Г.Сувдаа: Мал аж ахуйн салбарын хууль цогцоороо өөрчлөгдөж байна
ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн доктор Г.Сувдаа
2017.01.10

Г.Сувдаа: Мал аж ахуйн салбарын хууль цогцоороо өөрчлөгдөж байна

Үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай үргэлж туссан байдаг. Гэвч эдийн засгийн тулгуур гэх энэ салбарт түүхий эдийн боловсруулалт, эдийн засгийн дэмжлэг гээд шийдэх ёстой асуудал нэг биш байна.  Тухайлбал, малын арьс ширээ гүйцэт боловсруулж чадахгүйгээс түүхийгээр нь БНХАУ руу гаргаж, буцаад түүнийгээ өндөр үнээр худалдан авдаг. Иймээс Малын генетикийн нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлбэл малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлэх эцсийн бүтээгдэхүүн болгох боломжтой хэмээн мэргэжлийнхэн тайлбарлах болсон юм. Энэхүү хуулийн талаар ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн доктор Г.Сувдаатай ярилцлаа.

-Малын генетикийн нөөцийн тухай хууль гэхээр иргэдийн хувьд хол сонсогдож байж магад. Тэгэхээр УИХ-д өргөн мэдүүлээд байгаа энэ хуулийн онцлог юу вэ. Хуулийн ач холбогдлын талаар мэдээлэл хүргээч?

Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Хуулийн төслөөр өнөөдрийн мөрдөгдөж байгаа Малын эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийг  хоёр салгаж,  Мал амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай гэж тусгасан. Аливаа улс орон өөрийн эдийн засгийг хөгжүүлэхийн тулд газрын дээр болон доорх баялагт тулгуурладаг. Бидний хувьд өнөөдөр шавхагддаг нөөц буюу ашигт малтмалд тулгуурласан эдийн засагтай байгааг хэн бүхэн мэднэ. Энэ нь үргэлж эрсдэлтэй нөхцөлд оруулж байгаа юм. 

Иймээс байгалийн нөөц буюу нөхөн төлждөг баялгаа ашиглаж, эдийн засгийн нөөцөө бүтээхэд хуулиа хандуулсан. Монголчуудын хувьд шинэ мэт сонсогдож байгаа малын генетик нөөцийн тухай хууль бол дэлхий нийтэд аль хэдийнэ хэрэгжсэн хууль. 1992 онд Биологийн олон янз байдлын тухай олон улсын конвенц батлагдаж, манай улс 1993 онд нэгдэн орсон. Мөн 2010 онд батлагдсан Нагояагийн олон улсын протоколд Монгол Улс 2012 онд нэгдсэн байдаг юм. 

-Малчид малынхаа  үржил шимд бус тоо толгойд анхаарал хандуулж байгаа нь бэлчээрийн даац, экологийн тэнцвэрт байдлыг эрсдэлд оруулж байна гэдэг ч дорвитой өөрчлөлт гарахгүй байгаа нь илт. Үүнийг хуульд хэрхэн зохицуулахаар тусгаад байна вэ?

Монголчууд мал мал ахуй эрхлээд хэдэн зуун жил болохдоо өөрийн гэсэн өвөрмөц зүй тогтолтой, байгалийн эрс тэс уур амьсгалд дасан зохицож амьдарсаар ирсэн. Энэ нь  ахуйн том соёл. Нүүдлийн энэ өв соёлоо хадгалж дэлхий нийтэд таниулах, эх газрын эрс тэс уур амьсгалд дасан зохицсон монгол малын онцлогийг сурталчлах шаардлагатай байна. Мөн үржил селекцийг сайжруулахаар оруулж ирж байгаа үржлийн мал, хөлдөөсөн үр хөврөлийг хэрхэн нутагшуулах вэ гэдгийг хуульчилж өгсөн.

