Д.Очирбат: Эрүүл мэндийн зардал халамж биш учраас танаж, хасах тухай ойлголт байхгүй
засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар эрхтэн шилжүүлэх тэр дундаа элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг төрөөс даах шийдвэр гаргасан. Иймд энэ талаар болон эрүүл мэндийн салбарт монгол хүн бүрт хэрэгтэй ямар шинэчлэл хийгдэж байгаа тухай Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбаттай ярилцлаа. Ингэхдээ уншигч танд тустай, хэрэгтэй байх үүднээс албан ёсны эх сурвалжаас нь дэлгэрэнгүй нээлттэй ярилцлага хүргэхийг чухалчлав.
-Засгийн газрын энэ гэнэтийн шийдвэрийн ард эмчилгээний төлбөрийг зуун хувь даах уу, үгүй юү гэдэг асуулт юун түрүүнд дагалдаж байгаа нь анзаарагдсан. Та яг ямар төрлийн хагалгааг, ямар нөхцөлөөр даах вэ гэдэгт тодорхой хариулт өгөхгүй юү?
-Бүх төрлийн эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хамаарна. Түнхний үе, өвдөгний үе шилжүүлэн суулгахаас эхлээд элэг, бөөр шилжүүлэн суулгах зэрэг хагалгаа орно.
-Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны төлбөр багадаа 50-120 сая төгрөгт багтдаг. Энэ төлбөрийг бүгдийг нь улс даах уу?
-Даана. Гол нь Монгол Улс гурван сая гаруй хүн амтай. Гэтэл эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай өвчтөний тоо жил ирэх бүр нэмэгдэж байна. Иймд үнэхээр төр гэж байгаа л юм бол иргэн төвтэй, иргэдийнхээ эрх ашгийг хүндэтгэсэн энэ мэт цаг үеэ олсон шийдвэрийг зоригтой гаргах ёстой. Миний хувьд энэ шийдвэрт маш их баяртай байгаа. Зөвхөн эмч хүний, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн хувиар ч бус. Хүн гэдэг үүднээсээ талархалтай хандаж, алдаа гаргахгүй, түргэн шуурхай хэрэгжүүлэхэд бүхий л анхаарлаа хандуулан ажиллаж байна.
-Гэхдээ эдийн засгийн хямралтай үед хэрэгжих боломжтой эсэхэд эргэлзэх хүн олон байна лээ. Тэр дундаа халамжийн бодлогыг танах тухай асуудал яригдаж байгаа ийм нөхцөлд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтад нэмэлт зардал тусгах эсэх нь бас эргэлзээтэй байна шүү дээ?
-Энд нэг зүйлийг ялгаж, салгах ойлгох хэрэгтэй. Тэр нь эрүүл мэндийн салбарын зардал нь өөрөө нийгмийн халамж биш. Зайлшгүй шаардлагатай, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний зардал юм. Эдийн засаг хямарсан хямраагүй хүний алтан амийг аврах нь төрийн үүрэг. Энэ үүргийг эмч, эмнэлгийн ажилтнууд үүрдэг. Иймд энэ шийдвэрийг хэрэгжихгүй гэж айх хэрэггүй.
-Улсын төсөв тэгээд энэ чиглэлийн ачааллаа даах уу?
-Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлыг нь гаргана. Энэ сан “Нэг нь нийтийн төлөө. Нийт нь нэгийн төлөө” гэсэн зарчим дээр явагддаг. Тэр утгаараа нөхөн төлөгдөх зарчмаар явагдаж таараа.
-Сүүлийн үед Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай танай яамнаас хамтран хэрэгжүүлж байгаа санаачилгууд иргэдийн талархлыг хүлээх болсон нь худлаа магтаал биш л дээ. Жишээ нь, 0-5 настай хүүхдийн ханиадны эмийг 100 хувь хөнгөлсөн шийдвэр байна. Сүүлд С вирусийн шинжилгээний төлбөрийг төрөөс даахаар боллоо. Хэдийгээр энэ бүх шийдвэрт талархаж байгаа ч өмнө нь яагаад хийгдэж болоогүй юм бэ гэсэн бодол төрөх юм. Та шалтгааныг нь юу гэж тайлбарлах вэ. Уг нь боломж байсан л баймаар юм?
