Заавал даатгалын тухай малгай хуультай болно
Даатгалын салбар үүсч, хөгжөөд даруй 80 гаруй жил болсон ч ДНБ-д эзлэх жин бага, хөгжлийн хурд бага байна. Гэхдээ 5 жилийн өмнөөс заавал даатгалыг хэрэгжүүлж эхэлснээр байдал дээрдсэн гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг.
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал бий болсноор олон нийт даатгалын ач холбогдол, үр шимийг илүү бодитоор мэдрэх болсон. Тэгвэл уг даатгалыг хэрэгжүүлж ирсэн туршлагадаа үндэслэн заавал даатгалын өөр бусад 24 төрлийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж даатгалын мэргэжлийн оролцогчид хийгээд бодлого, шийдвэр гаргагчид үзжээ. Тиймээс заавал даатгалын тухай малгай хууль гаргаж, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор холбогдох байгууллагын мэргэжилтнүүд хамтран ажиллаж байна.
Жолоочийн хариуцлагын даатгал нь даатгалын салбарын жилийн нийт хураамжийн орлогын 30 орчим хувийг бүрдүүлж байгаа бол цаашид заавал даатгалын 24 төрлийг бий болгосноор даатгалын салбарын хөгжилд маш том түлхэц болно гэж хуулийн төсөл боловсруулагчид хэллээ. Тэдний үзэж байгаагаар заавал даатгалын тухай малгай хуультай болсны үндсэн дээр даатгалын төрөл тус бүрээр бие даасан хуультай болох боломж бүрдэнэ.
Одоогоор нотариатч болон өмгөөлөгчийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төсөл бэлэн болсон. Эмч, эмнэлгийн ажилтны хариуцлагын тухай хуулийн төсөл боловсруулалтын шатандаа гэж байгаа гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Цаашлаад барилгын салбарын бүтээгдэхүүний чанарын даатгал, хөдөө аж ахуйн үрийн даатгал буюу хүнсний ногооны үрийн даатгал, тэсрэх, дэлбэрэх аюултай бүтээгдэхүүний тээвэрлэлтийн даатгал гээд заавал даатгалын тухай бие даасан хуулийн төслүүдийг боловсруулах ажил хүлээгдэж байна.