Шүүхийн шийдвэрийг мэдээлэх нь “нийтийн ой санамж” бий болгох ач холбогдолтой
2012.02.16

Шүүхийн шийдвэрийг мэдээлэх нь “нийтийн ой санамж” бий болгох ач холбогдолтой

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хоёрдугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн мэдүүлсэн шүүхийн шинэчлэлтэй холбоотой багц хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдааны эхэнд Шүүхийн тухай хуулийн төсөл болон Шүүхийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн бөгөөд энэ үеэр Р.Гончигдорж гишүүн найруулгын чанартай хоёр санал хэлсний дараа Ж.Сүхбаатар гишүүн Прокурорын байгууллагын хуультай, тухайлбал, прокурор эсэргүүцэл бичихтэй холбоотойгоор хуульд оруулж буй зарчмын өөрчлөлтийн талаар лавлан асуусан юм.Энэ асуултанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх П.Цагааны хариулснаар бол уг хуульд прокурорын зарим эрхийг хязгаарлаж прокурорууд шат шатандаа ахин дахин эсэргүүцэл бичиж нэг тал нь давуу эрх эдлэхийг хязгаарлан, давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичвэл зөвхөн Улсын Ерөнхий прокурор бичих заалт оруулж байгаа аж.

Энэ асуудлыг тодруулсны дараа Шүүхийн тухай хуулийн төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг олонхийн саналаар дэмжсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд тус хорооны дарга Д.Одбаяр танилцуулахаар болов.Үүний дараа Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийх үеэр уг хуулийн 41-р зүйлд байгаа шүүгчийн хараат бус байдал алдагдахад хүлээлгэх хариуцлагатай холбоотой “Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлана” гэсэн заалтын талаар Ж.Сүхбаатар гишүүн “Мэдээж, олон нийт мэдэх ёстой байх л даа, гэхдээ ОНМХ-ээр зарлах нь хариуцлага болж чадах уу? Олон нийтэд мэдээлэх нь чухал болохоос зарлах нь чухал биш байх.

Энэ заавал байх ёстой зүйл үү, торгоод явбал яасан юм бэ?” хэмээн эргэлзэж байгаагаа илэрхийллээ.Үүний хариуд П.Цагаан зөвлөх шүүхийн бие даасан байдал болон шүүгчийн хараат бус байдалтай холбоотойгоор өнөөгийн мэдээлэлжсэн нийгэмд шүүхийн процесссыг ил болгохын тулд ийм заалт оруулснаа тайлбарлалаа.

Түүний өгүүлснээр бол шүүгч нэгэнт шийдвэр гаргасан бол олон нийтэд ил тод мэдээлэх нь ёсзүй, хүмүүжлийн талаасаа нөлөөтэйн дээр “нийтийн ой санамж” гэдэг юм бий болгох зорилгоор шүүхээс авсан арга хэмжээ, хүлээлгэсэн хариуцлагын талаар нийтэд мэдээлж байх нь зүйтэй гэсэн зарчим баримталж байгаа аж.Байнгын хорооны гишүүд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл дээр найруулгын шинжтэй таван асуудлаар санал хураалт явуулан уг төслийг дэмжсэнээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн сүүлчийн асуудал нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Өмгөөллийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хуульч сонгон шалгаруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд байсан бөгөөд энэхүү багц төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр хяналтын шатны шүүхийн шүүгчид тавих шаардлагын талаар гишүүд нухацтай хэлэлцсэн юм.

Хяналтын шатны шүүхийн шүүгч “давж заалдах шатны шүүхэд 5-аас доошгүй жил ажилласан, эсэхүл өмгөөлөгч, прокуророор болон Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хуулийн сургуульд 10-аас доошгүй жил багшилсан байх” шаардлагын тухай лавласан гишүүдийн асуултанд Х.Тэмүүжин гишүүн:-Шүүгчийн хариуцлагатай холбоотой асуудал тул хүний эрх гэдэг үгээр халхавчлан хаа нэгтээ ажиллаж байгаад дур дураараа дээшээ ахидаг байж таарахгүй, шүүхийн карьер танил талаараа явах ёсгүй, ядаж хяналтын шатны шүүхэд ажиллаж байж дээшээ явна. Энд тэнд ажил зэрэмдэглэсэн хүмүүс бус их сургуульд 10 жил ажилласан хүн мэргэшсэн байх тул түүнд боломж олгоно гэсэн зарчим баримталж байгаа хэмээн тайлбарласан юм.

Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүн, улс төрийн намын даргын албан тушаал хашиж байсан хүнийг УДШ-ийн шүүгчээр томилохыг хориглох заалтыг төсөлд оруулж байгаа аж. Энэ тухайд Х.Тэмүүжин гишүүн “Шүүгч хийж байгаад УИХ-ын гишүүн болчихоор мэргэжлээрээ ажилласанд тооцогдож дээрх томилгооны болзлыг хангах гээд байгаа тул УДШ-ээс бусад шатны шүүхэд томилогдохыг нь нээлттэй болгож байгаа” хэмээн тайлбарласан юм.

Ийнхүү Хуульчийн эрхзүйн байдлын тухай болон холбогдох хуулиудын төслийг хэлэлцсэний эцэст найруулгын чанартай хэд хэдэн өөрчлөлтөөр санал хураахад Байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжсэнээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин гишүүн танилцуулахаар болов.Хуралдааныг төгсгөлд УИХ дахь хоёр намын бүлгээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, шалгах Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Жекейгээр ахлуулан Р.Гончигдорж, Д.Оюунхорол, Х.Тэмүүжин нарын гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсныг Байнгын хорооны дарга Д.Одбаяр мэдэгдлээ.  

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.