-Би УИХ-ын гишүүн байхдаа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Тэр үед өнөөдрийн хэрэгжиж байгаа бүх боломжийг бий болгох хуулийн төслийг батлуулсан. Харамсалтай нь, салбар хоорондын сайд нарын үл ойлголцлоос болоод хэрэгжиж чадаагүй. Миний хувьд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг, Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг санаачилж, батлуулж байсан. Тэр хуулийг цаг алдалгүй хэрэгжүүлсэн бол энэ бүхэн аль эрт дөрвөн жилийн өмнө хэрэгжиж болох байсан. Гэтэл хариуцсан яамны удирдлагууд нь бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй.
Тэр ч битгий хэл нэг жилийн дотор дөрвөн сайд, дөрвөн Төрийн нарийн бичгийн дарга солигдсон байх жишээний. Нэг жил бүр сайдгүй, Төрийн нарийн бичгийн даргагүй явж байсан. Ийм нөхцөлд хууль яаж хэрэгжих нь ойлгомжтой. Үүнийг дагаад яам нь дотроо хөл толгой нь олдохгүй болчихсон байсан. Харин өнөөдрийн тухайд тэр бүх хүндрэл эсрэгээрээ байна.
Манай Эрүүл мэндийн яамны сайд А.Цогцэцэг болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нарийн ойлголцол сайн байна. Н.Номтойбаяр гишүүн өмнө нь салбарынхаа дэд сайдаар ажиллаж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн үр ашиг, өгөөжийн талаар нэлээн сайн судалгаа хийж, яг тогоонд нь ажиллаж байсан учраас туршлага суусан байна.
Энэ бүхний үр дүнд өөрийн тань онцолж асуусан асуултын хариу эерэг гарч байгаа юм. Ерөөсөө эрүүл мэндийн даатгал гэдэг нэг худалдан авагчтай байх ёстой. Тэр үндсэн ойлголтод нь дүйцүүлэхийн тулд бид бүх боломжит хувилбараар санаачилга гаргаад ажиллаж байна. Үр дүнд нь С вирусийн шинжилгээг төрөөс дааж, элэгний С вирусийг устгах эмийг курс тус бүрт нь 210 мянган төгрөгөөр хөнгөлж олгодог боллоо. Гол нь энэ бол эхлэл.
-Тэгвэл танай яамны дотоод ойлголцол өнөөдөр хэр байгаа вэ?
-100 хувь. Ажил явуулахад ямар ч хүндрэл, үл ойлголцол байхгүй болсон.
-Таныг салбарын сайд болох амбицаа дарсан гэж ойлгож болох уу?
-Би чинь эмч хүн. Эрүүл мэндийн салбарын гал тогоог барина гэдэг том карьер. Улстөрч гэдэг утгаар минь асууж байгаа бол мэдээж улстөрч хүний амбиц нэг цэгт хадагдах ёсгүй. Гэхдээ сайд, дэд сайд гэдэг бол улс төрийн албан тушаал. Харин Төрийн нарийн бичгийн дарга бол төрийн жинхэнэ албан хаагч. Төрийн байгууллагынхаа дарга нь. Иймд гал тогоондоо орж, удирдаж ажиллаж байгаадаа баяртай байгаа.
Гол нь би УИХ-ын гишүүн байх хугацаандаа салбарынхаа хууль эрх зүйн орчныг шинэчилж, батлуулсан хүн. Түүнийгээ хэрэгжүүлэх, шийдэх боломж олдоно гэдэг их хувь заяа. Өнгөрсөн хугацаанд засаг солигдохтой зэрэгцэн Эрүүл мэндийн яамыг дандаа завсар намд нь өгдөг, улс төрийн бөглөөс болгож томилгоо хийдэг байсан. Энэ нь эргээд монгол хүний эрүүл мэндийг золиос болгох аймшигтай үр дүн дагуулна гэдгийг улстөрчид ч, намууд ч боддоггүй байсан. Харин энэ удаа бол өөр шүү.