Түүнчлэн манай улсын хувьд гаднаас оруулж ирсэн үржлийн малыг ашигласнаараа монгол мал өөрийн онцлогийг хэдэн хувьтай хадгалж үлдэх вэ. Үүнтэй уялдаад мал аж ахуйн үйлдвэрлэлд бэлчээр хадлангийн  даацтай хэрхэн зохицож үр ашигтай байх вэ гэх мэт зүйл нь хуулийн хамрах хүрээнд орж байгаа. Өнөөдөр манай улсад Малын генетикийн нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэх шаардлага зайлшгүй тулгараад байна.

Учир нь, зарим аймаг сумдад бэлчээрийн даац 2.5-5 дахин хэтэрсэн. Судалгааны байгууллагууд судлаачид бэлчээр ашиглалтын одоогийн энэ байдал хэвээр үргэлжилбэл цаашид экологийн тэнцвэртэй байдлаа хадгалж авч үлдэж чадахгүй байх эрсдэлтэй тулгарна гэдгийг анхааруулсаар байна. Иймээс хуулийн төсөлд малын тоо толгойг хэрхэн яаж барих тухай ч тусгасан. 

-Одоогоор манай улсад хэдэн үүлдэр, омгийн мал сүрэг байна вэ. Үнэндээ хэн дуртай нь малынхаа үүлдэр угсааг сайжруулна гээд импортоор мал оруулж ирэх боломжтой байгаа?

Манай улсад баталгаажсан 40 гаруй үүлдэр омгийн мал байна. Үүнийг цаашид хэрхэн сайжруулж авч явах вэ. Яаж эдийн засгийн үр шимээ хүртэх вэ гэдгийг хуульд тодорхойлсон. Мөн Монголын 333 сумын 86 хувьд нь мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байна. Тэгэхээр анхан шатны үйлдвэрлэлээ зөв удирдан зохион байгуулах талаар ч дээрх хуульд тусгаж өгсөн.

Таны хэлээд байгаа  дур мэдэн хээлтүүлэгч мал импортоор оруулж ирж, түүнийг хяналтгүй ашиглах буюу монгол малын онцлогийг алдагдуулж байгаа тохиолдолд  хягаарлалт тавьж өгсөн. Ашиглалтын хувьд малын тоо толгойг өсгөх бус эдийн засгийн эргэлтэд оруулах. Эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд сүргийн бүтцийг сайжруулах юм. Нөгөөтэйгүүр хээлтүүлэгч эцэг малыг удамзүйн хувьд сайжруулж хянан баталгаажуулж, зөвшөөрөгдсөн тохиолдолд л ашиглая гэж байгаа.

-Бусад улс орноос гадна зүүн бүсийн морь хурдан, говийн ямааны ноолуур сайн гээд аймаг хооронд мал зөөвөрлөдөг. Энэ нь нэг талаар малын халдварт өвчин тараах шалтгаан  болдог гэдэг?

Зүүн бүсээс баруун бүс рүү мал зөөгөөд байх бус тухайн бүс нутагт тохирсон үржүүлгийг хийж, зөвшөөрсөн малыг үржүүлье гэсэн бодлого барина. Мал сүргээ нөөц баялаг гэдэг талаас нь харж эдийн засгийн үр шимийг аль болох илүү хүртэх тал руу чиглүүлсэн. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль 1993 онд батлагдсан. Мал төрийн өмчөөс хувийн өмчид шилжиж байсан үе. Үүнээс хойш тус хуулийг дөрвөн удаа шинэчлэн найруулсан.

Энэ удаагийн төслөөр нэгдүгээрт, малаа баялаг гэж харъя, хоёрдугаарт баялаг маань ямар байгаа вэ гэдгийг бүртгэе. Дараа нь баялгийнхаа төлөв байдал буюу хэд нь устгагдаад  байгаа, цаашдаа ямар үүлдрийн мал нь өсөх боломжтой талаар тусгасан. Мөн одоогийн хуульд малын зөвхөн ашиглалтын тухай зүйл заалтууд бий. Хамгаалалтын тухай дурдаагүй.

