Үзэсгэлэн, худалдаанаас олсон орлогоо байгаль хамгаалах үйлсдээ зарцуулна
Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулган”-ыг угтсан “Байгальд ээлтэй бүтээгдэхүүн-2017” үзэсгэлэн худалдааны нээлт Сүхбаатарын талбайд боллоо.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол үзэсгэлэн худалдааг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдрийн энэхүү үзэсгэлэн худалдааг зохион байгуулахад хамтран ажилласан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Нөхөрлөлүүдийн үндэсний холбоо болон үйл ажиллагааг ивээн тэтгэсэн олон улсын байгууллагууд, төслүүдийн хамт олонд гүн талархлаа илэрхийлье. Энэхүү үзэсгэлэн худалдаагаар бид нөхөрлөлүүдийнхээ үйл ажиллагааг сурталчилахаас гадна, харилцан бие биенээсээ суралцах, туршлагаа солицох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг нь олгож байгаа юм. Мөн нийслэлчүүддээ байгалийн цэвэр бүтээгдэхүүнээ сурталчилан таниулж, борлуулж ашиг орлогоо нэмэгдүүлэх үүд хаалгийг нь нээж байгаадаа баяртай байна” хэмээлээ.
Үзэсгэлэн худалдааны хүндэт зочдоор УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, НҮБХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Кэвин Д.Галлархер, Нөхөрлөлүүдийн үндэсний холбооны тэргүүн Д.Гансэлэм, Увс аймгийн Бөхмөрөн сумын “Ацат хар” нөхөрлөлийн ахлагч Б.Даваасамбуу нар уригдан ирж, нөхөрлөлүүдийн үндэсний холбооны гишүүдэд баяр хүргэж, үг хэлсэн юм. Үзэсгэлэнд 21 аймгийн 170 гаруй сумын Засаг дарга нар, 1690 гаруй нөхөрлөлийн 800 гаруй төлөөлөгчид оролцсон юм. Энэ үеэр Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн урласан олон төрлийн бүтээгдэхүүнийг худалдаанд гаргасан бөгөөд байгалийн цэвэр бүтээгдэхүүнүүдээ олон нйитэд сурталчилан танилцуулж, борлуулан ашиг орлогоо нэмэгдүүлж байгаадаа оролцогчид сэтгэл хангалуун байгаагаа салбарын сайддаа илэрхийлж, олсон орлогоо байгаль хамгаалах цаашдын үйлсэд зориулна гэдгээ оролцогчид хэлж байлаа.
Ургаа модыг огтлохгүйгээр ойд унасан болон хатсан мод, хожуул, мөчир гишүү, навч боргоцойг ашиглан хичнээн олон төрлийн бүтээгдэхүүнийг урлаж, амьдрал ахуйдаа хэрэглэх боломжтойг энэхүү үзэсгэлэн худалдаанаас харах боломжтойгоос гадна байгалийн цэвэр бүтээгдэхүүнүүдийг худалдаж авах боломжтой юм байна. Үзэсгэлэн өнөөдөр, маргааш 2 өдөр Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.