Ерөнхийлөгчийн эрх хэмжээ хэрхэн өөрчлөгдөх вэ?
УИХ-ын даргын 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 78 дугаар захирамжаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг Зөвлөлдөх санал асуулга явуулсны үр дүнд 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж өргөн мэдүүлээд байна.
Шинэ Ерөнхийлөгч томилогдсонтой холбогдуулан уг нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгосон гэж хуулийн санаачлагчийн тайлбарлаж буй өөрчлөлтийг толилуулж байна.
Ерөнхийлөгч хоёр тохиолдолд УИХ-ыг тараах шийдвэр гаргана
Одоогийн заалт
Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно.
Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ эдэлнэ.
/Үндсэн хуулийн 22,2 дахь хэсэг/
Өөрчлөлт
- УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэн
- УИХ-ын анхдугаар чуулган хуралдсанаас хойш 30 хоног, Ерөнхий сайдын бүрэн эрх дуусгавар болсноос хойш 21 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргана.
Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл УИХ бүрэн эрхээ эдэлнэ.
Улсын дээд шүүхийн шүүгчийг томилох бус батламжилна
Одоогийн заалт
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно.
/Үндсэн хуулийн 51,2 дахь хэсэг/
Өөрчлөлт
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохоор Улсын Их Хуралд танилцуулж дэмжсэнийг, бусад шүүхийн шүүгчийг томилохоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосныг Ерөнхийлөгч 72 цагийн дотор батламжилна. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас шүүгчдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар сонгоно. Энэхүү шийдвэрийг Ерөнхийлөгч 72 цагийн дотор батламжилна.
Засгийн газарт чиглэл өгөхгүй
Одоогийн заалт
Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
/Үндсэн хуулийн 33,3,3 дахь заалт/
Өөрчлөлт
Энэ заалтыг хүчингүй болсонд тооцсугай.