“Монголын цахиурын хөндий” төслийг дэмжинэ
2017.04.20

“Монголын цахиурын хөндий” төслийг дэмжинэ

УИХ-ын гишүүн Л.Болдын тэргүүлдэг “Шинэ Монголын төлөө Санаачилга” байгууллагаас Монгол Улсыг олон улсын тавцанд сурталчилж, харилцаа, хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр АНУ-д цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ.

Энэ хүрээнд Вашингтон хотноо сансар судлалыг хөгжиж буй орнуудад эрчимжүүлэх чиглэлээр санал солилцох уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг арга хэмжээний хүндэт зочноор Америкийн алдарт сансрын нисэгч, доктор Базз Олдрин оролцжээ. Базз Олдрин нь 1969 онд “Аполло 11” хөлгөөр саран дээр бууж багийн командлагч Нил Армстронгийн хамт саран дээр хөл тавьсан одоо хүртэл амьд сэрүүн байгаа цор ганц хүн юм.

Space2

Тэрээр олон жил НАСА-д сансрын нисэгч, инженерээр ажилласны дараа Флоридагийн Технологийн Их сургуулийн дэргэд Сансрын Институти байгуулан сансар судлал, Ангараг гарагийн судалгааны чиглэлээр ажиллаж байгаа ажээ.  Түүний бодит амьдралаас сэдэвлэн холливудын хамгийн алдартай анимейшн кинонуудын нэг болох “Тоглоомын түүх (Toy story)” киноны гол дүр, сансрын зоригт баатар Баззын дүрийг бүтээсэн гэдэг.

“Шинэ Монголын төлөө Санаачилга”-ын тэргүүн Л.Болд хэлсэн үгэндээ 36 жилийн өмнө Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаа “Союз 39” хөлгөөр сансарт ниссэн үйл явдал нь Монгол Улсын хөгжилд томоохон түлхэц болж олон арван жил залуу үеийн үлгэр дуурайл болж ирсэнийг дурдаад өнөөгийн шинэ зуунд Монгол хүн, манай залуус дахин сансарт нисч Монгол улс сансар судлалын хамгийн орчин үеийн ололт дэвшлийг эзэмшихийн төлөө манай байгууллага тодорхой ажил санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэжээ.

University

Доктор Базз Олдрин түүний санааг тодотгон “Монгол Улс сансрын дараагийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх санал, санаачилга гаргаж буйг талархан хүлээн авч ноён Л.Болдтой санал солилцлоо. Манай Сансрын институт энэ чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна“ хэмээн хэлжээ.

Ирэх зургадугаар сард ноён Базз Олдрин Монголд айлчлан ирж талууд хамтын ажиллагааныхаа төлөвлөгөөг нарийвчлан боловсруулахаар болсон байна. Юутай ч улс орон эдийн засгийн хямрал, өдөр тутмын асуудлууддаа түүртэж буй энэ өдрүүдэд ирээдүйг харсан нэгэн сонирхолтой төсөл хэрэгжихээр болж байна.

Мөн арга хэмжээний үеэр “Шинэ Монголын төлөө Санаачилга”-ын зүгээс ажил, амьдралынхаа түүхээр залуу хойч үеийг үлгэрлэн дагуулж, урам зориг өгсөн хувь хүмүүст олгож байх “Бахархалт үйлстэн” өргөмжлөлийг ноён Базз Олдринд гардуулжээ.

“Монголын цахиурын хөндий” төслийг дэмжинэ

АНУ-ын парламентын доод танхим буюу Төлөөлөгчдийн танхимын спикерээр 2007-2011 онд ажилласан Нэнси Пелоси нь тус улсын түүхэн дэх хамгийн өндөр улс төрийн албан тушаалд сонгогдсон эмэгтэй юм. Тэрээр одоо Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын бүлгийн даргаар ажилладаг.

NancyPelosi

Хатагтай Н.Пелоси УИХ-ын гишүүн Л.Болдыг урьж уулзах үеэрээ Монгол-Америкийн харилцаа, монгол дахь ардчиллын төлөв байдал зэрэг олон асуудлаар нээлттэй ярилцаж “Шинэ Монголын төлөө Санаачилга”-аас дэвшүүлж буй мэдээллийн технологийн цахиурын хөндийг монголд байгуулах төслийг Калифорни мужаас сонгогдсон парламентийн гишүүн, нөлөө бүхий лидерийн хувьд тууштай дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлжээ.

