Ардчилсан намын дараагийн дарга
76:31 буюу Л.Гантөмөр
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр. Өнгөрсөн удаагийн сонгуульд Сүхбаатар дүүрэгт АН-аас нэр дэвшин сонгогдсон. Тэрбээр тухайн үед “Ард түмний мөнгийг хэмнэе” уриатай оролцсон нь тун зөв бодлого байсан учраас тухайн үеийн МАХН-ын С.Баяр, С.Батболд гэсэн хоёр лидертэй эн зэрэгцэн УИХ-ын эрхэм түшээгээр сонгогдож чадсан. Сонгогдсоныхоо дараа ч энэ амлалтаа зүгээр нэг шоу болгоод өнгөрөөлгүй ажил хэрэг болгосон билээ. Үүнээс үзэхэд Л.Гантөмөр гишүүн хэлсэн үгэндээ эзэн болж, иргэдийнхээ сонголтыг хүндэтгэдэг нэгэн ажээ. Манай сонин энэ удаагийн “76:?” буландаа УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийг онцолж байна.
Амлалт
Саяхан болж өнгөрсөн АН-ын ҮЗХ-ны хурал дээр Сангийн сайд С.Баярцогт “АН-ын амлалт 100 хувь биелсэн” хэмээн мэдэгдсэн билээ. Үнэхээр ч 2008 оны сонгуульд Ардчилсан намаас авч орсон мөрийн хөтөлбөр хангалттай хэрэгжсэн. Өнгөрсөн сонгуульд гишүүд дангаараа элдэв амлалт, мөрийн хөтөлбөр гаргахыг хориглосноороо онцлог байсан. Л.Гантөмөр гишүүн ч бас элдэв янзын мөнгөний амлалт өгч, тэр хороонд тийм тоглоомын талбай, амралтын газар байгуулж өгнө гэх мэт жижиг зүйл яриагүй. Энэ бичлэгийн эхэнд дурьдсанчлан эрхэм гишүүний гол уриа “Ард түмний мөнгийг хэмнэе” байлаа. Энэ хүрээнд хамгийн түрүүнд сайдуудаас эхлээд энд тэндэхийн төрийн албан хаагчид, дарга нарын жийпүүдийг хурааж, жижиг автомашинаар солих санаачилга гаргасан. Мэдээж тухайн үедээ маш хүчтэй эсэргүүцэлтэй тулж байсан ч энэ бодлого хэрэгжсэний үр дүнд төсвөөс 100 гаруй тэрбум төгрөг хэмнээд байна. Энэ мөнгөөр 180 гаруй километр автозам тавьж болох юм. Ямаанд зарцуулж буй 35 тэрбум төгрөгийг цуцлах, одонгийн өвчнөөс ангижрах гэх мэт томоохон санаачилгууд байсан. Харамсалтай нь УИХ-ын олонхийн зарчмаар шийдвэр гарч, эрхэм гишүүд ямаанд хайр зарлан 35 тэрбум төгрөг өгсөн билээ. Харин өнөөдөр 35 тэрбум төгрөгөөр тансагласан ямаа иргэн таны амьдралд ямар нэмэр үзүүлснийг Л.Гантөмөр гишүүн асууж байна. Энэ мөнгөөр ноос, ноолуурын үйлдвэр барьсан бол хэчнээн хүн ажлын байртай болж, хэчнээн айл орлоготой болохоор байсан билээ. Монгол Улс жил бүр төсөвтөө тодотгол хийж, илүүдэл орлогоо шавхан хуваарилж, ард түмний татварын мөнгийг хэрэгтэй, хэрэггүй олон зүйлд зарцуулдаг байсан цаг ард хоцорлоо. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлагдсанаар Монгол Улс илүүдэл орлогоо тарааж хаях бус хадгалдаг болж байна. Түүнчлэн Төсвийн хуулийн шинэчлэлийн хүрээнд орон нутаг өөрөө төсвийн эрх мэдэлтэй болох, Тендерийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны үр дүнд орон нутаг өөрөө тендерийн худалдан авалт хийх эрхтэй болоод байна. Л.Гантөмөр гишүүний 2008 оны сонгуульд амласан амлалтын нэг бол төсвийн эрх мэдэл цөөн хэдэн сайд нар, УИХ-ын гишүүдийн гарт төвлөрч, орон нутаг бие даан юу ч хийх боломжгүй байсныг өөрчлөх тухай байлаа. Өөрөөр хэлбэл, орон нутагт тодорхой эрх мэдлийг өгч, бие даан хөгжих боломжийг нь бий болгох тухай асуудал. Ингэснээр УИХ-ын гишүүд сумын төвийн соёлын төвд засвар хийх тухай асуудлыг ярьж суудаг цаг дуусах учиртай. УИХ Төсвийн шинэчлэлийн тухай хуулийн төслийг баталснаар энэ асуудал бүрэн шийдэгдлээ. Ингэснээр орон нутаг өөрөө төсвийн эрх мэдэлтэй болж, орлогоо хуваарилан зарцуулах эрхтэй болж байна.