-Таны өмнөх Төрийн нарийн бичгийн дарга авлигын хэрэгт холбогдож байсан. Энэ нь асар их мөнгө танай салбарт эргэлдэж байдаг гэдгийн илрэл байх?
-Харамсалтай хэрэг болсон. Гэхдээ намайг хардах хэрэггүй. Хардлагагүй байж болно.
-Хардах нь ч юу юм. Гэхдээ бас болгоомжлол төрөх л юм байна шүү дээ?
-Нэг зүйл хэлэхэд би чинь мөнгөн дээр нүдний хор гарчихсан хүн. Салбарынхаа эрх ашгийн төлөө, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө л шийдвэр гаргана. Авлига, хээл хахуулийн хэргээс болоод бүтэн жил удирдлагагүй байчихаар чинь яамны ажилтнууд ч, салбар эмнэлгийн удирдлагууд ч нуруугаа авахуулсан морь шиг болчихдог юм байна. Сүүлдээ бүр тендер зарлах болоход хариуцах хүн олдохгүй болсон байна лээ.
-Яагаад?
-Айчихсан байна. Уг нь тендер гэдэг чинь ажил байхгүй юу. Тендер зарладаггүй яам, тендерээр дамжиж хийгддэггүй ажил гэж байхгүй. Гэтэл “Янз бүрийн хэрэгт орчихвол түвэг” гээд тендер зохион байгуулахад, тендерийн хороонд оролцохоос татгалзаж байна. Хэцүү байгаа биз дээ. Хэдийгээр энэ нь ажил ч гэсэн тэр хүмүүсийг бас буруутгах аргагүй. Эцсийн бүлэгт хүн амьдралаа бодох нь зөв. Гэхдээ төрд ажиллаж байгаа л бол ажлаа хийх ёстой. Өөрсдийнх нь нэрийг, албан тушаалыг, эрх мэдлийг буруугаар ашиглачих вий гэсэндээ айсныг нь буруутгахгүй ч үүрэг, даалгавар өгөх, түүнийхээ биелэлтийг нэхэх эрх нь надад байна л даа.
-Та тэр хүмүүст зориг өгөх ёстой юм болов уу?
-Хэрэндээ бас зоригжуулсан. Сүүлдээ бүр 45 хүнийг Авлигатай тэмцэх газрын сургалтад суулгаж, зөвлөгөөг нь өгүүлж, тендерийн хороонд ямар зарчмаар, хэрхэн ажиллах ёстой вэ гэдэг номыг нь заалгалаа. Олон улсын зөвлөхөөр сургалт хийлгэлээ. Хар зоригоос илүүтэй туршлага, мэдлэг гэдгийг давхар өгөх ёстой гэж бодсон хэрэг л дээ.
-Сүүлийн үед Эрүүл мэндийн яам гэхээр дан ганц элэгний өвчлөлийн эсрэг тэмцээд байна уу гэж харагдах юм. Иймд бусад өвчлөлийг анагаах, урьдчилан сэргийлэх талд ямар бодлогын арга хэмжээ авч байгаа талаараа мэдээлэл өгөөч?
-Наадхи чинь бас бодох асуудал. Гэхдээ монголчууд маань л эндээ элэгний С, В, Д вирусээр өвчилж, амь насаа алдаж байгаа болохоос бус дэлхийд энэ төрлийн өвчин бүрэн эдгэдэг болчихоод байгаа юм. Хүмүүс нь урьдчилан сэргийлж чадаж байна. Гэтэл манайд элэг хатуурах өвчин дээгүүр бичигдээд байдаг. Иймд зайлшгүй анхаарах ёстой байна л даа. Сая гэхэд би Стенфордын их сургуулийн 50 гаруй эрдэмтэн багшид Монгол дахь элэгний С вирусийн эмчилгээ, элэгний хатуурлын талаар лекц тавиад ирлээ.
Илтгэлдээ зоригтойгоор “МАН-аас байгуулагдсан Засгийн газраас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд 2020 он гэхэд элэгний С вирусийн халдварыг тодорхой төвшинд бууруулж, элэгний хатуурал, хавдраас сэргийлж чадсан дэлхийн жишиг улс болно” гэдэг илтгэлээ тавилаа. Стенфордын эрдэмтэд энэ зорилтыг үгүйсгээгүй. Харин ч баяр хүргэсэн.
