Яг одоо төсвийн тодотголын төсөл хэлэлцэж байна
УИХ-ын дарга М.Энхболд
2017.04.06

Яг одоо төсвийн тодотголын төсөл хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн хуулийн төслийн үзэл баримтлалыг уншиж танилцуулсан юм.

Тэрээр өмнөх парламентын үед ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж чадахгүй, хамрагдах эсэх нь тодорхойгүй байсан бол манай Засгийн газар байгуулагдаж, эрчимтэй ажилласны дүнд 8 сарын хугацаанд ОУВС-гийнхантай амжилттай тохиролцож, албан ёсоор Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаар болж байна.

Хэлэлцээрийн явцад төрийн албан хаагчдыг 20 хувиар цомхотгох, шинэ төрлийн татвар бий болгох, тодорхой төрлийн татвар нэмэх гээд олон өндөр шаардлагыг тавьж байсан бөгөөд аль болох уян хатан, тааламжтай нөхцөлтэй санхүүжилт авахыг эрмэлзэж ирсэн гэдгээ Сангийн сайд Б.Чойжилсүрэн онцоллоо.

Мөн эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байгаа учраас цаашид төсвийн сахилга бат, тогтвортой хөгжлийг хангахын тулд ажиллана гэдгээ илэрхийлсэн юм. 

Түүний танилцуулгын дараа хэлэлцэж буй асуудлаар үг хэлэх гишүүдийн нэрсийг авахад УИХ-ын 30 орчим гишүүн ажлын хэсгээс асуулт асуухаар нэрээ өгөв.