Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-аар хэлэлцэнэ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо
2017.01.31

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-аар хэлэлцэнэ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн /2017.01.31/ хуралдаанаараа эхлээд Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нарын 10 гишүүн болон Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл/-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцуулав. Ажлын хэсэг хуралдан, эрүүлжүүлэх байранд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд мэргэжил, арга зүйгээр хангах чиг үүргийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэх, төслийн 4 дүгээр зүйлд хуулийн 7.3.2 дахь хэсэгт өөрчлөлт оруулахаар заасан байсныг “шаардлагатай эмчилгээ, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхгүй байх” гэж өөрчлөн найруулах, эрүүлжүүлэх байр цагдаагийн байгууллагын харьяалалд шилжиж байгаатай холбогдуулан хуулийн зорилт хэсэгт өөрчлөлт оруулах зэргийг төсөлд тусгасан болохыг тэрээр танилцууллаа. Мөн ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын 6 томьёолол боловсруулсан байна. 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, О.Батнасан, Л.Болд, Ж.Ганбаатар, Ж.Батзандан, М.Билэгт нар хууль санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдэд сэтгэцийн эмгэгтэй хүнд хэрэглэдэг номхотгох арга хэрэглэх талаар тусгасан зохицуулалтын талаар тодруулсан юм.
Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Номхотгох таван арга байдаг бөгөөд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, өөрийгөө хянах чадваргүй болсон иргэний аюулгүй байдлыг хангах үүднээс хэрэглэхээр тусгасан” хэмээн хариулт өглөө. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, эрүүлжүүлэх байрыг эмнэлгүүд рүү шилжүүлсэн нь амьдралд нийцэхгүй байгаагаас үүдэн дахин зохицуулалт хийж байна.
Ингэхдээ хүний эрхийг хангахад чиглэсэн зөв зохицуулалт хийх нь чухал гэдэг саналыг хэлсэн. Ингээд ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.