Боломж бий гэдэг санаа оноогоо ч хуваалцсан. Хэдийгээр улс орон эдийн засгийн хямралтай байгаа ч гэлээ Эрүүл мэндийн даатгалын сандаа 23.5 тэрбум төгрөгийг тусгаж, үүнийхээ үр дүнд дөрвөн төрлийн эмийн үнийг 84 ам.доллараар хөнгөлөх шийдвэр гаргана гэдэг их том алхам.
Монгол Улсын гурван сая гаруй иргэний 430 мянга орчим нь элэгний вирустай байна гэдэг яалт ч үгүй онцгой анхаарал хандуулах цаг болсон гэдгийн илрэл юм. Гэхдээ энэ бол тандалт судалгаагаар илэрсэн тоо. Үүнээс ч их байх магадлалтай. Нэг дахин ч өсч магадгүй. Дээр нь, элэг өөрөө дүлий эрхтэн. Өвчилснөө мэдэхгүй явж байтал гэнэт л нэг өдөр хатуурал болчихдог. Өмнө нь элэгний С вирусийн эсрэг интерферон гэж тариаг зургаан сарын турш хийдэг байсан. Тэр тариаг хийлгэж, давж гарна гэдэг их хэцүү. Тухайн хүн ууртай болно. Үс нь унана. Бусад эрхтэн нь өвчилнө. Бүр амиа хорлох хүртэл заалттай тариа. Амар биш л байсан. Тэгэхэд харвони эмийг гурван сарын дотор уугаад л зууны 99 хувь нь бүрэн эдгэж байна.
-Таныг Америкаас харвони эмийг үнэгүй авах сайхан мэдээтэй ирсэн гэж сонссон?
-Америкт ажиллах үеэрээ харвони эмийг гаргаж авсан “Гилеад Сайнсес” компанийн байраар орж, ерөнхий захирал Грег Алтонтой их сайхан дотно яриа өрнүүлсэн. Энэ эмийг бүтээхэд оролцсон дэлхийн шилдэг эрдэмтдийн нэг Жепри Глейнтэй ярилцаад амжсан. Энэ үеэрээ монголчуудынхаа С вирусийн өвчнөөс ангижирч чадсан өвчтнүүдийн өмнөөс талархал илэрхийлж Монголдоо урьсан. Их баяртай байна лээ. Ярилцлагын дашрамд сайхан мэдээ дуулгахад энэ эрдэмтэн хорт хавдрыг эдгээх эм гаргаж авахаар ажиллаж байгаа юм байна лээ шүү.
-Үнэгүй харвони эмийн тухайд?
-Манайд эрүүл мэндийн салбарт 40 гаруй мянган ажилтан бий. Тэдний 5000 орчим нь элэгний С вирустай. Байнга л осол гэмтэлтэй, өвчтэй хүмүүстэй харилцдаг учир тэднээсээ халдвар авсан. Иймд Засгийн газраас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийнхөө хүрээнд тэднийг эдгээхэд дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргасанд маань их нааштай хандаж, тус компанийн удирдлагын зөвлөл уг асуудлыг хэлэлцээд “5000 хүний доз буюу 15 мянган ширхэг “Харвони” эмийг үнэ төлбөргүй өгөх боломжтой” гэдэг хариу өгсөн. Удахгүй хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.
-Гэхдээ элэгний өвчлөлтэй холбоотой Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн өргөтгөлийн барилгын асуудлыг тодруулъя. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тэр өргөтгөл ашиглалтад орсон тохиолдолд хавдартай элэг шилжүүлэн суулгах боломж нээгдэнэ гэж ярьж, сурталчилж ирсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл ашиглалтад орсонгүй. Эмч нарын хувьд энэ үгийг өвчтөндөө хэлээд суухад яалт ч үгүй халширдаг байх. Гэсэн ч бодит нөхцөл байдал нь энэ байна шүү дээ. Нэг өргөтгөлөөс болж хэр олон хүн хорвоог орхиж байгаа вэ гэж бодохоор яалт ч үгүй сэтгэл эмзэглэх юм?