Амжилт
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Үүргийн хувьсгал”-ыг санаачилж, үүнийг нь Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжлээ. Энэ бол түүний хамгийн том амжилт болов уу. “Үүргийн хувьсгал” гэж чухам юу вэ. Энэ талаараа эрхэм гишүүн “Өдрийн сонин”-д дэлгэрэнгүй ярилцлага өгөхдөө дурьджээ. Тэрбээр “...Зун шатахууны хомсдол үүсэхэд нэг ч хүн хариуцлага хүлээгээгүй. Тэгэхээр монголчуудыг бензинээр таслахгүй байх үүрэг хүлээх хүн байгаагүй гэсэн үг. Д.Зоригт сайд, Онцгой байдлын дарга, Сангийн сайд, Газрын тосны хэрэг эрхлэх газрын даргад тийм үүрэг байгаагүй. Тиймээс яагаад үүрэг хүлээдэггүй юм гээд шалгаад үзсэн чинь манай хуулиудад дарга нарын талаар зөвхөн бүрэн эрхийн зохи цуулалт л байдаг юм байна. Ялангуяа сүүлийн 6-7 жил гаргасан, шинэчлэн найруулсан хуулиудад тийм байна. Бүрэн эрхийн зохицуулалтаар хийхээр эрх мэдэл нь харагдаад үүрэг нь бүгд алга болдог” хэмээжээ. Түүний хийсэн судалгаагаар манай төрийн албан хаагчид дунджаар 70 төрлийн эрх эдэлдэг бол үүрэг нь түүнээс долоо дахин бага байгаа нь тогтоогдсон байна. Жишээ нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд Төрийн бүрэн эрх 67 байхад үүрэг нь нэг ч байхгүй, албан тушаалтны бүрэн эрх 28 байхад үүрэг нь мөн адил тэг байна. Төрийн албан хаагчид хүнд сурталтай, иргэнд үйлчлэхээсээ илүү чирэгдүүлэх дуртай байгаагийн гол шалтгаан нь ердөө л энэхүү хуулийн зохицуулалтад байгаа нь эндээс тодхон харагдлаа. Өнөөдөр төрийн албан хаагчид зөвхөн эрхээ эдлээд үүргээ биелүүлэх талаар мартсан байна. Арга ч үгүй дээ, үүргийн талаар ямар ч хуулийн зохицуулалт байхгүй, байлаа ч эрхээсээ долоо дахин бага юм чинь. Тийм ч учраас Л.Гантөмөр гишүүн “Үүргийн хувьсгал”-ыг хийх шаардлагатай гэх санаачилга гаргасан. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэмжиж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо
