийг яамнаас Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлээд байгаагаа сайд М.Сономпил хэллээ. Уул уурхайн компаниудын цахилгааны үнийг нэмснээр нэгэнт үйлдвэрлэсэн өртөгөөс хямд борлуулж буй алдагдлыг бууруулахад нэмэр болох бол айл өрхийн цахилгаан хэрэглээний тарифт өөрчлөлт орохгүй юм.
Орон нутагт ажилласан Эрчим хүчний сайд томилолтынхоо үеэр төвийн бүсийн эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудын удирдлагуудын танилцуулсан тулгамдсан асуудлын заримыг газар дээр нь шийдэж явлаа. Тухайлбал, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн 35 мВт-ын турбины өргөтгөлтэй холбогдуулан хийгдэх техник технологийн шинэчлэлд шаардлагатай 3 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж өгөхөөр болсноос гадна тус станцын ажилтнуудын орон сууцыг оршин суугчдад хувьчлах асуудлаар ТӨХ-нд хүсэлт гаргахаар болсон. Түүнчлэн М.Сономпил сайд “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” хувьцаат компанийн Данийн ЗГ-аас авахаар төлөвлөсөн 40 тэрбум төгрөгийн хүүгүй зээлийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос буцаагдаад байсанд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.