-Үнэхээр харамсалтай. Хаа хаанаа хариуцлагагүй хандсан. Өөрөө хэлсэн. Бүхэл бүтэн дөрвөн жил хүлээлээ гэж. Өнөөдөр өргөтгөл барих ёстой компани, тоног төхөөрөмж нийлүүлэх ёстой нийлүүлэгчийн асуудал аль аль нь шүүх дээр явж байна. Гэхдээ асуудал хэрхэн шийдэгдэхээс үл хамаараад барилгын ажлыг яаравчлуулж байгаа.
-Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Цусны эмгэг судлалын тасагтай болсон. Гэтэл тэнд сурвалжлага хийгээд явж байхад “Монголд хүүхдийн хавдрын мэргэшсэн, мэргэжлийн эмч байдаггүй. Үүнийг зайлшгүй анхаарах ёстой” гэдгийг эмч, удирдлагууд нь хэлж байсан. Хүүхдийн төрөлжсөн эмнэлэгт энэ төрлийн эмч байхгүй гэдгийг сонсох бас л цочирдмоор санагдсан?
-Үүн дээр мэдээж яам бодлогоор анхаарах ёстой. Гэтэл салбарын боловсон хүчинг бэлтгэх эрх нь Эрүүл мэндийн яаманд бус Боловсрол, соёл, шинжлэх ухаан,спортын яаманд байдаг. ЭМШУИС-ийн стратеги төлөвлөгөөг батлах эрх тэнд байдаг гэсэн үг. Хувийн сургууль ч адилхан. Гэтэл сүүлийн үед сургуулиуд дор бүрнээ зах зээлд эрэлттэй чиглэлээр эмч бэлтгэхийг чухалчилдаг болчихсон. Тэгсэн хэрнээ төгсч гарч ирж байгаа мэргэжилтэн нь манай яаманд харьяалагддаг байх жишээний. Иймд үүнийг нэг тийш нь шийдэх зайлшгүй шаардлагатай л болчихоод байгаа юм.
-Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны тасгийн залуу эмчтэй ярилцаад сууж байхад “Зөвхөн Солонгост гэхэд тухайн эмчийн данс руу хагалгааны төлбөрөөсөө хамаараад төлбөрийнх нь тодорхой хувь тогтмол шилжиж орж байдаг. Манайд бол эмч нар дээд тал нь сарын 800 мянган төгрөгийн цалин авдаг” гэж хэлж байсан. Хэдийгээр өнөөдөр хүн бүрийн төлбөрийн чадвар муу байгаа ч гэлээ эмч нарынхаа эдийн засгийн баталгааг хангах, тэдний амьдралын ачааллыг бууруулах зорилгоор энэ төрлийн менежмент хийх зорилго Эрүүл мэндийн яаманд бий юү?
-Тодорхой зохицуулалт хийнэ. Хуулийн хүрээнд өөрчлөлт оруулна. Хагалгааны ачаалал, эмчилгээний үр дүнгээс хамаарч урамшуулдаг тогтолцоог бий болгоно. Тэгэхгүй бол үнэхээр манай салбарынхны нийгмийн баталгаа орхигдож байгаа гэдгийг бид хаа хаанаа хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болчихоод байна. Сая Стенфордын их сургууль дээр гэхэд эрүүл мэндийн салбарын хөрөнгө санхүүг босгох, хөрөнгө оруулалтыг зөв удирдах менежментийн анги нээгдсэн байна лээ. Энэ нь эргээд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нийгмийн баталгаа, цалин урамшуулалттай холбогдох асуудал.
-Нэг үеэ бодоход улсын эмнэлгүүдийн нарийн мэргэжлийн, тэр дундаа оношлогоо эмчилгээний тоног төхөөрөмж их сайжирсан. Хүн л юм хойно хаяа эмнэлэг орох хэрэг гарахад бас ч гэсэн сэтгэл тайвшрах шалтгаан байна гэж харсан. Гэтэл үүний цаана хүртээмж, дугаарлалт гэдэг зүйлийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг нь хүндрэлтэй хэвээр л байх юм. Танд хувилбар байна уу?
-Улсын эмнэлгүүд хоёр ээлжээр ажиллаад эхэлсэн нь бас ч гэж тодорхой үр дүнг дагуулж байгаа. Гэхдээ хангалттай биш л дээ.
