Арбитрын тухай хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Арбитрын тухай хуулийн төслийг өнөөдөр /2016.09.30/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Д.Чойжилсүрэн өргөн мэдүүлэв.
Арбитрын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг Монгол орны онцлог, НҮБ-ын Загвар хуульд нийцүүлэн, бусад улсын шилдэг туршлагыг судалсны үндсэн дээр боловсруулсан бөгөөд шинэлэг зохицуулалтуудыг тусгажээ.
Тухайлбал, Арбитрын ажиллагааны харьяалалыг арбитрын хуралдаан болох газар гэсэн утгаар 2003 оны хуульд тусгагдсаныг өөрчилсөн байна.
Түүнчлэн загвар хуульд шинээр тусгасан арбитрын бүрэлдэхүүн шийдвэрийнхээ биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авч болох нарийвчилсан зохицуулалтад нийцүүлэн “Арбитраас гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ, урьдчилсан тогтоол” гэсэн бүлгийг шинээр боловсруулан тусгажээ.
Үүний зэрэгцээ арбитр, шүүхээс маргааны аль нэг талаас гаргуулсан хэрэгжих боломжтой үүрэг, амлалт, үүргийн гүйцэтгэлийг хангах тодорхой арга хэмжээг ойлгох санхүүгийн баталгааны талаар, зардал хохирол гаргуулахтай холбоотой шинэ зохицуулалт болон цахим хэлбэрээр хийх хэлэлцээр, дампуурлын талаарх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.
Эдгээр шинэлэг зохицуулалтаас гадна хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн Загвар хуульд нийцэхгүй байгаа зарим зохицуулалтыг шинэчлэн найруулсан бөгөөд дэвшилтэт зохицуулалтыг хадгалсан болохыг хуулийн төслийн танилцуулгад дурджээ.
Арбитрын тухай хуулийн төслийг НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Олон улсын худалдааны арбитрын тухай Загвар хуульд нийцэж байгаа эсэх талаар НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын саналыг авсан бөгөөд уг төсөл Загвар хуульд нийцэж байгаа талаар урьдчилсан санал дүгнэлт ирүүлсэн байна.
Уг төслийг боловсруулах ажлын хэсгийг Улсын Дээд шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, МХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын ба үндсэний арбитр, бусад хуульч, эрдэмтэн, арбитрч нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажилласан бөгөөд төслийг боловсруулах явцад хэлэлцүүлэг, олон улсын бага хурал удаа дараа зохион байгуулж, холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн саналыг авч төсөлд тусгасан байна