Тараг бүрж, уураг амталсан өвөл болж байна
2017.02.23

Тараг бүрж, уураг амталсан өвөл болж байна

“Алтан унжлагат” хэмээх тахиа жилийн босгон дээр Хөвсгөл аймгийн хойд зүгийн сумд, Дархадын хотгороор яваад ирлээ.

Улаанбаатарынхан утаандаа хахаж цацан дуниартаж, сар шинийнхээ бэлтгэлийг базаахаар хөгшчүүд тор, уут барин зээл, дэлгүүрээр орж гаран хямд төсрийг нь хайж дааран бээрэн шогшиж байхад тэртээ хойд зүгт мөн ч амгалан, цэвэрхэн, даанч сайхан байна. Бахармаар, бас атаархмаар ч санагдлаа. Мал сүрэг нь тараг тэвээрэг сайтай, хотоо тойрон бэлчээд л, малчид нь цагаан сарынхаа бэлтгэлийг хэзээний хангачихсан, зүүнээс саяхан гаргасан сэгсүүргэн дээлээ салхинд сэврээсэн шиг тайван сайхан байна. Тэнд дутуу юм алга. Төр, засгийн бодлого шийдвэрийг тунгааж ярьсан хүмүүс л байна. Хөдөөгийн амьдрал гэж нэг иймэрхүү л байдаг даа гэж аандаа л бодогдуулмаар.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар Хөвсгөл аймгийн хойд зүгийн сумдын нутагт томилолтоор ажиллаж улсын алдар, цол хүртсэн малчдад шагнал гардуулан, иргэдтэй уулзан төр, засгаас явуулж буй бодлого, гаргасан шийдвэр, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийнхээ талаар тайлбарлан танилцуулж, малчдын төр, засагтаа хүргэх үг, санал, бодол, хүсэлтийг нь сонсоод ирлээ.

Энэхүү үзэсгэлэнт нутгаар цас ихтэй ч өнтэй сайхан өвөл болж, анхны төлийн дуу цангинаж эхэлжээ. Алаг-Эрдэнэ сумын II багийн иргэн

Бүүвэйн Баттогтоход “Улсын аварга малчин”-ы тэмдэг, үнэмлэхийг олгох ёслолоор томилолтын ажил эхэллээ.    Шинээр тодорсон аварга малчны аав Дэлгэрийн Бүүвэй агсан АИХ-ын депутатаар сонгогдож байсан агаад 45 жилийн өмнө “Улсын аварга малчин” хэмээх энэхүү цолыг хүртэж асан орон нутаг, ойр тойрондоо нэр хүндтэй буурал байжээ. Нутгийн зон олон нь энэ үйл явдлыг Алаг-Эрдэнэчүүдээс “аварга”-ын буухиа тасрахгүй, энэ бууцнаас ишиг хурганы дуу тасрахгүй хэмээн ихэд бэлгэшээж байв. Б.Баттогтох нутгийнхаа малчин залуу гэр бүлд иж бүрэн гэр бэлэглэв.

Дараа нь Рэнчинлхүмбэ сумын ёлт багийн малчин Чадраагийн Зинамядарт “Улсын аварга малчин”, Баянзүрх сумын Хайс багийн саальчин Өвгөлжийн Эрдэнэчимэгт “Улсын аварга саальчин" цолны үнэмлэх, тэмдгийг хот хотонд очиж гардуулав.

Мөрөн сумын IX багийн малчин Отгонбаярын Даваадоржид Монгол Улсын ХХААХҮЯ, МҮОНРТ- ийн нэрэмжит “Алтан унаганы эзэн”-ий цол, тэмдгийг гардуулав. Энэ адуучин залуу өнгөрсөн жил 200 гаруй унага бойжуулснаар тэргүүн амжилт тогтоожээ. Адууныхаа хагасыг хотондоо тогтоочихсон “Хориод азарга адуу байна. Адууны хийморь сайхаан. Даан ч олон учраас бэлчээр талхаллаа гээд хөршүүд маань жаахан дурамжхан байдаг болохоор азарга азаргаар нь таслаад хариулдаг” гэж байв. “Үхрээ сааж амжихгүй юм. Энэ олон сарлагийг саана гэвэл хэдэн өдрийн ажил болно л доо" хэмээн аваргын гэргий ярьж байна.

Хөвсгөл аймаг өнгөрсөн онд мал сүргээ таван төрлөөр нь өсгөж улс, аймгийн аварга болон мянгат малчин олноор төрөн гарсныг аймгийн ИХ- ын дарга Л.Төмөрбаатар, Засаг даргын орлогч А.Эрдэнэбаатар, Алаг-Эрдэнэ сумын ИХ-ын дарга Даваадамдин нар ярьж энэ жилийн амжилт арвин байгааг дуулгалаа. Аймгийн хэмжээнд мянгат малчин 27-оор нэмэгдсэний ес нь бидний очсон Алаг-Эрдэнэ сумын малчин аж.

Орон нутгаар явж байхад иргэд төр, засгаас явуулж буй бодлогод сэтгэл хангалуун байгаагаа хуучилж байв. Малчдын тэтгэврийн насыг наашлуулсан, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж, “Насны хишиг” олгож эхэлсэн, “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн зэрэг арга хэмжээг талархан ярьж байлаа. Хүүхдээ харж байгаа ээжүүдийн нийгмийн даатгалыг тасалдуулахгүй болж, төрүүлж өсгөсөн хүүхдийн тоогоор тухайн ээжийн шимтгэл төлсөн жилийг 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцохоор болсон нь амьдралд нийцтэй шийдвэр боллоо хэмээн үзэж байв.

Түүнчлэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хурдхан гаргаж, мал эмнэлгийн үйлчилгээг сэргээн тогтворжуулах саналыг олон малчин гаргаж байсан нь тэдний хувьд нэлээд чухал асуудал бололтой. “Малаа өсгөж болж байна. Мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг алба байхгүй болохоор малын өвчин газар авах хандлагатай байгаа нь бидэнд томоохон эрсдэл үүсгэж байгаа юм. Энэ талаар л төр, засгийн албан тушаалтнуудын сонорт хүргээрэй” хэмээснийг уламжилъя. Баянзүрх сумын нэгэн малчин “Бид боохойноос айдаггүй, малын хулгайч, өвчин хоёроос л айж ширвээтэх юм” гэж хэлсэн нь тэдний өмнө тулгараад байгаа нэгэн зовлонгоо оноож хэлсэн хэрэг биз ээ.

Б.МОНХОО