-Түлэнхийн төв эмнэлэг болон Дөрөвдүгээр төрхийн барилга хэзээ ашиглалтад орох вэ?
-Яг өнөөдрийн хувьд хэлэхэд Түлэнхийн төв эмнэлэг хугацаандаа ашиглалтад орно. Санхүүжилт нь бүрэн шийдэгдсэн. Харин дөрөвдүгээр төрхийн тухайд хэлэхэд хэцүү. Мэдээж ашиглалтад орно. Гол нь санхүүжилтийн тухайд концессийн гэрээгээр барих санал гаргавал манай яамнаас дэмжих боломжтой. Яагаад гэхээр яг өнөөдөр төлөвлөсөн төсөв, санхүү, боломж нь алга л даа.
-Ерөнхийдөө та бүхний яриа өвдсөн, эндэгдэл гарсан гэдэг нэг циклд эргэлддэг. Гэтэл үүний өмнө урьдчилан сэргийлэх тухай асуудал яригдах ёстой баймаар. Энэ талд таны бодол ямар байдаг вэ?
-Хийж эхэлж байгаа. Нэлээн анхаарал тавьж ажиллаж байна. Өнөөдөр 0-5 насны хүүхдээ буцалсан устай хоолтой халуун тогоондоо, ус буцалгагчиндаа түлж, алддаг улс дэлхийд манайхаас өөр байхгүй байх. Иймд яг энэ чиглэлээр халуун тогооны хор уршиг, үүнээс хүүхдээ хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудлаар танин мэдэхүйн кампанит ажлыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хоёр сарын турш нэлээн сайн хийсэн. Телевизүүд, сонинууд, сайтууд маш идэвхтэй ажилласан. Үүний үр дүнд цөөхөн ч гэсэн хүүхдийг аварч чадсан байх гэж бодож байгаа. Ийм төрлийн танин мэдэхүйн ажлыг цаашид эрчимжүүлнэ.
-А.Цогцэцэг сайд албаа авсан даруйдаа “Яаралтай түргэн тусламжийг нисдэг тэрэгний тусламжтай үзүүлэхийн тулд төв эмнэлгүүдэд нисдэг тэрэг буух зурвас гаргана” гэж хэлж байсан. Энэ санаачилга хэр урагштай байгаа вэ?
-Ажиллаж байна. Зам, тээврийн сайд Д.Ганбаттай нэлээн олон удаагийн уулзалт хийж, газар дээр нь танилцсан. Хэдийгээр яг өнөөдөр эмнэлгийн ойр орчимд нисдэг тэрэг буулгаагүй байгаа ч гэлээ саяхан Баянхонгор аймгийн Засаг дарга маш хүндрэлтэй жирэмсэн эмэгтэйг аврахын тулд Завхан аймгаас ирж байсан онгоцыг аймагтаа буулгах замаар нааш нь авчирч амийг нь аварсан. Зам, тээврийн яам энэ асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэсэн. Цаашид энэ мэт хамтын ажиллагааг сайтар хөгжүүлж чадвал иргэдийнхээ амь насыг аврах боломж улам л нэмэгдэнэ гэсэн үг.
-Төлбөрийг нь хаанаас гаргасан бэ?
-Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргасан. Боломж тэгэхээр байгаа биз.
-Сүүлийн үед тэмбүү, тэмбүү төст өвчний халдвар аюулын харангын хэмжээнд хүрсэн гэж ярих юм. Энэ үнэн үү?
-Ний нуугүй хэлэхэд гамшгийн хэмжээнд хүрсэн. Яаралтай арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон нь олон судалгаагаар тогтоогдсон. Саяхан яамны удирдлагын зөвлөлийн хуралдаан дээр би “Энэ өвчлөлд онцгой анхаарал хандуулж, орон нутаг, оюутны байр гээд бүхий л талыг хамарсан үзлэг оношлогоо хийхэд бэлд” гэсэн үүрэг өгсөн. Ойрын хугацаанд цаг алдалгүй улс орныг хамарсан арга хэмжээ явуулна.
Г.Отгонжаргал