Д.Жаргалсайхан: 10 мянган тонн төмрөө гадагш гаргана гэдэг ухаангүй үйлдэл
2017.01.13

Д.Жаргалсайхан: 10 мянган тонн төмрөө гадагш гаргана гэдэг ухаангүй үйлдэл

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс хаягдал рейс, шпал, чингэлэг, хуучин тоног төхөөрөмж бүхий төмрийн 10 тонн хаягдлаа урд хөрш рүү экспортлох шийдвэр гаргасныг олон хүн эсэргүүцэж байгаа юм. Энэ сэдвээр Монголын Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай ярилцлаа.

-БИД ҮНДЭСНИЙ АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРАА БҮХ АЛХАМААР ДЭМЖИХ ЁСТОЙ- 
-“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс 10 тонн хаягдал төмрөө Хятад руу экспортлох шийдвэр гаргасан. Маш олон хүн эсэргүүцэж буйгаа илэрхийлсний нэг нь та. Ямар учраас эсэргүүцэж байна вэ?

-Манайх Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл гээд суурин аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 200-гаад компани, аж ахуйн нэгж нэгдсэн байгууллага. Дарханы төмөрлөгийн үйлдвэр манлайлах үүрэг рольтой. Арматурын зах зээл дээр 21 компани үйл ажиллагаа явуулж байна.

Монголд хаягдал төмөр хайлуулах технологи үйлдвэр 20 жил бий болоод, тэнд Дарханд 500-600 хүнийг ажилтай болгох зорилго манай төр засагт ч, бизнесменүүдэд ч байгаа шүү дээ. Гэтэл хорлон сүйтгэх гэж байгаа юм шиг энд гарч ирсэн жаахан төмрийн хаягдлаа гадаад руу гаргана гэдэг ерөөсөө ухаангүй үйл явдал. Бид үндэсний аж үйлдвэрийн салбараа бүх алхамаар дэмжих ёстой. Ийм яриа гаргаж байгаа нь өөрөө утгагүй асуудал л даа. Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй гэрээ хийгээд, тэндээ ажлын байраа бий болгоод, дараа нь тэндээсээ мөнгөө тодорхой хугацаанд олоод авчихдаг ийм схемээр л явчихвал хаа хаанаа их тааламжтай. Мөн эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад тааламжтай ийм л хамтын ажиллагааны загвар болно шүү дээ.

jargalsaihan

-10 мянган тонн хаягдал төмөр дотоодын үйлдвэрлэлийг хэр хугацаанд хангах боломжтой вэ? Эдийн засгийн үр ашиг нь хэр байх вэ?

-Энэ бол их том тоо. Манай Дарханы төмөрлөгийн үйлдвэр гэхэд 100 мянган тонн хайлуулах хүчин чадалтай. Тэгэхээр нэг сарынх нь хэрэгцээний төмрийн нөөц байхгүй юу. Одоо тус үйлдвэр түүхий эд, хаягдал төмөр байхгүйгээс байнгын доголдолд орсон байдалтай байгаа.

Тус үйлдвэрийн хайлуулалтын стандарт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи бүгд япон стандарт, технологиор байдаг учраас бид эндээс чанартай сайн төмөр гаргаж авах боломжтой. Арматур үйлдвэрлэлийн зах зээл дээр байгаа бас нэг жижиг дунд зуухуудтай компаниуд ч хүртэл түүхий эдээр гачигдаад, түүхий эдийн өрсөлдөөн үүсгээд, үнэ хөөрөгдөөд, эргээд бүтээгдэхүүний өөрийн өртөг нь нэмэгдсэн ийм дүр зураг байгаа.

Гэтэл төмөр замд бэлэн байгаа 10 мянган тонн төмрөө гадагш нь гаргана гэдэг бол үнэндээ болохгүй асуудал. Энэ асуудлыг улс орноо бодоод, үндэснийхээ язгуур эрх ашгийг бодоод, дотоодын үйлдвэрлэгчдээ бодоод, эдийн засгийн аюулгүй байдлаа хангах өнцгөөс харж, зөв шийдвэр гаргах мэргэн ухаан байна гэдэгт итгэж байна.

