Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Их засаг Олон улсын их сургуультай санамж бичиг байгууллаа
Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ
2017.01.31

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Их засаг Олон улсын их сургуультай санамж бичиг байгууллаа

Өнөөдөр буюу 01-р сарын 27-ны өдөр Монгол улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Их засаг Олон улсын их сургуульд хүрэлцэн ирж тус сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монгол улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Мөнх-Очир, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга, хурандаа С.Ганбямба, Нийслэлийн цэргийн штабын орлогч дарга, хурандаа Ц.Анхбаяр, Их засаг их сургуулийн захирал Д.Ням-Осор тэргүүтэй албаны хүмүүс оролцож, Их засаг Олон улсын их сургуулийн оюутнуудын төлөөлөлтэй уулзаж ярилцахын зэрэгцээ тус сургуулийн инновацийн төвийн үйл ажиллагаатай танилцав. 

Уг санамж бичигт Монгол улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн их дээд сургуулиудад цэргийн эрдмийн тэнхим байгуулж, цэрэг эх оронч хүмүүжил олгох тухай зарлигийн хүрээнд Батлан хамгаалах яам, Их засаг Олон улсын их сургууль хамтран цэргийн эрдмийн тэнхим байгуулах тухай дурьдсан байна.

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ энэхүү арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ "Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгийн "Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт хүүхэд, залуучуудад цэрэг эх оронч үзэл, хүмүүжил олгох хичээлийн хөтөлбөрийг тусгаж, хэрэгжүүлэх" бодлогын зорилт шинээр батлагдаж, Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулиар хуульчлан баталгаажсан. Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "... иргэдэд эх орноо хамгаалахад оролцох, цэргийн боловсрол, бэлтгэл эзэмшүүлэх боломжийг нэмэгдүүлэх" зорилтыг тусгаад байгаа.

Батлан хамгаалах яамны зүгээс дээрх төрийн бодлого, хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс "Оюутан цэрэг" хөтөлбөрийг 3 жил амжилттай хэрэгжүүлээд байгаа билээ. Цэргийн албаны тухай хуульд "Оюутан-цэрэг" сургалтад хамрагдсан оюутан, суралцагч цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгдэх эрх зүйн зохицуулалтыг оруулж, Засгийн газрын шийдвэрээр "Оюутан-цэрэг"-т цэргийн мэргэжил олгох сургалтын журмыг баталгаажуулаад байна.

Мөн Монголын Үндэсний Их сургуультай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд тус сургуульд цэргийн тэнхим байгуулагдаж, сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдөр хууль, эрх зүйн шинэ орчинд хамтран ажиллахаар Батлан хамгаалах яам, Их засаг Олон улсын Их сургууль санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд тус сургууль дээр "Цэргийн эрдмийн тэнхим" байгуулагдаж, оюутнуудад "Цэргийн анхан шатны бэлтгэл" хичээлийг тусгайлан боловсруулсан хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах юм.

Үүнийг хэрэгжүүлснээр оюутан залуус цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй болон төлөвших үндэс суурийг тавих ач холбогдолтой гэж үзэж байна." гээд Батлан хамгаалах яамны зүгээс "Цэргийн эрдмийн тэнхим" байгуулах тал дээр бодлогын дэмжлэг үзүүлж, сургалт явуулах орчныг бүрдүүлэхэд шаардлагатай сургалтын үзүүлэн таниулах, дууриалган үзүүлэх материал, хэрэгслээр хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно гэдгийг хэллээ.