С.Эрдэнэ: Ардчилсан хувьсгалын анхдагчдын гавьяаг төрөөс үнэлэх ажлыг эхлүүлнэ
-АЖЛЫН ХЭСГИЙН БИ ӨӨРӨӨ АХАЛНА-
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хурлаар Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коплер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийн талаар, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн талаар болон бусад асуудлуудыг авч хэлэлцсэн байна. Энэ талаар бүлгийн дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коплер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцах хүсэлт удаа дараа тавьж байсан юм. Гэвч тодорхой тоо баримт, мэдээлэл өгөлгүй байсаар өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд ажлын хэсгийн дүгнэлтийг оруулж ирсэн учир АН-ын бүлэг уг асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авсан юм. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлаар уг асуудлыг авч хэлэлцээд цаашид судлах шаардлагатай гэж үзсэн байна.
Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн талаар бүлгийн хуралдаанаар хэлэлцжээ. Бүлгийн дарга С.Эрдэнэ “энэхүү хуульд өөрчлөлт оруулж байгаагийн гол шалтгаан нь улс төрийн албан тушаалтнуудыг төрийн захиргааны албан тушаал давхар хаших боломж олгох асуудал юм. УИХ, НИТХ, ДИТХ, сум, хорооны ИНХ зэрэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь Үндсэн хуулийн зарчмаар байгуулагддаг. Тиймээс төрийн захиргааны ажил давхар эрхлүүлэх боломжийг хуулиар олгох нь Үндсэн хуультай зөрчилдөхөөс гадна, иргэдийн Үндсэн хуулиар олгосон сонгох эрхэнд халдсан болчимгүй үйлдэл гэж үзээд УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанд завсарлага авахаар боллоо” гэсэн юм.
Түүнчлэн Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Ардчилсан хувьсгалыг хийхэд гар бие оролцсон ахмуудуудыг уг хуульд хамруулах шаардлагатай гэж Ардчилсан намын бүлэг үзжээ. Монгол Улсад өөрчлөлт шинэчлэлт, Хүний эрх, Эрх чөлөөг дээдэлсэн хүнлэг энэрэнгүй нийгмийг байгуулж, анх удаа олон намын тогтолцоог бүрдүүлж, орчин цагийн парламентыг үүсгэн байгуулж, анхны Ардчилсан Үндсэн хуулиа батлах боломж, нөхцөлийг бүрдүүлсэн Ардчилсан хувьсгалын анхдагчдийн гавьяа зүтгэлийг Монголын төр үнэлэх цаг нь болжээ.
1990 оны Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгал нь цар хүрээ, ач холбогдлоороо 1911 оны Эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны Ардын хувьсгалаас дутахааргүй ач холбогдолтой байсан билээ. Гэвч энэхүү түүхэн хувьсгалд гар бие оролцсон ахмадуудаа Монголын төр 26 жил хайхралгүй явж ирлээ. Тиймээс шинэ цагийн Монгол Улсыг цогцлоож хэнээс ч хараат бус хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн энэ нийгмийг бий болгоход амь нас, эрүүл мэнд, ажил амьдралаараа хохирсон, одоо ч хохирсоор байгаа мянга мянган ахмадуудынхаа гавъяа зүтгэлийг бодитоор үнэлэх ажлыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг эхлүүлж байна гэв.
Энэ ажлын хүрээнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнээр ахлуулсан “Ардчилсан хувьсгалыг хийхэд гар бие оролцсон ахмуудад төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн төсөл”-ийг боловсруулж, УИХ-д өргөн барих Ажлын хэсэг байгуулагдаж байгаа аж.