Д.Оюунхорол:Эмэгтэйчүүдийн хүч боломж бололцоог ашиглах хэрэгтэй байна
2012.01.16

Д.Оюунхорол:Эмэгтэйчүүдийн хүч боломж бололцоог ашиглах хэрэгтэй байна

Шинжлэх ухааны салбарын эмэгтэй эрдэмтдийн анхдугаар чуулган боллоо.Энэ үеэр УИХ-ын гишүүн Д. Оюунхоролын сэтгэгдлийг сонссон юм.

-Монголын шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа эмэгтэй эрдэмтдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Нийт шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүд 63 хүртэлх хувийг эзэлж байгаа нь эмэгтэй эрдэмтдийн маань хувь нэмэгдэж, эмэгтэйчүүдийн нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг өсөж буй нь статистик тооноос харагдаж байна. Шинжлэх ухааны үр өгөөж, нэр хүндийг өнөөгийн нийгэм, олонд сурталчлан таниулахад онцгой анхаарах шаардлага байна. Судалгааныхаа ажлыг маш олон жил хийсэн эмэгтэй эрдэмтэд маань хөрөнгө мөнгөний санхүүжилтгүйн улмаас үйлдвэрлэлд нэвтрүүлж чадахгүй байгаа нь харамсалтай. Төрд дуу хоолойгоо хүргэж бодит ажил болгож хатан ухаанаар оролцох оролцоо дутагдалтай байна гэдгийг тодруулж өгөөч гэсэн чиг хандлагыг ярьж байна. Шинжлэх ухааныг хөгжүүлж байж оюуны багтаамж өндөртэй шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж шинэ үйлчилгээг бий болгож улс орон маань хөгжих учиртай. Бид хангалуун сайхан амьдрахын тулд мэдлэгт суурилсан эдийн засгийн бодлогыг хөгжүүлэхэд эмэгтэй эрдэмтдийг хүчийг ашиглах шаардлага байна гэж үзэж байгаа юм. Шинжлэх ухааныг дорвитой хөгжүүлж чадахгүй байгаа гол үндэс шалтгаануудын талаар хуралд оролцсон олон эмэгтэй ярьж байна. Санхүүжилт, хөрөнгө дутагдалтай байгаагаас тэдний хийсэн судалгаа, бүтээл ажил хэрэг болж чадахгүй тухайгаа ч дурсаж байна. Шинжлэх ухаанаа хөгжүүлж байж Монгол Улс хөгжинө. Тийм учраас санхүүжилтийг эрс нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг дээр санал нэгтэй байна. УИХ улсын төсвийг хэлэлцэх үед шинжлэх ухааны салбарт зарцуулах хөрөнгийг ядаж хуулийн хэмжээнд нь хүртэл тултал өгөх шаардлага байдаг.  Өнөөдөр  улсын төсвийн 1,5 хувийг өгнө гэж ярьдаг боловч зарим тал дээр тэр төсвийг танах алдааг засмаар байна.

 

Өөрийн орны эрдэмтдийн бий болгосон эх орны түүхий эдийг ашиглан импорт орлох экспортод чиглэсэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх ажлыг манай эрдэмтэд олноор бэлдсэн гэж ярьж байгааг сонсоход бахархахгүй байх аргагүй юм. Эрдэмтэн, инженер эмэгтэйчүүдийн бүтээлийг нийгэм, олон нийтэд. таниулах, хуримтлагдсан мэдлэгийг нь баялаг болгох, бусад орны эрдэмтэдтэй холбоо тогтооход хамтран ажиллана гэж бодож байна. Монгол Улсын шинжлэх ухааны салбарт нэр хүндтэй ажиллаж- байгаа хийсэн бүтээснээрээ нийгэмд танигдсан гайхамшигтай олон сайхан эмэгтэйчүүд байдаг, бид тэднээрээ бахархдаг. Харин эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг үнэлэх үнэлгээ төрийн зүгээс бага байгаа талаар манай эмэгтэйчүүд их ярьж байна. Насаараа эрдэм шинжилгээний байгууллагад ажиллаад тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүд төрд ажлаа үнэлүүлж чадахгүй байгаа тухайгаа ч хэллээ. Монголчууд түүхэн уламжлалаараа хаан ухаанд түшиглэсэн бодлогоор явдаг. Үүнийг бүхэлд нь дэмжиж хамтран ажиллаж үр дүн гаргахын тулд эмэгтэйчүүдийн хүч, боломж, бололцоог ашиглаж үнэхээр хатан ухаанаар олж хардаг чанарыг нь аваасай гэж бодож байна. Парламентад нэр дэвшигчдийн 20-н хувь нь эмэгтэй байх ёстой гээд хууль эрх зүйн орчноороо боломжуудыг бид бий болгож өгснөөр амьдралд хэрэглэж, хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Ингэж чадвал аймаг, нийслэл, дүүрэг; багт нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг хуульчлаад заагаад өгснөөр нэр дэвшүүлэх хэрэгтэй байна. Шийдвэр гаргаж, бодлого боловсруулах түвшинд ажиллах эмэгтэйчүүдийг яаж гаргаж ирэх вэ. Даргыг заавал эрэгтэйчүүд хийдэг биш тодорхой түвшний албан тушаалыг эмэгтэйчүүд хийж ачаагаа үүрэлцэж бодлого боловсруулахад арай илүү оролцъё гэж л хуульчилсан байгаа. Үүнийг бүх шатанд ажиллаж байгаа эрэгтэй дарга нар хэрэгжүүлэх л шаардлагатай байна.

-Квотыг хуульчлахгүйгээр эмэгтэйчүүд эрх мэдлийг авах боломж байна уу?

-Иймэрхүү боломжоор явсаар байгаа дэлхийн 140 оронд квотын зарчмыг хэрэгжүүлж эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлсэн туршлага байна. Манайх шиг эрчүүд давамгайлсан улс төрийн бодлоготой улс оронд жендерийн тушаалыг хангах хэрэгжүүлэх үйл явцыг харин манай эрчүүд сайн хийж байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.