“Шинэ Монголын төлөө Санаачилга”-ын дэвшүүлж буй нэг томоохон төсөл хөтөлбөр нь Монголд мэдээллийн технологийн цахиурын хөндийг байгуулах явдал юм. Иймээс энэ чиглэлийн нэр хүндтэй их сургуулиудтай хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцохын зэрэгцээ шинэ залуу технологийн компаниудад хөрөнгө оруулдаг венчур хөрөнгө оруулагчдыг монгол руу татах чиглэлээр идэвхитэй ажиллаж байна.

Калифорни муж дахь Цахиурын хөндийд ажиллах үеэрээ УИХ-ын гишүүн Л.Болд мэдээллийн технологийн бизнесийн олон чухал хөрөнгө оруулагчтай уулзаж монголын залуу үеийг дэмжих чиглэлээр санал солилцлоо. Тухайлбал AT&T, Fidelity, Devonshire Investments зэрэг топ компаниудад Гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан Google компанийн гүйцэтгэх зөвлөлд саяхан сонгогдсон ноён Фрэнк Лукастай тусгайлан уулзав. Ноён Лукас мэдээллийн технологийн топ компаниуд Монголд хөрөнгө оруулалт хийх, монголын энэ чиглэлийн компаниудыг цахиурын хөндийд гаргахад юуг анхаарах, хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар тодорхой ярилцав. Тэрээр удахгүй тус салбарын хөрөнгө оруулагчдыг төлөөллийг Монголд урьж хамт ирэхээр тохиролцжээ.

“Азийн ардчиллын түрлэг” бага хуралд үг хэлэв 

АНУ-ын Азийн сан, Беркли дэх Калифорнийн их сургууль, тус сургуулийн дэргэдэх Зүүн Ази судлалын хүрээлэнгээс “Азийн ардчиллын түрлэг” сэдэвт онол, практикийн бага хурал зохион байгуулжээ. Монголын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан уг бага хурлын үндсэн илтгэгчээр УИХ-ын гишүүн, 1990 оны ардчилсан хөдөлгөөний удирдагчдын нэг Л.Болд оролцов.

Berkley

Уг хурлын талаар Калифорнийн их сургуулийн веб сайтад тавигдсан мэдээлэлд “Тиананмены талбайд болсон жагсаал эмгэнэлтэйгээр төгссөнөөс ердөө ганц сарын дараа Монголын залуу үе эрслэн босч Азийн анхны коммунист дэглэмийг түлхэн унагаж ардчилсан засгийг байгуулсан юм. Энэ цаг үед зочилж Монголын ардчиллын түүхийг харьцуулсан улс төр судлалын үүднээс дүгнэн хэлэлцэнэ” гэсэн байна.

УИХ-ын гишүүн Л.Болд бага хуралд хэлсэн үгэндээ Монголын ардчиллын үнэт зүйлс ба онцлог байдал, цаашдын хандлагын талаар онцолжээ. Уг хуралд Монголын талаас УИХ-ын гишүүн асан М.Батчимэг, Монгол Улсаас АНУ-ын Сан-Франциско хотод суугаа Ерөнхий консул С.Эрдэнэ, Канадын Бритиш Колумбын их сургуулийн судлаач Ж.Мэндээ нар мөн оролцсон байна.

Нэр хүндтэй хүрээлэн, их сургуулиудтай хамтран ажиллана

Америкт ажиллах үеэрээ УИХ-ын гишүүн Л.Болд Вашингтон дахь Америк-Азийн хүрээлэнд зочилж тус төвийн удирдлага, судлаачидтай уулзалт хийлээ. Тус хүрээлэн нь улс төр, эдийн засаг, соёлын чиглэлээр АНУ болон Азийн орнуудын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой тинк-танк байгууллага юм.

AsiaInstitute

Америк-Азийн хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал хатагтай Мэри С.Бизел “Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан ноён Л.Болд манайд зочилж улсынхаа талаар олон сонирхолтой мэдээлэл өгсөнд талархаж байна. Эх орныхоо өмнө тулгарсан эдийн засаг, нийгмийн өнөөгийн бэрхшээл сорилтуудыг шийдвэрлэж дараагийн шинэ шатанд гарган хөгжүүлэхийн төлөө түүний санаачилгад амжилт хүсье” гэлээ.

Мөн хүрээлэнгээс УИХ-ын гишүүн Л.Болдыг Удирдах зөвлөлийнхөө гишүүнээр ажиллуулахаар сонгосноо энэ үеэр албан ёсоор мэдэгдэв.

Үүний зэрэгцээ УИХ-ын гишүүн Л.Болд дэлхийд алдартай Жорж Вашингтонын их сургууль, Виржиниагийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулиудад зочилж удирдлагуудтай нь уулзан Монголын боловсролын салбарыг хөгжүүлэх чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцэв.