Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо, УИХ-ын эмэгтэй гишүүд
2017.04.18

“Замын хөдөлгөөний аюулгүй байдал ба хүүхэд хамгааллын асуудал” сэдвээр хэлэлцлээ

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо, УИХ-ын эмэгтэй гишүүд хамтран  “Замын хөдөлгөөний аюулгүй байдал ба хүүхэд хамгааллын асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, гишүүн М.Оюунчимэг, Д.Мурат, Ц.Цогзолмаа, М.Билэгт, А.Сүхбат нар оролцов.

Эхэнд нь хэлэлцүүлгийн зорилгын талаар Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл үг хэлэв. Тэрбээр, “Замын цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр 2010-2016 онд авто замын ослоор бид 300 хүүхдээ алдаж, 7000 гаруй хүүхэд гэмтэж бэртсэн байна. 2017 он гараад 13 хүүхдээ алджээ.

Тиймээс энэ асуудлаар мэргэжлийн хүмүүсийг байлцуулан хэлэлцүүлэг хийе гэж зорьсон. Цагдаагийн байгууллага, сургуулиудад төр засгаас яаж тус дэм болох вэ, хүүхэд осолд орж байгаа шалтгааныг арилгах талаар бид хамтраад юу хийх вэ гэдгийг ярилцъя” гэлээ.