2017.04.07

Д.Лүндээжанцан: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг батлахыг хүсье

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-н гишүүн Д.Лүндээжанцан Монгол Улсын Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг баталж өгөхийг УИХ-ын гишүүдээс хүслээ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

Шинэ үндсэн хууль батлагдаад 25 жил болж байна. МУҮХ-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2000, 2011, 2012, 2015 онд МУИХ-ын гишүүдээс УИХ-д өргөн мэдүүлж байсан. МУҮХ-д нэмэлт өөрчлөлт оруулах талаар УИХ-аас байгуулагдан ажиллаж байсан ажлын хэсгүүдээс болон иргэд, эрдэмтэн судлаачидаас тодорхой санал  дүгнэлтүүдийг энэ хугацаанд гаргасан байна.

Түүнчлэн, МУҮХ-д нэмэлт өөрчлөлт оруулах талаар холбогдох саналыг боловсруулах үүрэг бүхий үндсэн хуулийн асуудлаар мэргэшсэн эрдэмтэн судлаачдын ажлын хэсгийг МУ-ын Засгийн газраас байгуулан ажиллаж байсан билээ. Эдгээр санал дүгнэлтүүдийг үндслэн төрийн байгуулалтын байнгын хороо, МУҮХ-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын тухай хууль болон зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд зааснаар МУҮХ-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах, зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсрууллаа.

Байнгын хороо тогтоолын төслийг 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу зөвлөлдөх санал асуулга явуулах сэдэв, хугацаа, газар нутаг, төсвийг тогтоолын төсөвт тусгасан болно. Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүний тогтоолын 1 дүгээр хавсралтаар  батлахаар заасан. Зөвлөлдөх санал асуулгын сэдвийг МУҮХ-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.3 заалтын дагуу 6 ерөнхий заалт, 13 дэд заалттайгаар боловсруулж тогтоолын 02 дугаар хавсралтаар батлахаар тусгалаа.

Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүд санал асуулгын үр дүн гарах шийдвэр, хэлэлцүүлгийн үйл явц, зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүн, санал асуулгын сэдвийн талаар асуулт асууж, хариулт авсан:

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах ёстой шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн, шүүгч, ерөнхий шүүгчийг томилох томилгооны  зарчмыг тодорхой болгох,
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат тогтоолын төслийн гарчигт МУҮХ-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга гэх тодотгол нэмэх,
УИХ-ын гишүүн Б.Жавхлан санал асуулгыг орон даяар явуулах тухай тодорхой тусгах,
УИХ-ын гишүүн Ж.Батзандан санал асуулгын сэдвийн 6 дугаар заалтын шатлал бүхий гэснийг хасах,
УИХ-ын гишүүн О.Содбилэг санал асуулгын үйл ажиллагаанд залуу үеийн төлөөллийг оролцуулах мөн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи зөвлөлдөх санал асуулгын талаар ОН-т тайлбарлан, таниулах нь зүйтэй гэсэн саналуудыг гаргасан.

МУҮХ-д нэмэлт өөрчлөлт асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах, зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн болно. Тогтоолын төсөл, байнгын хорооны санал дүгнэлт болон холбогдох мэдээллийг та бүхэнд тараасан болно.

УИХ-ын эрхэм гишүүд ээ, МУҮХ-ийн нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах зөвлөлөлдөх зөвлөлийг байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн талаарх төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн  тогтоолын төслийг баталж өгөхийг та бүхнээс эрхэмлэн хүсье.