П.Бадарч: Д.Оюунхорол ба төгс төгөлдрийн тухайтад
2012.06.12

П.Бадарч: Д.Оюунхорол ба төгс төгөлдрийн тухайтад

Эгэл жирийн хөдөөх бор охин, эрдэм боловсрол, оюун мэдлэг, хүнлэг сайн чанар, үнэнд тэмүүлэх итгэл үнэмшлийг эзэмдэж чадаад бас түүнд тэмүүлэх хүслээр жигүүрлэн монгол төрийг түшилцэж яваа нь энгийн мэт харагдавч төгс төгөлдөрт тэмүүлсэн энгүшил бус юм. Д.Оюунхорол нэгэнтээ «Монгол төрд хаан ухаан, хатан ухаан хасаг тэрэгний хоёр арал мэт хослох учиртай» гэсэн нь юутай үнэн үг вэ?


«Та тэнгэр болбоос хамуг Монголын хаан төрийг хэн залгамжлах вэ?» хэмээн Есүй хатан зориг ухаан зарж, Чингис хаанд айлтгасан нь төр түшилцсэн хатан ухаан билээ. Д.Оюунхоролоос эмэгтэйлэг чанарыг олж харахад хэцүү гэлцэх нь бий Магадгүй хүчирхэг эмэгтэй гэдэг алдаршлаас нь болдог юм болов уу. Гэвч ойр дөт танилцаж ярилцахуйд энэ чинь эмэгтэй, эх юм уу гэх бодол аяндаа төрдөг. Д.Оюунхорол, ээжийнхээ дэргэд байхдаа хайр энэрлээр ширтэн, өхөөрдөөд л байгаа юм шиг ямагт сайхан инээмсэглэж байхыг нь би олонтаа харж ажигласан юм. Төр түшилцэж яваа зарим бүсгүйг «төмөр хатагтай» гэх нь сонсогддог. Огт зохиогүй нэршил. Миний л уншсан түмэн номын хуудсанд бүсгүй хүнийг ийнхүү тодорхойлсон нь огт тааралдаагүй юм байна. Лав л Д.Оюунхоролд огт зохихгүй. бусдад нь хэрхэхийг би яахан мэднэ. Зах зээлийн гэгдэх шинэ нийгмийн эхэн цаг дор бүх монголчууд наймаа худалдаа эрхэлж ёстой л зах зээлдэж гарсан. Харин Д.Оюунхорол эх хүний энэрэнгүй сэтгэл, багш хүний оюунлаг ухаан сойлж, Отгонтэнгэр их сургуулиа байгуулсан нь эрдэм боловсролтой залуу үе Монголын гэрэлт ирээдүй гэдгийг олж харж чадсан нь үнэхээр бахархмаар. Өнөөдөр «Отгонтэнгэр»-ээр овоглосон таван мянган залуу сэхээтэн Монголын их хээр тал, Хэнтий Хангай саянаар гэгээрлийн дэнлүү барин гүйлдэж явна. Нөгөөх соёлын үрийг тарина гэдэг чинь энэ буюу. «Эгшин зуурын гэрэлд элин галавын харанхуй арилна», «Харанхуй биегүй, харин гэрэл бол биет» хэмээн мэргэд айлдсан нь зөвхөн дэнлүүний тухай бус эрдэм мэдлэгийн гэгээрлийг бэлгэдсэн нь болой. Д.Оюунхорол үүнийг олж харсан.

 

