УИХ-ыг гишүүн Л.Болд: “Eco city” гэр хорооллын төслийг хэрэгжүүлнэ
УИХ-ын гишүүн Л.Болд тойргийнхоо иргэдтэй уулзаж байгаа талаар бид өмнөх дугаартаа хүргэж байсан. Тэрбээр өчигдөр Хан-Уул дүүргийн тав, зургаадугаар хорооны иргэдтэй уулзаж УИХ-ын намрын чуулганы үеэр хийсэн ажлаа тайлагнахаас гадна иргэдийн санал, сэтгэгдлийг сонслоо.
Уулзалтад тус хороодын 140 гаруй иргэн оролцсон. Өөрийн хийж, хэрэгжүүлсэн ажлын талаар болон, цаашид хийх ажлынхаа талаар иргэдэд тайлагнаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн юм. УИХ-ын гишүүн Л.Болдын хэлж буйгаар мэргэжлийн Засгийн газар 200 хоногийн хугацаанд 59 тогтоол, 170 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг гаргажээ. УИХ-ын намрын чуулганаар бие даасан 22 хуулийг баталсан байна.
Мөн ажлын хэсгийн саналыг аль болох бодитоор тусгаж, улсын төсвийг бүтээлч төсөв болж чадаагүй гэдгийг ч хэлж байсан юм. “Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь төрийн мэдэлд авсан. Хүүхдийн мөнгийг хүүхдүүдийн 60 хувьд олгохоор болсон. Жижиг дунд үйлдвэрийн 1.5 тэрбум төгрөгийн зээлд 4678 аж ахуй нэгж хамрагдаж байгаа гэх мэт ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэжээ. Ирэх хаврын чуулганаар түүний санаачилсан Гэр хорооллын хөгжлийн хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиудыг авч хэлэлцэх юм.
Засгийн газар 200 хоногийн хугацаанд 11 мянган төрийн мэргэшсэн албан хаагчийг цомхотгосон, хүүхэд харах үйлчилгээг зогсоосон, мөн “11-11” төвийг татан буулгаснаар төрийн чихэнд иргэдийн дуу хоолой хүрч чадахгүй болсон гэх иргэдэд халтай, буруу шийдвэрүүдийг гаргасан хэмээж байлаа. Хэрэггүй илүүдсэн орон тооны ажлын байр бий болгож 15 байсан сайдыг 29 болгосон. Энэ нь иргэдийг хүндрэл рүү хүчээр чирч оруулж байна” хэмээв.
Түүний санаачилсан өөрийн тойргийн хороодыг камержуулах болон сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдэх төсөл хөтөлбөр нь хэрэгжилтийн шатандаа явж байна. Герман улсын Засгийн газрын тусламжаар Азийн улс орнуудад хэрэгждэг байгаль орчинд ээлтэй, орчин үеийн архитекторын шийдэл бүхий 130 сая долларын “Eco city” гэр хорооллын төслийг хэрэгжүүлэхээр болжээ.
Хэдийгээр “Сайн хашаа” хөтөлбөр зогссон ч энэ төслөөр дамжуулан гэр хорооллыг сайжруулах гэнэ. Энэ төслийн санааг тэрбээр өөрөө Германы засгийн газарт хүргүүлж нааштай хариу авсан бөгөөд Хан-Уулд ч гэлтгүй бусад дүүргүүдэд ч хэрэгжүүлэх бодолтой байгаагаа ярьлаа. Үүнийг иргэд баяртайгаар хүлээн авсан юм.
Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын гишүүн О.Батхуяг “Сонгуулиас хойш гурван сар өнгөрлөө. Энэ хугацаанд миний тооцоогоор 82 хүнийг ямар нэгэн шаардлага, үндэслэлгүйгээр ажлаас халлаа. Бид хуулийг хэрэгжүүлэх ёстой болохоос биш өөрсдийнхөө эрх ашигт хуулийг ашиглах эрхгүй. Тиймээс дүүргийн удидлагуудад тодорхой шаардлага хүргүүлэх хэрэгтэй. Мөн хороодын иргэдийн хурлын гишүүдийг, даргыг иргэд өөрсдөө сонгох ёстой. Гэтэл дөрөвдүгээр хорооны Засаг даргыг ажлаас нь халаад үүрэг гүйцэтгэгч томилон ажиллуулж байна.
Зургаадугаар хорооны Засаг даргыг 14-ний өдөр ажлаас халсан. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Ийм үзэгдэл маш эрчимтэй газар авч байна. Сүүлийн үед Орон нутгийн хөгжлийн сангаас хороо болгонд 100 гаруй сая төгрөгний санхүүжилт ирдэг байсан бол одоо зургаан хороонд 50 сая болсон. Үүгээр бид өөрсдөдөө хэрэгтэй камержуулалт, зам засвар гэх мэт ажлуудаа хийж чадахгүй байна.
Нэг хороог камержуулах мөнгийг таван хорооны дунд өгч байна. Тэгээд сандал, ширээ, албан тушаалын асуудал яригдаад байна” гэж дүүргийнхээ удирдлагуудын буруу шийдвэр, хууль зөрчсөн асуудлыг УИХ-ын гишүүн Л.Болдод уламжилсан юм. Тус хорооны иргэд ч хорооны Засаг даргыг томилж байгаа асуудлыг шийдэж өгөхийг хүссэн юм.
