Туршлагажсан түшээ
УИХ-ын гишүүн С.Чинзориг
2017.02.23

Туршлагажсан түшээ

Хал үзэж хашир суусан улстөрч олон. Тэдний нэг нь С.Чинзориг юм уу даа. Нэг нэртэй ч хоёр хочтой явсан үе түүнд бий. Хууль, шүүхийн үүд сахиж, хэвлэлийн хуудаснаа хэсэгтээ л баалуулж явсан түүний тухай янз бүрээр ярьдаг. “Асуудалтай нөхөр" хэмээн адлах нэгэн байхад “Ай, бас улс төрд байж л байх хүний нэг. Чухамдаа УИХ-ын гишүүн болсноос хойш дориун юм хийгээд байгаа шүү” гэж магтах хэсэг байх. Сайн, муу ээлжилж байдаг хойно энэ бүхэн түүний хувьд асуудал биш. Учир нь тэр улстөрд цаашлаад угшил нэгт намдаа ус гэхээс илүү тус хүргэсэн нь нь элбэг нэгэн гэлцдэг.

Ямартаа л сүүлийн үед С.Чинзоригийн санаачилж буй хууль, самбаачилж байгаа ажил нь ард түмэнд төдийгүй намын нөхдөд нь янзын сайхан таалагдаж буй гэнэ шүү. Түүний “Нийгмийн даатталын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай гэсэн хоёр хуулийн төслийг боловсруулж батлууллаа. Хууль батлагдсанаар хэд хэдэн асуудал шийдэгдэнэ.

Ялангуяа олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдийн хөдөлмөрийг бодитоор үнэлэх, тэдний нийгмийн баталгааг сайжруулахад тодорхой арга хэмжээ авахаар болсон. Тухайн ээжийн төрүүлж, өсгөсөн хүүхдийнх нь тоогоор улсад ажилласан жилийг нэмэгдүүлж тооцдог байх, хүүхдээ гурван нас хүртэл нь гэртээ харж байгаа бол нийгмийн даатгалын шимтгэлийг нь тасалдуулахгүй төлөх. Мөн даатгуулсан хэлбэрээс үл хамаарч жирэмсний болон амаржсаны тэтгэврээ бүрэн авдаг байх гэхчлэн олон хуулийн заалтыг оруулсан” хэмээн ярьсан нь ард түмнээс хангалттай лайк авчээ.

Тэрчлэн “Өнөөдөр улсын хэмжээнд 1.1 сая ажил хөдөлмөр хийж буй хүн бий. Нийгмийн даатгалын төлөлтийг нь аваад үзэхээр малчдын есөн хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 13 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа. Ахмад, өндөр настан болсон хойно Нийгмийн хамгааллын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах эрх нь үүсэхгүй, ирээдүйн нийгмийн баталгаа нь алдагдах нөхцөлтэй байгаа. Иймээс малчин болоод хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн төлж чадаагүй явж ирсэн нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх боломжийг олгосон хуулийн зохицуулалттай болсон” хэмээн ярьсан удаатай.

Энэ мэтчилэн түүний санаачилсан малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Эрүүл мэндийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг амжилттай батлуулж, ард түмэнд өгөөжөө өгөх л үлдээд байгаа юм. Харин түүнтэй холбогдох сүүлийн үеийн сонин гэвэл мань хүн орон нутагтаа ажиллажээ. Ингэхдээ нутгийн иргэдийн санал хүсэлтийг сонсч яваа аж.