сэргээсний 100 жилийн ойн хүндэтгэлийн чуулганд үг хэлэхдээ “Үүргийн хувьсгалдаа урагшаа” хэмээн уриалсан. Мөн тэрбээр энэ хүрээнд “Монголд мөнгөний биш хариуцлагын хомсдол байна, манайх эрхийн биш үүргийн дутагдалд оржээ, хариуцлага хүлээдэг хүн алга боллоо гэж иргэд ярьдаг. Иргэд үнэнийг хэлж байна. Хуулиар хуяглаж, эрхэндээ эвдэгдсэн төрөө энэ байдлаас нь өөрчилье. Иргэддээ, хувийн хэвшилд, олон нийтийн байгууллагуудад эрхийн шилжилт хийе. Төр нь үүрэгтэй, иргэд нь эрхтэй байдаг эв зохист нийгмээ байгуулъя” хэмээн онцолсон билээ. Хамгийн гол нь хэдэн сайд дарга нар, төрийн албан хаагчдын эрхийг хасах тухай асуудал бус Монголын нийгэмд хийх жинхэнэ реформын шинжтэй үйл ажиллагааны эхлэл болж байгаа юм. Энэ реформыг хийж чадвал улсын хөгжилд маш том түлхэц болох нь дамжиггүй билээ. Эрхэм гишүүн 2008 онд Автобензин, дизелийн түлшний албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Онцгой албан татварын тухай хуулийн зарим зүйл заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг өргөн барьсан. Үүний үр дүнд Засгийн газар зайлшгүй тохиолдолд газрын тосны бүтээгдэхүүний онцгой албан татварт өөрчлөлт оруулах замаар автобензин, дизелийн түлшний хэрэглэгчдэд хүрэх үнийг тогтвортой байлгах боломж бүрдсэн билээ. Сүүлийн гурван жилд нефть бүтээгдэхүүний үнэ тогтвортой байлаа шүү дээ.
Алдаа
Тэрбээр 2008 онд АН анх хамтарсан Засгийн газарт орох шийдвэр гарах үед аль нэг салбарын сайд болох боломжтой байсан гэдэг. Гэвч эрхэм гишүүн энэ саналыг хүлээн аваагүй нь нэг талаараа түүний хувьд алдаа гэж болно. Уг нь Л.Гантөмөр гишүүн тухайн үед сайд болоход тийм ч болохгүй зүйлгүй байлаа. Өмнө нь дөрвөн жил УИХ-ын гишүүнээр ажиллачихсан, АН доторх чамгүй ирээдүйтэй залуучуудын нэгд зүй ёсоор тооцогдоно. Хэрвээ сайд болсон бол магадгүй улс төрийн хувьд бас нэг шинэ туршлага болохоор байсан биз ээ. Гэхдээ эрхэм гишүүн намынхаа үзэл бодолд тууштай, итгэл үнэмшилтэй, зорилготой нэгэн учраас анхнаасаа л Ардчилсан нам хамтарсан засагт орохыг эсэргүүцэж байсан. Тийм ч учраас хамтарсан засгийн сайд болж, үзэл бодлоосоо няцахыг хүсээгүй гэдэг. Өнгөрсөн гурван жилийн турш эрхэм гишүүн хамтарсан засаг болон намын даргынхаа ажилд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсээр ирсэн билээ.