Иргэдийн зүгээс утааны асуудал, оффшор бүсэд байгаа хөрөнгө, Олон улсын валютын сангийн зээл, шинээр цэцэрлэг барих зэрэг асуудлаар санал бодолоо хэлж, зарим асуудалд шийдэх гарцыг ч мөн дурдаж байлаа. Нийслэл хотын утааны талаар иргэдээс олон санал гарч байлаа. V хорооны ахмад настан Ганбаатар “Өнгөрсөн хугацаанд төслийн нэртэй тараагдсан дөрвөн янзын зуух манай хашаанд хэрэгцээгүй байж л байна.
Төслийн зуух нэртэй утааг багасгах биш харин мөнгө угаах ажил болсон” хэмээн ярив. Мөн иргэд шөнийн тарифийг хөнгөлсөн ч цахилгаан халаагуур авч чадахгүй, тэдний амьдралд үнэтэй тусч байгааг ч онцолсон юм. Утааны талаарх асуудлыг хавар эхлээд мартах биш цаашид анхаарч, арга хэмжээ авах болно гэдгээ УИХ-ын гишүүн Л.Болд хэлж байлаа.
Уулзалтын үеэр иргэд маш олон асуултыг УИХ-ын гишүүнд тавьж байсан бөгөөд олонхийн тавьсан асуултад гишүүний хариулсаныг багцлан хүргэж байна.
-ОУВС-ийн хэрэгжүүлэх төслийн нөхцлийг иргэд бид эсэргүүцэж байна. Энэхүү сангаас зээл авбал иргэдийн нуруун дээрх ачаа улам бүр хүндэрч, амьдрахад хэцүү болно. Түүнийхээ оронд төр засаг зардлаа танах, оффшор бүсэд байгаа мөнгийг эх орондоо авчрах, томоохон төслүүдээ хөдөлгөх зэрэг ажлуудыг дорвитой хийж чадвал заавал ОУВС-аас зээл авахгүй байх боломжтой. Харин татвар нэмж иргэдийг туйлдуулах замаар ОУВС-ийн төслийг хэрэгжүүлэхгүй байх тал дээр УИХ- дахь АН-ын бүлэг илүү чанга тод дуугараасай гэж хүсэж байна?
-Энэ асуудал дээр манай АН-ын бүлэг хуралдаж санал дүгнэлтээ бэлдчихсэн байгаа. Төр үргүй зардлаа танаж өрнөөс гарах боломж бидэнд байгаа гэдгийг судалгаатай тогтоосон. Өнөөдөр маш олон шаардлагагүй төрийн албан тушаалтны орон тоо бий болж түүнийгээ дагаад зардал ихэссэн. Сонгуулийн дараа албан тушаалаа авсан сайд дарга нар бүгд өрөөгөө засаж, тавилгаа шинэчилсэн. Энэ бүхний тооцоо судалгааг бид гаргасан. Цагаан сарын дараа хуралдах УИХ-ын чуулганы хуралдаан дээр АН-ын бүлэг энэ асуудлуудаа тавих болно. Тэгээд ч ОУВС-ийн төслийг хэрэгжүүлэх эсэхийг УИХ дээр ярьж шийдвэрлээгүй байхад Сангийн сайд нь өнөөдөр дээрх төслийг хэрэгжүүлэхээр нэгэнт шийдсэн мэт мэдэгдэл хийж байгаа нь өөрөө хууль бус үйлдэл юм.
-Утааг бууруулахын тулд хийж буй ажлууд хэр нүдээ олж байгааг шалгаж, гал түлж амьдардаг гэр хорооллын иргэдийнхээ санал бодлыг тусгасан шийдлүүдийг гаргаасай гэж хүсэж байна?
-Утааг бууруулах тал дээр төр засаг боломжит арга хэмжээнүүдийг авч байгаа. Хэдий шийдвэрээ оройтож, санхүү эдийн засгийн тооцоололгүй яаран гаргасан ч гэсэн цахилгааны шөнийн тарифыг тэглэх зэргээр авч байгаа арга хэмжээнүүд нь зөв юм. Цаашид энэ талаар илүү сайн боловсруулсан төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд иргэдийнхээ дуу хоолойг сонсох байх. Өмнө нь “11-11” Үндэсний мэдээллийн лавлах төв байхад иргэд санал бодлоо илэрхийлэхэд илүү боломжтой байсан. Харин татан буулгасанаар өнөөдөр иргэд санал хүсэлт, гомдлоо илэрхийлэх боломж нь хаагдсан нь харагдаж байна.
-Бидэнтэй хамгийн ойр ажилладаг хорооны засаг даргыг иргэд өөрсдөө сонгож яагаад болдоггүй юм бэ, бид томилолтоор ирдэг, бидний амьдралыг огт мэдэхгүй, танихгүй даргатай болохыг эсэргүүцэж байна. Шинэ дарга ирсэнээр маш олон төрийн албан хаагчийг шалтгаангүйгээр халж, төрийн ажил цалгардаж иргэд дунд нь хохирч байна. Энэ асуудлыг цааш нь УИХ-ын хэмжээнд уламжилж, шийдвэрлэж өгөх боломж байна уу?
-Энэ асуудал дээр бид олон удаа шаардлага тавьж байгаа. Цаашид ч анхаарч асуудлыг шударга шийдвэрлүүлэхийн төлөө ажиллах болно. Удахгүй чуулганы хуралдаан эхлэхээр бид энэ талаарх албан бичгээ өгөхөөр бэлдчихсэн байгаа.