УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.01.27

О.Баасанхүү: Төрд тангараг өргөсөн гишүүд минь энэ үед л эх оронч ханд! Бусдын өмнөөс кноп битгий дараач

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.26/ Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталсан юм. 

Эцсийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү тодорхой асуудал хөндлөө. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Харилцан тохиролцсон бол Арбитраар эсвэл шүүхээр... гэж дагалдах хуулийн төслүүдэд тусгасан байна. Харилцан тохиролцох гэдгийг харилцан тохиролцож буй талын аль нэг нь өөр улсад амьдарч байгаа бол үүнийг олон улсын Арбитрын ажиллагаа гэж тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, Арбитрын үйл ажиллагааг дотоодын болон гадаадын гэж ангилсан байх юм. Талууд гэдэгт төр орж болно. Заавал иргэн байх албагүй.

Хэрэв талуудын нэг нь төр байсан тохиолдолд нөгөө тал нь гадаадын этгээд байдаг. Ингэж өөр хоорондоо хэлцэл хийж, Арбитраар шийдүүлнэ гэсэн учраас шүүхээр шийдүүлэх нь хаалттай болно гэсэн үг. Энэ тохиолдолд нэгдүгээрт Арбитр болчихож байгаа юм. Арбитраар шийдүүлнэ гэдгийг олон улсын маргаан гэж ойлгож болно.

Жишээлбэл, векселиэр ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, маш олон компани шүүхэд хандаж, шийдвэр гаргуулж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд ихэнх векселиэ төлж байсан юм. Харин Арбитраар шийдүүлсэн бол бүх хөрөнгийг хаах байсан. 5 сая ам.долларын асуудлаар Лондонгийн Арбитр дээр юу болов?

Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалыг барьцаанд тавьж, 10 сая ам.доллар буюу 20 тэрбум төгрөгийг Стандарт компанийн өмгөөллийн хөлсөнд төлсөн. Хан Ресурстай тохиролцсон гэдэг боловч үнэндээ 300 сая ам.долларын өрөнд орсон шүү дээ.

Төмөр зам, V цахилгаан станц, Төрийн банк гээд олон маргаантай асуудлын нэг талд Монгол Улсын Засгийн газар, нөгөө талд гадаадын этгээд бий. Энэ мэтчилэн бид өөрсдөө гадаадынхны аманд орчихоод байна. Тиймээс “урьдчилан тохирсон бол...” гэдэг үгээр халхавч хийх хэрэггүй.

Үндсэн хуульд “Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэж тодорхой заасан байдаг. Ингэж заасан байхад гадаадын хөрөнгө оруулалт татах нэрээр олон улсын Арбитрын маргааныг хавтгайруулах юм бол байдал хүндэрнэ.

Төрд тангараг өргөсөн гишүүд минь энэ үед л эх оронч хандаач. Энд 23 гишүүн байна. Хүний өмнөөс кноп битгий дараач.