УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2017.01.13

Ц.Даваасүрэн: Арбитрын тухай асуудал нухацтай хандах ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.12/ Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болоод холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн О.Баасанхүүгийн гишүүнийг байнга буруутгаад байдгаа болих хэрэгтэй, уг асуудлыг нухацтай ярилцаж байж шийдэх ёстой гэсэн байр суурьтай байлаа. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг дэмжиж байна. О.Баасанхүүг хуульч хүний хувьд хүндэтгэж байна. Уншдаггүй биш уншдаг. Тийм учраас О.Баасанхүү гэхээр л арзасхийгээд байж болохгүй. Үнэхээр Монголдоо шийдчихэж болох зүйлийг гадагшаа явж, чирэгдэл зардал гаргах хэрэг байна уу?

Аль болох эндээ шийддэг байх нь зүйтэй. НҮБ-ын стандарт руу оруулж байна гэдэг чинь тийм ч сайн зүйл биш шүү. Дэлхий өөрчлөгдөж байна. НҮБ-ийг АНУ өөрөө хүлээн зөвшөөрөхөө больж байна. Тийм учраас уг асуудалд нилээд ул суурьтай хандахгүй юм бол О.Баасанхүү хэлсэн болохоор л буруу зүйл гэж байж болохгүй.

Хэрэв Монголдоо шийдэх боломжтой, Монголоос мөнгө гаргахгүйгээр шийдэх боломжтой бол сайн ярьж байгаад шийдэх хэрэгтэй. Бизнесийн төлөөллүүдээс Арбитрт хандаж байсан гишүүн байвал үгээ хэл л дээ. Би Арбитрын талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ О.Баасанхүү буруу ярьж байна гэж хандмааргүй байна.