100 мянга гаруй ахмад настан тэтгэврээ урьдчилж авч болно
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан боллоо. Хуралдааны үеэр Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр тайлагнаж, байнгын хорооны гишүүдийн асуултад хариулсан юм.
УИХ-ын гишүүн А.Ундраагийн хувьд тэтгэврийн зээлийн хүүг тодорхой хувиар бууруулсныг сайшаагаад ямар аргачлалаар тэтгэврийн зээлийн хүүг бууруулсан болоод цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар салбарын сайдаас тодрууллаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хариултынхаа эхэнд тэтгэврийн зээлийн хүүг бууруулсан нь тэтгэвэр нэмэх боломжгүй эдийн засгийн хүндрэлтэй энэ үед ахмадуудаа дэмжсэн бодлого болохыг хэлсэн.
Тэрээр тэтгэврийн зээлийн хүүг бууруулахдаа Нийгмийн даатгалын тухай хууль болон Банкны тухай хуулийн 9,1 дэх хэсгийг удирдлага болгосон гэлээ.
Банк Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийг тэдгээрийн хүсэлтийн дагуу гэрээний үндсэн дээр хадгалж, түүнд хүү төлж болно. /Банкны тухай хууль, 9,1 дэх хэсэг/
Нийгмийн даатгалын сан алдагдалд орсон. Улсын төсвөөс энэ онд гэхэд 587 тэрбум төгрөгийн татаас авч байгаа. Ирэх онд 561 тэрбум төгрөгийн татаас авна гэж Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд тусгасан гэдгийг Н.Номтойбаяр дурдаж байлаа.
Ер нь ахмадуудын тэтгэвэр тэдний амьдралд хүрэлцдэг байсан бол хэн ч зээл авахыг хүсэхгүй. Зээлийн хүүг бууруулахын сацуу тэтгэврээ урьдчилж авах шинэ үйлчилгээ нэвтрүүлж байгаагаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хуралдааны үеэр хэлсэн.
Одоогийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй, тэжээгчээ алдсан гээд нийт тэтгэвэр авагчдын 30 орчим хувь буюу 100 гаруй ахмад настан тэтгэврээ урьдчилж авах боломжтой болжээ.
Үүнээс гадна энэ салбарт гарсан өөр нэг дэвшил бол даатгуулагч банкаа өөрөө сонгох болсон явдал гэдгийг салбарын сайд онцоллоо. Өмнө нь нийгмийн даатгалын үйлчилгээ авахдаа арилжааны хоёр банкаар л үйлчлүүлдэг байсан.
Тэгвэл даатгуулагч өөрөө банкаа сонгох боломжтой болсноор жилд 2 их наяд орчим төгрөгийн гүйлгээ чөлөөт зах зээлийн зарчмаар хийгдэж байна. Одоогоор 20 мянган даатгуулагч банкаа өөрөө сонгоод байгаа бөгөөд банкуудын дунд өрсөлдөөн бий болж, шинэ үйлчилгээ нэвтрүүлэх болсон гээд хэд хэдэн ач холбогдол ажиглагдаж байгааг Н.Номтойбаяр хэллээ.
Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг арилжааны банкинд 9 хувийн хүүтэй хадгаламж хэлбэрээр байршуулдаг байсныг 15 хувиас доошгүй хүүтэй байх тухай шийдвэр гаргажээ.