Иймээс бид шинэ хуульд малыг дур мэдэн ашиглах бус тогтвортой хөгжлийн бодлогод нийцүүлэн ашиглана. Ашиглахдаа зөвхөн хадгалаад байх бус эдийн засгийн эргэлтэд оруулна гэж заасан. Ингэхдээ сумаас эхлүүлэн аймаг, улсын хэмжээнд мал аж ахуйн үйлдвэрлэлийг ямар түвшинд зохион байгуулах харилцааг сайжруулан оруулсан.  Нэгж малаас авах ашиг шим, бүтээмжийг нэмэгдүүлнэ 

-Монголоос мах экспортод гаргах гэхээр манайхыг малын халдварт өвчтэй бүс нутаг гэдэг. Энэ талаар хуульд тодорхой туссан зүйл бий юу?

Малын эрүүл мэндийн тухай хуульд өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын халдварт өвчинтэй тэмцэх тухай тусгаж өгсөн. Малын генетикийн нөөцийн тухай хуульд нэгж малаас авах ашиг шим, бүтээмжийг яаж шийдэх вэ, ноолуур, арьс шир,  мах гэх мэт бүтээгдэхүүн нь ямар чанартай гарч ирэх вэ гэдгийг гаргаж ирэхээр тусгасан.

Мал аж ахуй нь өөрөө тасралтгүй үйлдвэрлэл явуулж, ашиг шимийг нь нэмэгдүүлж гэмээнэ үр өгөөжөө өгч байх ёстой. Энэ ажил 12-20 жил бүр 60 жил болж байж үр дүнгээ өгнө. Түүнээс биш хууль батлагдаж гараад л маргаашаас нь үр дүн  хүлээнэ гэсэн үг биш. Бид зах зээлийн системд шилжсэнээс хойш алдагдчихаад байгаа малын үржил селекц, үр шимийн чанарыг зөв тогтолцоонд нь оруулна. Ингэснээр үндэсний үйлдвэрүүдэд хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тохирсон чанартай түүхий эдийг нийлүүлэх болно. 

Өнөөдөр хүнсний аюулгүй байдал хэмээн дээр дооргүй ярьж байна. Хүнсний аюулгүй байдлын тогтолцоон дээр гарал үүслийн баталгаажуулалтыг хийсэн байх шаардлагатай байдаг. Энэ малын мах хэрэглэгчийн гар дээр очих хүртлээ хэн ямар үүрэг хариуцлагатай  байх талаар зохицуулалт оруулж өгсөн. Тухайлбал, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрт ноолуурын голч нь нарийн байх уу, бүдүүн байх уу гэдгийг гаргаж өгнө. Одоо монгол ноолуурын голч 16 микрон болж бүдүүрээд байгаа бол эрэлт хэрэгцээтэй, өндөр үнэ хүрэх бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд 10-15 жилийн үржил селекцын ажлыг хийж байж үр дүнд хүрнэ гэсэн үг. 

-Манай улс 73 сая толгой малтай гэж бахархан ярьдаг ч уух сүүгээ хүртэл импортоор авч байгаа нь үнэн. Та энэ гажуудлыг юунаас шалтгаалдаг гэж харж байна вэ?

Нэг үхрээс дунджаар 180 килограмм мах авч байна гэвэл бид бүтээмжийг нэмэгдүүлж 250-400 килограмм мах авдаг болохын тулд үржил селекцын ажлыг хэрхэн хийхээс хамаарна. Мөн хэрэглэгч үндэсний үйлдвэрээс ноолууран хувцас худалдаж авъя гэхэд бөөгнөрдөг, агшдаг эсвэл бүдүүн ширхэгтэй гэх мэтээр шаардлагад  нь нийцсэн бүтээгдэхүүн олдохгүй байна гэдэг.

Дээр нь түүхий эдээ хагас боловсруулж гадагшаа гаргаад буцаагаад өндөр үнээр бүтээгдэхүүн худалдаж авч байна. Түүнчлэн олон сая толгой малтай ч импортоор сүү авсаар нь байгаа нь  мал аж ахуйн үйлдвэрлэлээ зөв удирдан зохион байгуулах тогтолцоо алдагдсантай холбоотой. Үүнийг зөв голдрилд нь оруулахын тулд урт хугацаанд үр дүнгээ өгөх, эдийн засгийн гол тулгуур болсон мал аж ахуйн үйлдвэрлэлээ хөгжүүлэх нь чухал юм. 

