УИХ-ын гишүүн Н.Учрал багш нарын цалинг нэмэхийг уриаллаа
2017.08.25

УИХ-ын гишүүн Н.Учрал багш нарын цалинг нэмэхийг уриаллаа

УИХ-ын гишүүн Н.Учрал өчигдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 24-нд “Багшийн цалинг нэмэгдүүлэх” түр хорооны гишүүдтэй уулзалт хийсэн билээ. Багшийн хөгжлийн тухай хуулийг санаачлагчийн хувиар тэднийг хуулийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт оруулж ажиллахаар болжээ.

Тэрээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон УИХ-ын бусад гишүүдэд багшийн цалинг нэмэгдүүлэх дэмжлэг хүсч, уриалга гаргалаа.

Уриалгадаа: “Монгол Улсын гэрэлт ирээдүйг баталгаажуулах, боловсрол, мэдлэгтэй, зөв хандлагатай иргэний нийгмийг цогцлоох чухал үндэс болсон эрдэм, мэдлэгийг түгээгч багш нарын ажил хөдөлмөрийн нөхцөл байдал болон цалин урамшуулал нь хангалтгүй байгаа гэдэгтэй миний бие санал нэг байна. “Багшийн цалинг нэмэгдүүлэх” түр хорооноос Монгол Улсын Засгийн газарт хүргүүлээд байгаа албан шаардлагыг миний бие зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлж байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Н.Учрал Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг 2017 оны 6 дугаар сарын 15-нд өргөн мэдүүлсэн боловч УИХ дахь Ардчилсан бүлэг завсарлага авч, хуулийн хэлэлцүүлэг хойшлогдсон бөгөөд намрын чуулганаар хэлэлцэх юм.