Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ
Эдийн засгийн байнгын хороогоор Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулав.
Усан замын тээврийн тухай хууль нь 2003 онд батлагдсан, сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал хурдацтай өсч буйтай холбоотойгоор иргэд томоохон нуур, голын эрэг орчмоор амрах, зугаалах нь нэмэгджээ. Үүнтэй холбоотойгоор усан замын тээврийн өнөөгийн тогтолцоо, бүтэц зохион байгуулалтад тулгамдсан дээр дурдсан нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт хангалтгүйгээс усан замын тээврийн ажил үйлчилгээний чанар, хүртээмж хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагыг үр ашигтай хангаж чадахгүйд хүрэх нөхцөл байдал үүсч байгааг үндэслэн Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд усан замын тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгал, зорчигчдын амь насны даатгал, усан замын тээвэрлэлтийн чиглэл тогтоох, батлах, зорчигчийн аюулгүй байдлыг хангах асуудлаар төрийн болон нутгийн захиргааны байгууллага, холбогдох бусад байгууллагын эрх, үүргийг тодорхой болгох асуудлыг тусгасан байна. Түүнчлэн усан замын тээврийн хэрэгслээр үзүүлж буй үйлчилгээний чанар, стандартын хэрэгжилт, хяналтын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, байгаль орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх, зорчигч, жолоочийн аюулгүй байдлыг хангах зорилгоор усан замын тээврийн хэрэгслийн нэгдсэн зогсоол байгуулах, засвар үйлчилгээ хийх, тэдгээрийг шатах тослох материалаар хангах цэг байгуулах асуудлыг тусгажээ. Мөн иргэдийн зорчих хэрэгцээ нэмэгдсэн, усан замын тээврийн хэрэгслийн тоо олширсон, усан замын тээвэрлэлт өргөжсөнтэй уялдан аюулгүй байдлыг хангах, усан замын тээврийн хэрэгслийн бүртгэл болон хяналт тавих тогтолцоо, байгаль орчныг бохирдуулахгүй байх зохицуулалт, усан замын тээврийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах чиг үүргийг усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төрийн болон төрийн бус мэргэжлийн байгууллагад хуулиар шилжүүлэх, усан замын тээврийн хэрэгслээр зорчиж байгаа иргэн, усан замын тээврийн үйл ажиллагаанд оролцогч хуулийн этгээд болон бусад этгээд усан замын тээврийн талаарх хууль тогтоомжийг зөрчсөн, усан замын тээврийн хэрэгслийн осол, зөрчил гарсан тохиолдолд буруутай этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох аж.
Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэр-Очир, Ч.Хүрэлбаатар, Л.Болд нар ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсан юм. Тухайлбал, манай улсад аялал жуулчлалын зориулалтаар усан замын тээвэрийн зохицуулалтууд яригддаг гэдгийг Ч.Хүрэлбаатар гишүүн дурдаад энэ хуулийн төсөлд иргэдэд хамааралтай ямар зохицуулалт байгааг тодрууллаа. Зам, тээврийн яамны Далай ашиглалт, усан замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн мэргэжилтэн Д.Ганбаатар хариулахдаа, усан замын тээврийн хэрэгслийг урт, хөдөлгүүрийн хүчин чадлыг үндэслэн ахуйн болон арилжааны зориулалтынх хэмээн ангилсан байна. Арилжааны зориулалтаар ашиглах усан замын тээврийн хэрэгсэл нь 8 кВт-ээс дээш хүчин чадалтай хөдөлгүүртэй байх бөгөөд үүнийг улсын бүртгэлд бүртгэж, хүн тээвэрлэх тусгай зөвшөөрөл авах зохицуулалтыг тусгасан байна. Харин тухайн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх иргэд тасалбар худалдан авахдаа даатгалын болон бусад үйлчилгээний хөлсийг төлж байгаа учир нэмэлтээр ямар нэг үйлчилгээний хөлс, төлбөр төлөхгүй гэлээ. Мөн усан тээврийн хэрэгслийн жолооч бүр хариуцлагын даатгалд хамрагдсан байхаар хуулийн төсөлд тусгасан байна.
Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд өмч хөрөнгө, байгаль экологийн асуудал, хамгийн чухал нь хүний амь настай шууд хамааралтай гэдэг утгаар нь Монгол Улсын усан тээврийн аюулгүй байдлыг анхаарах шаардлага тулгараад байгааг тэмдэглэн хэлсэн юм. Гэхдээ экологийн асуудлыг тооцож, судалгаа хийн, монгол орны унаган төрх, онгон байгалийн төрхийг хамгаалах, хадгалахад онцгойлон анхаарч, энэ төрлийн зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан эсэхийг тодруулав. Монгол Улсад усан тээврийн хэрэгсэл жолооддог мэргэжилтнүүдэд жил бүр сургалт явуулж, шалгалт авч, мэргэшүүлэх ажлыг гүйцэтгэдэг бөгөөд тээврийн хэрэгслийн үзлэг, оношлогоог холбогдох газрууд жил бүр хийж байгаа талаар ажлын хэсгээс хариулт өгөв. Мөн удаан хугацаанд ашиглаж, бохирдсон усан замын тээврийн хэрэгслийг өөр гол, нууранд шилжүүлэн явуулснаас үүдэн гол, нуур бохирдож, дахин цэвэршихээргүй болж сүйрдэг жишээ бусад улс орнуудад олон бий. Далайд буюу давстай усанд явж байсан усан онгоц, завинд замаг ургаж, олон төрлийн нян хуримтлуулсан байдаг ба ийм төрлийн тээврийн хэрэгслийг импортлон, ашиглах явцад тухайн нуур, голыг бохирдуулж, эко системийг нь сүйрүүлэх эрсдэл бий. Одоогоор манай улсад ашиглаж байсан усан тээврийн хэрэгслийг импортлохыг хориглосон эрх зүйн зохицуулалт байхгүй гэдгийг Зам, тээврийн яамны Далай ашиглалт, усан замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн мэргэжилтэн Д.Ганбаатар хэллээ. Уг хариулттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, энэ талаарх зохицуулалтыг хуулийн төсөлдөө тусгах нь зүйтэй гэдэг саналыг хэллээ. Асуулт, хариултын төсгөлд байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва, далайн тээвэрт Монгол Улсын далбааг ашиглуулж байгаатай холбоотой нөхцөл байдал, эрх зүйн зохицуулалтын талаар тодруулсан.
Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов. Мөн тус хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулан байгуулав.