СӨХ-ийг төрд авах дүгнэлт гаргажээ
Өргөдлийн байнгын хороо өнөөдөр /2017.04.12/ хуралдлаа. Хуралдаанаар Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны асуудлыг хэлэлцсэн юм. Учир нь тус байнгын хороонд СӨХ-той холбоотой 467 өргөдөл ирсэн байна. Тиймээс Барилга хот байгуулалтын яамнаас ажлын хэсэг гаргаж, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 240 СӨХ-ийн үйл ажиллагааг шалгажээ. Ингээд шалгалтын дүнг Өргөдлийн байнгын хороонд танилцууллаа.
Шалгалтаар СӨХ-ны мөнгөө иргэд өгдөггүй, санхүүжилт дутмаг байдлаас үүдэж ажил хийх боломжгүй байдаг гэх мэт зөрчил илэрчээ. Нөгөө талаас СӨХ-д хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин тодорхойгүй, СӨХ-д цуглаж байгаа мөнгийг юунд зарцуулдаг талаарх тайланг байдаггүй гэх мэт асуудал байгаа аж. Мөн нийтийн эзэмшлийн газрыг СӨХ-ийн дарга нь дур мэдээд зарсан тохиолдол ч гарчээ.
Шалгалтын дүнгийн талаар Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Нэгдүгээрт, орон сууцны тухай хууль, Сууц өмчлөгчдийн тухай хууль амьдрал дээр хэрэгжихгүй байна. Хуульд цоорхой байна. Засах шаардлагатай. Хоёрдугаарт, орон сууцны асуудал хариуцсан төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах шаардлагатай.гуравдугаарт, СӨХ ажиллах ёстой юу үгүй юу. Эсвэл төрд шилжүүлэх ёстой юм уу гэсэн дүгнэлтийг манай ажлын хэсэг гаргасан байна. Иймд Орон сууцны тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа” гэв. Үүний дараа байнгын хорооны гишүүд санал хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:
-Оршин сууж байгаа хүмүүс өөрсдийнхөө дотроос СӨХ байгуулах нь хамгийн зөв. Түүнээс мэргэжлийн байгууллага тухайн орон сууцны ажлыг хийдэг нь буруу гэж бодож байна. Одоогийн тогтолцоо зөв гэж бодоод байна. Гэхдээ СӨХ-ийн дарга гэж юм дураараа шийдвэр гаргадаг тохиолдол бий. Нийтийн эзэмшлийн газрыг зардаг, объект зардаг гэх мэт тохиолдол бий. Тиймээс СӨХ-ийн хариуцлагын асуудлыг хуульд тусгах нь зүйтэй болов уу гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
-СӨХ-ны гишүүд ажлын арга барилдаа өөрөөр хандах хэрэгтэй. Орчин үед сошиал хөгжиж байна. Тиймээс ажил хариуцсан хүмүүс энэ системийг ашиглаад СӨХ-той тулж ажиллах арга замыг сүвэгчлэх хэрэгтэй. Хуулийн зохицуулалтад СӨХ, иргэдийн эрх, уялдаа холбоог зохицуулсан сайн хууль гараасай гэж хүсэж байна. Жишээ нь, Арк буулгахад Эрүүгийн хуулиар зохицуулагдана гэх мэт зүйлийг яриад сууж байж болмооргүй байна. Мөн үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байна, засвар хийдэг энэ бүх асуудлыг хуулийн төсөлд маш сайн суулгах ёстой.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-СӨХ, иргэд хоорондын нэг асуудал бол төлбөрийн асуудал. СӨХ-ны төлбөр их бага янз бүр байдаг. Тиймээс нэг стандарттай болгоод, СӨХ-нд цуглаж байгаа мөнгийг юунд зарцуулж байгаад хяналт тавих системтэй болгох хэрэгтэй. Үүнээс гадна би Газрын тухай хуульд санаачлаад боловсруулж байгаа.
Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
-СӨХ-ны үйл ажиллагаанд аудит хийе гэхээр СӨХ өөрөө хуулийн этгээд биш учраас хүндрэлтэй байна гэдэг асуудлыг ажлын хэсэг хэлж байна. Тэгэхээр СӨХ хариуцлага хүлээдэггүй субъект болж таарлаа. Тиймээс энэ чиглэлийн өөрчлөлтийг хуульд тусгах зайлшгүй шаардлага байна. Дээр нь барилгын компаниуд оршин суугчдаа үл байлцуулан СӨХ байгуулдаг. Энэ нь шинээр ашиглалтад орсон байрны оршин суугчид СӨХ байгуулахгүй хугацаа алддагтай холбоотой байх. Тиймээс эдгээр асуудлын хуулийн хүрээнд засч залруулах шаардлагатай юм байна.