700 гаруй сурагчдад жүжиг үзүүллээ
Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн хүрээнд ИТХ, ЗДТГ-ын захиалгаар “Алтан код” уран бүтээлийн нэгдлийн бүтээсэн “Үймээзэд тохиолдсон явдал” хүүхдэд зориулсан сургамжит жүжгийг Монголын хүүхдийн ордонд энэ сарын 13-ны өдөр дүүргийнхээ ерөнхий боловсролын 23,39 дүгээр дунд сургуулийн 1-5 дугаар ангийн 700 гаруй хүүхдэд үзүүллээ.
Жүжгийн нээлтэд дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ оролцож хуран цугласан хүүхэд багачуудаа хандаж энэхүү жүжгийг ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор та бүхэнд хүргэж байгаа тухай хэлээд сурлагын өндөр амжилт хүсэн ерөөсөн юм.
Энэхүү хүүхдийн сургамжит жүжиг нь аюулт ослын эх үүсвэр болсон гал түймрийн осол, ялангуяа ахуйн хүрээнд ихээр үйлдэгдэж байгаа халуун тогоо, цахим тоглоомын хор хөнөөлийг хүүхэд багачуудад ойлгуулж, урьдчилан сэргийлэх, энэ төрлийн аваар ослоос өөрийгөө болон найз нөхдөө хамгаалах ойлголт мэдлэгийг эзэмшүүлэх зорилготой юм.
Чингэлтэй дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн 21 сургуулийн 1-5 дугаар ангийн 14080 хүүхэд багачуудад энэхүү жүжгийг хуваарийн дагуу үнэ төлбөргүй үзүүлэх юм байна.