Ардчиллын түүчээ
УИХ-ын гишүүн Л.Болд
2017.05.02

Ардчиллын түүчээ

Нэр эрдэмтэн Лувсанвандангийн ууган хүү, 1989 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын түүчээ, 1992 оны Монголын ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан Ардын их хурлын депутатын нэг гээд УИХ-ын гишүүн Л.Болдыг чимэх тодотгол олон.

Түүхийн хуудсыг сөхвөл 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Монголын Ардчилсан Холбоо анхны цуглаанаа Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж, 90-100 орчим мянган хүн оролцоход 80-90 хувийг оюутнууд бүрдүүлжээ. Нэг намын үзэл суртлыг халж, иргэний эрх, эрх чөлөөгөө олж авахаар эхлүүлсэн ардчилсан хувьсгалын гол хүч нь оюутнууд байсныг, түүчээ нь Монголын оюутны холбооны орлогч дарга Л.Болд байсныг судлаачид хүлээн зөвшөөрдөг.

Харин тэрбээр цагаан морин жилийн хувьсгалын тухай хожмоо“1989 оны Ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд Монголын оюутнууд явж байсан юм. Энэ түүхийг мартаж, мартагнуулж болохгүй. Өнөөдөр тэд маань 40 гаруй настай, өөрсдийн хийсэн хувьсгалын үйл хэргийг гүйцээхээр, нийгмийн гол ачааг үүрч яваа. Монголын Ардчилсан хувьсгалыг дөрвөн хүч голлон хөдөлгөж байсны нэг нь Монголын Оюутны холбоо юм. Тухайн үеийн оюутнууд дарга цэрэг, намын зүтгэлтэн, малчны, ажилчны хүүхэд гэсэн ялгаа зааггүйгээр, улс төрийн цанхаа, шуналгүйгээр, цэвэр сэтгэл зүрхний дуудлагаар, шинэчлэл, дэвшлийг хүсэж, Ардчилсан хувьсгалд оролцсон юм” гэж дурссан нь бий. Мөн тэрбээр оюутны энэхүү хувьсгалыг “Ардчиллын түрлэг” ч гэж тодотгодог.

Ардчилсан хувьсгалын үр дүнд монголчууд хаалттай нийгмээс нээлттэй нийгэмд тайван замаар шилжиж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, иргэн бүр өмчтэй байх, газартай байхаас эхлээд олон эрхээ баталгаажуулж чадсан юм.

УИХ-д өнөөдөр Ардчилсан намаас есөн гишүүн сууж байгаагийн нэг нь Л.Болд юм. 1992 оны Ардын их хурлын депутатаар сонгогдсоноос хойш УИХ-д гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд олон хууль санаачлан батлуулснаас онцлох нэг хууль бол УИХ-ын сонгуулийн тогтолцоонд холимог тогтолцоог оруулж ирсэн явдал.

2008-2012 оны парламент УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлахдаа 76 гишүүний 48 нь тойргоос, 28 нь намын листээр сонгогдох тогтолцоог хуулиар баталгаажуулсан нь Монголын хувьд цоо шинэ үзэгдэл байв. Үр дүнд нь дөрвөн намын төлөөллөөс бүрдсэн УИХ байгуулагдсан. Парламент жалга довны үзлээс салж, улсын томоохон бодлогыг хэлэлцэж, эхэлсэн нь сонгуулийн холимог тогтолцоотой холбоотой байлаа. Харамсалтай нь, холимог тогтолцоо ердөө дөрвөн жил насалсан юм.

Ардчилсан нам эрх барих үедээ Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах шийдлийг гаргаснаар жижиг 76 тойрог эргэн ирсэн.

Өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуульд зөвхөн нэг нам дангаараа шахам 65 суудал авсан нь сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөн нь нөлөөлсөн болохыг Ардчилсан намын гишүүд өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг. Сонгогдсон түшээд нь ч өнөөдөр тойрог хэт жижиг болсны зовлонг эдэлж суугаа.

Одоо Л.Болд гишүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхийн тулд намдаа бүртгүүллээ. Гэхдээ энэ нь Ардчилсан намыг төлөөлөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөх эрхийг олж авсан гэсэн үг биш, нийт гишүүдийнх нь санал шийднэ.

Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ бүртгүүлсэн нэр дэвшигчид дундаа бол ардчиллын үнэт зүйлийг эрхэмлэх ёстойг цаг ямагт сануулж, ирсэн нэгэн. Нам нь эрх барих үед ч цөөнх болсон үед ч хүний эрхийг дээдлэхийг сануулж байв.

Монголын улс төрийн тогоонд 20 гаруй жил “чанагдахдаа” тэрбээр Батлан хамгаалахын сайд, Гадаад хэргийн сайдаар тус бүр ажиллажээ.

Мөн энэ хугацаанд улс төрөөс түр завсарлага авахад бизнес ч эрхэлж үзсэн.

Анхны бизнес нь “Бодь” хоршоог байгуулж, “Siemens”-ээс компьютер зээлээр оруулж ирснээр эхэлсэн түүхтэй.  Дараа нь найз нартайгаа хамтран “Бодь” групп болгож, өргөжүүлсэн.

1995 онд “Голомт” банк байгуулагдахад үүсгэн байгуулагчийнх нь нэг нь болжээ. Гэвч 10 гаруй жилийн дараа үүсгэн байгуулагчдын дунд үл ойлголцол үүссэнээр Л.Болд өрх тусгаарлах шийдвэр гаргасан юм.

Нэгэн үе хэвлэлийн ч магнат, бизнесийн ч магнат явсан түүх бүдгэрч улс төрийнх нөлөө илүү тодорч байгаа гэж хэлж болно.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1979 онд Нийслэлийн 10 жилийн 23 дугаар дунд сургууль
  • 1983 онд ХБНГУ-ын Бернаугийн Yйлдвэрчний Эвлэлийн Хөдөлмөрийн дээд сургууль тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1983-1984 онд Багануурын Үйлдвэрчний Эвлэлийн Зөвлөлийн зааварлагч
  • 1984-1989 онд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв зөвлөлд зааварлагч
  • 1989-1991 онд Монголын оюутны холбооны орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн
  • 1992-1993 онд Дэлхийн Монгол туургатан оюутан, залуучуудын төвийн тэргүүн
  • 1993-1996 онд 'Бодь интернэшнл' группын ерөнхийлөгч
  • 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих түр хорооны дарга
  • 1999-2000 онд Олон Улсын Парламентын холбооны гүйцэтгэх хорооны гишүүн, Олон Улсын Парламентын холбооны Ази- Номхон далайн бүсийн дарга
  • 2000-2004 онд Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
  • 2000-2005 онд Монголын банкны холбооны ерөнхийлөгч
  • 2004-2008 онд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

  • 2005 онд Алтангадас одон
  • 2005 онд ХБНГУ-ын Гавьяаны загалмайн одон
  • 2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
  • 2011 онд Цэргийн гавьяаны улаан тугийн одон
  • 2011 онд Украйн Улсын Ярослав хааны 2-р зэргийн одон

ГАДААД ХЭЛ

  • Англи
  • Орос
  • Герман
  • Франц

ЦАХИМ ШУУДАН