БОАЖ-ЫН САЙД Д.ОЮУНХОРОЛ АЛТНЫ КОМПАНИУДАД ХИЙСЭН ШАЛТГАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДЭД ӨГЛӨӨ
2017.08.18

БОАЖ-ЫН САЙД Д.ОЮУНХОРОЛ АЛТНЫ КОМПАНИУДАД ХИЙСЭН ШАЛТГАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДЭД ӨГЛӨӨ

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол болон БОАЖЯ-ны газар, хэлтсийн дарга нар гол мөрнийг бохирдуулах, байгаль орчинд хохирол учруулах зэрэг зөрчил гарган ашигт малтмалын олборлолт явуулж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Өнгөрсөн долоодугаар сар болон энэ сарын эхэнд БОАЖЯ-ны газар, хэлтсийн дарга нараар ахлуулсан ажлын хэсгийнхэн Архангай аймгийн Цэнхэр, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Дархан-Уул аймгийн Шарын гол, Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт алт олборлож байгаа компаниудын үйл ажиллагаанд шалгалт хийсэн юм.

Шалгалтын дүнг танилцуулсантай холбоотойгоор Засгийн газрын “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын хэрэгжилтийг бүрэн хангуулах, эвдэрсэн газрын тооллого хийх талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт Ерөнхий сайд үүрэг болголоо.

Мөн дээрх аймгуудын нутаг дэвсгэрт хуулиар хориглосон ойн сан болон усан сан бүхий газарт хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулж буй иргэн, хуулийн этгээдийг албадан нүүлгэх арга хэмжээ авахыг эдгээр аймгийн Засаг дарга нарт үүрэг болгож, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт хууль бусаар алт олборлон байгаль орчинд ихээхэн хэмжээний хохирол учруулсан “Рич Мөнх” ХХК-тай холбоотой зөрчлийг хуулийн хүрээнд шийдвэрлэх, байгаль орчинд учирсан хохирлыг бүрэн тооцож, нөхөн төлүүлэхээр боллоо.