-Эцсийн шийдвэр хараахан гараагүй байгаа байх аа?

-Ер нь ойрын хугацаанд гарах байх. Би УИХ-ын гишүүдэд эх оронч шийдвэр гаргана гэдэг итгэж байна.

-Цаана нь хэн нэгний эрх ашиг, лобби байхыг үгүйсгэх аргагүй юм?

-Яах вэ дээ, богино зайны мөнгө харсан, богино зайд ашиг хийчихье гэсэн тодорхой улсууд байгаа нь ойлгомжтой. Тэр улсуудын ашиг сонирхол явж байгаа гэж ойлгож байна. Бид хөгжлийг, ийм стратегийн шинж чанартай гэж хэлж болохуйц шийдвэрүүдийг богино хугацаанд харахаасаа илүүтэй дунд хугацаанд харах ёстой. Улс орны нийтлэг эрх ашгаа бодох ёстой байхгүй юу.

-Монголын төмрийн хүдрийн тогтоогдсон нөөц маш бага гэж дуулсан юм байна?

-Төмрийн нөөц хоёр чиглэлээр гарч ирнэ. Нэгдүгээрт, хаягдал төмөр. Эдийн засгийн эргэлтэд тогтмол орж байх ёстой. Нөгөөх нь, төмрийн хүдрийн нөөц. Монгол улсын төмрийн хүдрийн батлагдсан нөөц ерөнхийдөө 600 мянган тонн байгаа. Монголчуудыг хангалттай тэжээх боломжтой юм. Төмрийн хүдрээ ангижруулж, төмрийн хүдрээ баяжуулаад, баяжуулсан хүдэр болгоод явж байна. Бид тонн төмрийн хүдрийг 40-50 ам.доллараар гаргачихаад, 400-500 ам.доллараар импортлож аваад байгаа. Төмөр бол стратегийн бүтээгдэхүүн. Энэ утгаараа бид гангийн үйлдвэрлэлээ хөгжүүлэх ёстой.

jargalsaihan

-МОНГОЛ УЛСЫН ТӨМРИЙН ХҮДРИЙН БАТЛАГДСАН НӨӨЦ ЕРДӨӨ 600 МЯНГАН ТОНН-
-Хаягдал төмрийн хувьд хуучин машинуудыг нийлүүлвэл жилд хичнээн тонн болох бол?

-100-гаад мянган тонн гарчих боломж Монголд байгаа. Гэхдээ бид маш их хэмжээний хаягдал төмрөө гадагшаа гаргачихсан улс. Төмөр бол өөрөө мал шиг буцаад эргэлтэд ордог бүтээгдэхүүн. Мал нөхөн үржих чадвартай гэж ярьдаг. Тэрэнтэй адил төмөр чинь хайлаад бүтээгдэхүүн болоод, буцаад нөгөө төмөр маань гарч ирээд эдийн засгийн эргэлтэд ороод байдаг. Тэгэхээр металлургтай холбоотой энэ том зах зээл дээр ажиллаж чадахгүй байгаа нь манай эдийн засгийн аюулгүй байдлыг алдагдуулж байна.

Автомашин байгууламжийн цоо шинэ салбарыг хөгжүүлэх нь манай улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдалд нэн ач холбогдолтой. Үндэсний сэргэн мандалт, хөгжил дэвшил гэдэг зүйл бол ерөөсөө төмөр дээр суурилж босож ирдэг юм. XIII зуунд монголчууд асар хүчтэй ган хийж чаддаг байсан.

Асар хүчтэй сэлэм хийдэг байсан. Монгол сэлэм Дамаскийн сэлмүүдийг тас цавчдаг байсан. Болд төмөр буюу хамгийн уян хатан, харимхай, хамгийн бөх чанарын шилдэг зэвсгүүдийг гаргаж чаддаг байсан учраас Эзэнт гүрэн байгуулж чадаж байсан байхгүй юу. Тэгэхээр технологийн өв уламжлал, чадамжаа манай улс сэргээх ёстой.