Тэнэглэл
Уг нь түүнд эрх мэдлийн бялуунаас төвөггүйхэн хуваалцаад явах боломж байгаа. Хэрвээ Н.Алтанхуяг тэргүүтэй намынхаа удирдлагуудыг дагаад явбал шүү дээ. Харин эрхэм гишүүн тийм амар хялбар замаар явахыг хүсээгүй. Тэрбээр өөрөө залуу хүн гэдэг утгаараа үргэлж намынхаа залуучуудыг дэмжиж, тэдэнтэйгээ хамт байдаг. Үүний тод жишээ “Нэг Ардчилал” клуб билээ. Залуучуудаа дэмжиж, тэдэнтэй хамтран ажиллаж болох ч намынхаа удирдлагууд, шийдвэр гаргах төвшний албан тушаалтнуудаас дэндүү хол явдаг нь түүний хувьд тийм ч зохистой биш баймаар. Ялангуяа Л.Гантөмөр гишүүн АН-ын ирээдүйтэй залуусын нэг хэмээн хүлээн зөвшөөрөгддөгийн хувьд шүү дээ. Тэр намын удирдлагуудтайгаа хэрвээ ойр байсан бол эрх мэдэлд илүү амархан хүрч чадахаар хүн. Магадгүй өөрийн гэсэн үзэл бодол, нийгмийг өөрчилж, улсаа хөгжүүлье гэсэн чин эрмэлзэлтэй, түүнийхээ төлөө тэмцэж явдаг нь нөлөөлсөн биз ээ. Гэхдээ түүний энэ үйлдлийг улс төрийн талаас нь харвал “тэнэглэл” байж болох юм.
Ирээдүй
Эрхэм гишүүн өдгөө найм дахь жилдээ УИХ-д ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд үргэлж шинийг санаачилж, шинийг хийж ирсэн. Өөрөөр хэлбэл, эрхэм гишүүн нийгэмд шинэчлэл хийх дуртай, түүнийхээ төлөө ажиллаж, хийж чаддаг нэгэн. Үүргийн хувьсгал, ард түмний мөнгийг хэмнэе гэх мэт санал, санаачилгуудаас нь харахад хангалттай. Л.Гантөмөр гишүүн өөрийн гэсэн үзэл бодолтой, ард түмэн ажил хийж чадвал баяжиж чадна гэсэн зарчмыг баримталдаг. Өөрөөр хэлбэл, элдэв амлалт, нийгмийн халамжийн шинж чанартай зүйлүүдээс татгалздаг хүн. Хэрэггүй олон төрлийн одон медалийг устгах тухай хуулийн төсөл санаачилж өргөн барьж байсан удаатай. Төрийн мөнгийг хэмнэе, хэмнэсэн мөнгөөрөө утаанаасаа салъя, зам тавья, хүн амаа ажлын байртай болгоё гэх уриатай. Энэ уриалгаа ажил хэрэг болгохын төлөө зүтгэдэг. Харамсалтай нь түүнд энэ бүх бодлогыг хэрэгжүүлэхэд нь эрх мэдэл яах аргагүй дутагддаг. Мэдээж Л.Гантөмөр гишүүний хэлж ярьж байгаа улс орны хөгжилд маш том түлхэц өгөхүйц бодлогын шинж чанартай зүйл байдаг учраас ганц гишүүний хүчээр хэрэгжүүлэхэд хүндрэлтэй. Өөрөөр хэлбэл, түүнд өөрийн бодлогоо хэрэгжүүлэхэд нь эрх мэдэл хэрэгтэй. Тийм ч учраас эрхэм гишүүн өнгөрсөн хугацаанд намын дарга болох санаатай байгаагаа олон удаа илэрхийлж байсан билээ. Тэрбээр энэ улсыг өөрчлөх талаар өөрийн гэсэн бодолтой, зорилготой нэгэн. Ардчилсан намын түүхэнд тийм бодолтой, ирээдүй холыг харсан хүн л намын дарга болж байсан гэдэг. Хэрвээ энэ уламжлал давтагдвал Ардчилсан намын дараагийн даргад Л.Гантөмөрөөс өөр хүн ерөөсөө харагдахгүй байна. Дараагийн сонгуульд ч бас эрхэм гишүүн ард түмнийхээ итгэлийг дааж, цаашилбал намын дарга болж, АН сонгуульд ялалт байгуулбал, Ерөнхий сайд болох ч ирээдүй харагдаж байна. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би Ерөнхий сайд болохыг мөрөөдөж байсан. Ерөнхий сайд хүн юу хийх ёстойг би сайн мэднэ” хэмээн зоригтой хэлж байсан билээ.