Батлан хамгаалах яамны сайд Б.Бат-эрдэнэ
2017.03.17

Мэндчилгээ

Монгол Улсын Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, алба хаагчид аа!

Даян дэлхийн энхийн үйлсэд хүчин зүггэж яваа цэнхэр дуулгатан офицер, ахлагч нар аа!

Дайнд оролцсон болон бэлтгэлд, чөлөөнд байгаа ахмад дайчид аа!

Монгол Улсын маань сүр хүч, эр зориг, сүлд хийморийн илэрхийлэл болсон Та бүхэндээ Монгол цэргийн өдрийн болон орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойн баярын тохиолдуулан Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Эх нутаг, газар шороо, ард түмнээ харийн түрэмгийлэгчдээс хамгаалан, эх орон, төр, засгийн итгэл, найдварыг хүлээж, улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах өндөр хариуцлага, нэр төртэй үүрэг гүйцэтгэж, түүнд ухамсарт амьдрал, бие сэтгэл, эрдэм чадвар бүхнээ зориулсан үе үеийн дайчдын гавьяат үйлсийг баярын энэ өдөр хүндэтгэн дурсахад таатай байна.

Батлан хамгаалах салбарынхан бид түүхт ойгоо амжилт, бүтээлээр дүүрэн угтаж байна. Та бүхний сэтгэл зүтгэл, хичээл чармайлтын үр дүнд манай Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин ажил үйлс, амжилт бүтээл өрнүүн байлаа. Тухайлбал, олон жилийн турш салбартаа хүлээлт үүсгээд байсан батлан хамгаалахын эрх зүйн орчны шинэчлэл болох Батлан хамгаалахын багц хуулийг батлуулах томоохон ажлыг Та бүхэнтэйгээ хамтран хийж чадсанаа тэмдэглэн хэлье.

Улс орныг батлан хамгаалах нь өөрөө өргөн цар хүрээтэй, улс орны бүхий л салбарыг хамрахын зэрэгцээ иргэн бүрийн оролцоонд тулгуурласан цогц арга хэмжээ болохыг Улсын Их Хурал анхааран үзэж, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуулиар Батлан хамгаалах яамыг ерөнхий чиг үүргийн яам байхаар баталлаа.

Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Батлан хамгаалах яамнаас авч хэрэгжүүлэх бодлогын зорилт, арга хэмжээг оновчтой тодорхойлох, Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр боловсруулан батлуулах, батлан хамгаалах төрийн бодлого, багц хуулийн хүрээнд “Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги-2030” баримт бичиг, Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар батлуулах зэрэг ажилд голлон анхаарлаа. Түүнчлэн Монгол Улсын 2016 оны төсвийн тодотгол, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэлд Батлан хамгаалахын сайдын төсвийн багцад тусгах санал боловсруулан шийдвэрлүүлж чадлаа. Мөн цэрэг эрс тэдний гэр бүл, нийгмийн хамгаалалд онцгой анхаарал хандуулан ажилласны дүнд олон алба хаагч орон сууцтай болов. Гадаад харилцаа, хамтын ажиллагаа улам бүр хүрээгээ тэлж байгаагийн дотор хөрш болон бусад оронтой батлан хамгаалах салбарт харилцах хамтын ажиллагаанд ахиц гарч, энхийн төлөөх үйлсэд манай Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн үүргээ амжилттай гүйцэтгэж байна.

Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин Монгол Улсын түүхийн бүхий л үед чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Цаашид ч энэ байр сууриа хадгалж, залуу үеийн хүсэл мөрөөдлийн бодит илэрхийлэл, цэрэг, эх оронч үзлийн төв ундарга, бие бялдар, сахилга хүмүүжлийн том сургууль, хүн ардынхаа өмөг түшиг, улс орныхоо тогтвортой хөгжлийн нэг баталгаа байх учиртай.

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн баярын энэ өдрийг тохиолдуулан Батлан хамгаалах салбарын хамт олонд болон Зэвсэгт хүчнийг дэмжин хүндэтгэдэг, хамтран ажилладаг нийт байгууллага, ард иргэддээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Зэвсэгт хүчний яруу алдар тандан бадрах болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