«Үнэнд ойрхон, зөв амьдрахсан, зорилгодоо хүрэхсэн» энэ үг Д.Оюунхоролын баримталдаг зарчим нь шиг байгаа юм. Аливаа юманд няхуур нямбай, төгс төгөлдрийг эрхэмлэдэг чанар Д.Оюунхоролд буй Төрийн болон төрийн бус олон байгууллага, холбоодод өндөр зиндааны сонгуультай! Мэдээж бүсгүй хүнд ахадсан ачаа Түүнд түүртээгүй, түмэн сайн үгийг дуулж яваа нь харин «төмөр» бус «хүчирхэг» эмэгтэй гэдэг алдаршлыг олсон буй заа. Энэ нь эмэгтэй хүнд төдийлөн зохиогүй ч ажиллах чадвар ухаан Мэдлэг, харилцааны соёлыг нь үнэлсэн үнэлгээ биз ээ. Өөрийн «би»-г олоогүй хүн бусдын «би»-г олЖ харахгүй гэдэг. Энэ нь олон түмэнтэйгээ ойр дөт байж, тэдэнтэйгээ жаргалаа байтугай зовлонгоо ч хуваалцана гэсэн санаа. Энэхүү эрхэм чанарыг Д.Оюунхоролоос ангид үзэх аргагүй. Бүх сайн сайхан юм чамаас өөрөөс чинь эхэлнэ гэсэн үг байдаг Энэ ану төгс төгөлдөрт хүрдэггүй юм аа гэхэд төгс төгөлдөрт тэмүүлэх чадавхийн томьёолол юм. Аугаа их Сократ «Хүн болгонд нар бий, харин түүнийхээ гэрэлтэх боломжийг олго!» гэж айлдсан. Үнэхээр гэгээрлийн зөв зам мөрийг сонгосон хүнд өөрийн чанаху сэтгэлийн нар буй нь үнэн юм. Тэр нь зөвхөн өөрийгөө бус өргөн олон хүнийг гэрэлтүүлж байвал нэн сайн. Энэ үгийг би Отгонтэнгэр сургуультай нь холбон хэлж байна. Миний бурханчлан шүтдэг аугаа суу билэгтэн бол Аристотель. Тэр бол оюун ухааны том нар. Тэрээр урлаг болоод яруу найргийг «Мимясис» гэж хэлсэн. Энэ нь амьдралаас эхтэйн учир «дуурайхуй» юм гэсэн санаа. Энэ үгийг юунд ишлэв гэвээс уран бүтээлч ч бай, улстөрийн зүтгэлтэн ч бай амьдралын өргөн мэдлэг олж, өөрөөр хэлбэл, ард түмнийхээ дунд бай гэсэн зөвлөгөө. Д.Оюунхоролд ийм сэтгэл, чадавхи бий. Тиймдээ ч УИХ-ын гишүүнээр хоёронтоо сонгогдсон буй заа. УИХ-д эдүгээ гуравхан эмэгтэй бий! Нэг нь Д.Оюунхорол. Ард түмний дунд байж зовлон жаргалыг нь хуваалцаж, тэдэндээ хайр халамж энэрлээр хандаж, зөв шударга явсных нь үр дүн биз ээ. 2004 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихэд нь МАХН Д.Оюунхоролыг намаасаа хассан. Одоо би боддог юм.

 

Нам нь Д.Оюунхоролыг хассан юм уу, аль эсвэл Д.Оюунхорол тэр үеийн зарим удирдагчаас болж намаас хассан эсэхийн учрыг одоо болтол ялгадаггүй юм. Энэ бол хошигнол бус гашуун үнэн юм. Аристотель «Улстөр» гэдэг номондоо «Улстөр бол судлах зүйлийнхээ хүрээнд, тодорхой утгаараа «Ёс зүй»-гээсээ явцуу юм» гэжээ. Дээрх үйл явдлыг үүнээс илүү хэрхэн тайлбарлах билээ. Энгийн утгаараа бол иргэний сонгогдох эрхийг санаатайгаар боомшиж буй нь ердөө л шалдан инээдэм юм. Үүнд Д.Оюунхорол огтхон ч ажраагүй нь нөгөө хүчирхэг эмэгтэйн шинж буй заа. Би энэ бяцхан хөрөгтөө Д.Оюунхоролын олон талт үйл ажиллагаа, авсан бас өгсөн алдар шагнал хийгээд бусдад үзүүлсэн урам дэмийг үл дурдав. Тэр бүхэн нь алганы хээ мэт төр, түмний нүдэнд тов тодорхой учир билээ. Аристотель: Төр улсыг «Улстөрийн тодорхой байгууламжийг ашиглаж буй иргэдийн хамтран амьдрах хэлбэр» хэмээн нотолсон билээ. Мэдээж үүнд манлайлагч байх нь гарцаагүй Д.Оюунхоролын хэлсэнчлэн тэр нь үнэнд ойрхон, зөв, ёс зүйт хүмүүн байх ёстой! Суут сэтгэгч нэгэнтээ «Энэ хорвоод төгс төгөлдөр эр хүнээс, төгс төгөлдөр бүсгүй хүн аль ч талаараа хамаагүй илүү юм. Даанч тийм эмэгтэй тун цөөхөн байдаг нь харамсалтай» хэмээжээ. Тэр цөөхөн эмэгтэйн нэг нь Д.Оюунхорол минь байгаасай! Тийм ч биз ээ.

Эх сурвалж:Өглөөний сонин

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.