-Өмнө нь төмрийн хаягдал хэдэн мянган тонноороо гарч байсан тохиолдол бий юу?

-Ийм их хэмжээгээр гарч байгаагүй.

-Дээхнэ үед маш их хэмжээний төмөр урагш нь гаргаж зарсан гэдэг юм билээ?

-Энхсайханы засгийн газрын үед буюу 1996 онд импортын татвар тэглээд, манай үндэсний үйлдвэрүүдийг элгээр нь мөлхүүлсэн шийдвэр гарсан юм даа. Тэр үед 360-аад үйлдвэр заводын долоон мянга гаруй токорийн машин, презерийн машин, алх, дөш, лантуу гээд ерөөсөө төмөрлөгийн үйлдвэрлэлийн, машин байгууламжийн салбарын бүх тоног төхөөрөмжийг ачаад, Хятадад аваачаад тушаачихсан юм.

-Харамсалтай...

-Дэндүү харамсалтай. Одоо тэр 7000 гаруй тоног төхөөрөмжийг буцааж худалдаж авъя гэхэд манайд нэг их наяад төгрөг хэрэгтэй болоод байгаа байхгүй юу. Энэ чинь үндэсний нийт бүтээгдэхүүн байхгүй юу. Дорж, Батын өмч байхаасаа илүү тэр тоног төхөөрөмжөөр хүмүүс ажлаа хийж, бүтээглдэхүүн үйлдвэрлэж байсан байхгүй юу.

-Та бүхэн хаягдал төмөр урагш нь гаргах асуудлаар УБТЗ нийгэмлэгийнхэнтэй уулзаж ярилцав уу?

-Дархан төмөрлөгийн үйлдвэр, “Улаанбаатар төмөр зам” хоорондоо нягт хамтын ажиллагаатай, бие биеэ дэмжээд явж байсан. Удирдлага солигдоод жаахан өөр болсон байх. Бидний хувьд “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийнхэнтэй уулзаагүй байна.

-Металлургийн салбарт хамгийн ихээр тулгамдаж буй асуудал юу байна вэ?

-Металлургийн салбар хүнд үйлдвэрлэлийн салбар гэдэг утгаараа хөрөнгө оруулалтаа 10, 20 жилийн дараа нөхдөг. Энэ салбар луу гадаадын болон дотоодын хөрөнгө оруулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх ёстой. Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт гэхээр зөвхөн уул уурхайгаас орж ирдэг гэж ойлгоод байна. Яагаад өндөр технологийн үйлдвэрлэл, металлургийн салбар луу орж ирэхгүй байгаа юм бэ.

Яагаад боловсруулах жижиг дунд үйлдвэрлэл рүү, бүтээгдэхүүн гаргах тал руу орж ирэхгүй байгаа юм бэ, яагаад аккумляторын үйлдвэрлэл рүү орохгүй байгаа юм бэ. Энэ дээр хөрөнгө оруулалт хийх эрх зүйн орчин байхгүй байна. Эрх зүйн орчныг нь бүрдүүлэхгүй бол урагшаа явахгүй юм байна гэдгийг сүүлийн 26 жилийн жишээ харуулаад байгаа юм. Тэгэхээр энэ саад болж байгаа, үндэсний язгуур эрх ашигт харшлаад байгаа ханыг нураах хэрэгтэй.

-Цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?  

-УИХ-ын даргын ивээл дор 1000 үйлдвэрлэгчийн зөвлөгөөн хийхээр төлөвлөж байна.  Улс ярьж бус, үйлдвэрлэж байж хөгждөг. Нийгмийн бүтээлч чанарыг гаргаж ирэх, үйлдвэрлэлийн эрх зүйн орчин ямар байгаа, ямар байлгах талаар УИХ, үйлдвэрлэгчдийн түвшинд нэгдсэн ойлголттой болгох зорилготой чуулган зохион байгуулахаар ярьж байна. УИХ-ын даргын хувьд дэмжиж ажиллана байх гэж бодож байна. Мөн үйлдвэрлэгчид маань дэмжинэ гэж найдаж байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.АНХБАЯР