А.Бакей: Сунгааны үр дүнд нам тарах бус нэгдэх нь чухал
УИХ-ын гишүүн асан А.Бакей
2017.01.25

А.Бакей: Сунгааны үр дүнд нам тарах бус нэгдэх нь чухал

УИХ-ын гишүүн асан А.Бакейтай ярилцлаа.

-Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөж буй таван нэр дэвшигч өнгөрсөн мягмар гарагт сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор өндөрлүүллээ. Энэ удаагийн намын даргын сунгааг хэрхэн дүгнэж байгаа вэ?

Үр дүнтэй боллоо. Монголын улс төрийн хүчнүүдэд үлгэр жишээ болохуйц сунгаа болсон хэмээн дүгнэж байна. Учир нь төрийн өмнө үүрэг хүлээсэн намын даргыг хэдхэн гишүүний саналаар бус, нийт гишүүний саналаар сонгож байгаа нь улс төрийн том соёл. Намын нийт гишүүний санал, шүүмжлэлийг сонсож, сонгогдсон намын дар- га хариуцлагаа ухамсарлаж ажиллах соёл төлөвшинө хэмээн бодож байна. Иймээс намын даргын сунгаа үр дүнтэй болж, өндөрлөлөө.

-Намын даргын сунгаа цэвэр байж чадсан гэдэгт санал нийлж байна уу?

Сунгаа эхэлсэн цагаас л таван нэр дэвшигч хамтдаа явж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө гишүүд, дэмжигчдэдээ танил- цуулсан. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид санал, шүүмжлэлээ нээлттэй илэрхийлсэн тул эрүүл сунгаа боллоо хэмээн үзэж байгаа. Гэхдээ цахим ертөнцөд нэр дэвшигчдийн өмнөөс байр суурь илэрхийлсэн мэдээлэл цацагдаж байна. Энэ нь нэр дэвшигчдийн зүгээс цацсан мэдээлэл хэмээн олон нийтэд ойлгогдож буй.

Ардчилсан нийгэмд амьдарч байгаагийн хувьд хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хааж, боож болохгүй. Сонгуулийн санал хураалтаар нэг нэр дэвшигч ялалт байгуулж, намын даргаар сонгогдоно. Иймээс намын эв нэгдлийг эрхэмлэж, ялалт байгуулсан нэр дэвшигчийг ялагдсан дөрвөн нэр дэвшигч нь дэмжиж ажиллах ёстой. Үүнд онцгой анхаарах ёстой гэдэгт найдаж, бас залбирч байгаа. Сунгааны үр дүнд Ардчилсан нам тарж бутрах бус нэгдэж, нийлэх нь чухал. Энэхүү эв нэгдлийг бий болгоход намын даргын сунгаанд өрсөлдөж буй таван нэр дэвшигч гол үүрэг гүйцэтгэнэ. Үүнд нэр дэвшигч бүрийн ухамсар, манлайлал, зар- чим хэрэгтэй гэж бодож байна.

-АН-ын даргын сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчид таван фракцын төлөөлөл. Нэр дэвшигчдийн хувьд ямар бодолтой байгаа вэ?

Таван нэр дэвшигч бол Ардчилсан намын урдаа барьдаг, шилдэг лидерүүдийн төлөөлөл. Нэр дэвшигчдийн тус бүрийнх нь давуу тал гэж бий. Мөн хувь хүн учир сул тал ч байгаа. Тиймээс хэн нэгнийг нь илүү, дутуу хэмээн хэлэх боломжгүй. Аль ч нэр дэвшигч ялалт бай- гуулсан Ардчилсан намыг цаашид удирдаад явах бүрэн боломжтой.

-Гэхдээ АН-ыг өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд “Шонхор” фракцынхан удирдаж, оролцсон. Гэвч өнгөрсөн парламентад олон суудал- тай, засгийн эрхийг барьж байсан намыг энэ удаагийн парламентад сөрөх хүчгүй, сөрөг хүчин болгосон. Өөрөөр хэлбэл, алдаа гаргасан фракцад ахин итгэл үзүүлэх хэрэггүй гэсэн байр суурийг танай намын зарим гишүүн илэрхийлж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

Сонгуулийн ялагдалд өнгөрсөн парламентад болон намын удирдлагад байсан бүх хүн буруутай. Хэн нэгэн хүнийг буруутгахад түвэгтэй. Бүгд л хариуцлага хүлээх ёстой. Намын даргын сунгаанд өрсөлдөж буй таван нэр дэвшигчийг аль нэг фракцын төлөөлөл гэж хэлэх шаардлагагүй.

Тэгээд ч энэ удаагийн намын даргын сунгаа Ардчилсан намыг фракцгүй болгоход чиглэгдэж буй. Намын шинэчилсэн дүрмийн төсөлд фракцыг Бодлогын зөвлөлөөр оруулахаар тусгасан байгаа. Бодлогын хүрээнд намын гишүүд нэгдэн нийлж, байр сууриа илэрхийлж болно. Ийм боломжийг олгохоор дүрмийн төсөлд тусгасан байгаа.

-Сонгуулийн санал хураалт ирэх ням гарагт болно. Үүний дараа Ардчилсан намын үзэл баримтлал болон үндсэн дүр- мийн шинэчлэлийг хөндөнө. Дүрмийн шинэчлэлийг хэрхэн хийх ёстой вэ?

Нэн тэргүүнд намын дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг бэлдэх ёстой. Ардчилсан намын үүрүүдийн холбооноос санаачилсан дүрмийн төсөл боловсруулах хэлэлцүүлгийг орон даяар явуулж байна. Боломжийн дүрмийн төсөл боловсруулж байгаа хэмээн дүгнэж байна. Намын даргын сонгуулийг зохион байгуулах, дүрмийн төсөл боловсруулах, намын даргыг батламжлах, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах зэрэг олон ажил хүлээж байна.

-Дүрмийн төсөлд ямар өөрчлөлт оруулж байгаа вэ?

Намын анхан шатны байгууллагыг бэхжүүлэх, статусыг нь тодорхой болгох шинэчлэлийг хийж байгаа. Өөрөөр хэлбэл, намын удирдлага, эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, анхан шатны байгууллагын эрх, үүргийг өргөжүүлнэ гэсэн үг. Мөн намын дотоод ардчиллыг бэхжүүлэхэд чиглэгдсэн зүйл, заалт бий.

Үүнээс гадна намын гишүүдийн ёс зүйн болон сахилгын хариуцлагыг чангатгахаар болсон. Түүнчлэн намын зохион байгуулалтыг шинэ- чилнэ. Шийдвэр гаргах түвшинд намын оролцоог нэмэгдүүлнэ. Намын даргын эрх, үүргийг илүү тодорхой болгохоор тусгасан. “Ардчилал хөгжил” санг байгуулж, санхүүжилтийн асуудлыг шийднэ. Хамгийн чухал нь фракцыг бодлогоор солих явдал юм. Үүнийг дүрмээр зохицуулна.