-Хуулийн төсөлд малын эзэн малчинд хандсан ямар зүйл заалт байгаа вэ?

Бидний зохицуулах гэж байгаа харилцааны гол өмчийн эзэн бол малчин. Зарим хүн нэгэнт хувийн өмчид байгаа малыг хэрхэн өсгөж үржүүлэх гээд энэ асуудалд төр оролцох хэрэг байна уу гэж шүүмжилдэг. Гэтэл Үндсэн хуульд мал төрийн хамгаалалтад байна. Монголчуудын баялаг гэж тодорхойлсон. Нөгөө талаас нэгэнт Монгол Улсын баялаг болсон газар нутагт өсч үржээд, өмчийн эзэн нь амьдарч байгаа юм чинь төр эрхзүйн хүрээнд зохицуулсан харилцаа хийж өгөх ёстой.

Төрийн зохицуулалт орж ирнэ гэдэг малчинд тодорхой үүрэг хариуцлага ногдоно гэсэн үг. Монгол Улсын эдийн засгаа хөгжүүлэх төрийн бодлого ийм байгаа учир та үүргээ биелүүлэх шаардлагатай. Хариуцлагатай байх зүйлд  хариуцлагатай хандаж эрхээ эдлэх ёстой зүйл дээр эрхээ эдлэх хэрэгтэй гэж шаардана. Тухайлбал, манай улс 2011 оноос эхлэн малаа улсын хэмжээний нэгдсэн бүртгэлд оруулж ирсэн. Нэгдсэн бүртгэлд оруулахын тулд малчин малаа  мал тооллогод нэг бүрчлэн нас, хүйс гээд  эргэлтэд оруулж байгаагаа бүртгүүлэх ёстой. 

Гэтэл энэ харилцаа зохицуулагдахгүй байгаагаас Монгол Улс энэ жил хэдий хэмжээний мах экспортод гаргах, хэчнээн тонн ноос ноолуур аль бүс нутгаас авах вэ гэх бүртгэл хийхэд хүндрэлтэй байгаа. Мөн  төрөөс малчдад урамшуулал олгодог. Энэ урамшуулал хяналт бүртгэлийн системд тулгуурладаг. Гэтэл малчид бүртгэлийн системд малынхаа тоо толгойг  оруулахгүй байвал үүргээ биелүүлэхгүй байна гэж үзэж болно. 

-Малчдад хариуцлага хүлээдэг болно гэсэн үг үү?

Манай улсаас малын гаралтай түүхий эд экспортод гаргая гэхээр гарал үүсэл нь баталгаажаагүй гэсэн шалтгаан нөгөө талаас хэлдэг. Гарал үүслийн баталгаажилтыг малчин хүн өмчөө бүртгэлжүүлэхээс эхэлдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Түүнчлэн Монгол Улс бусад улс орноос нүүдлийн соёл иргэншлэээрээ ялгарах онцлогтой. Гэтэл сүүлийн үед малчид малаа мотоцикл, машинаар хариулах болсон. Энэ нь нүүдлийн соёл иргэншлээ устах аюулд оруулж байна. Тиймээс бид нүүдлийн соёл иргэншлээ хадгалж үлдэхийн тулд малаа мориор хариулах заалт оруулж өгсөн.

Гэвч хуулиар та малаа мотоциклиор  хариулж болохгүй гэж хуульчилж  болохгүй. Иймээс зөвлөмж хэлбэрээр оруулж өгсөн.  
Нөгөө талаар ган зудын давтамж өөрчлөгдөж, хур тунадасын хэмжээ багасч, ургамлын төрөл зүйл өөрчлөгдөн цөлжиж байгаа энэ нөхцөл байдалд уур амьсгалын өөрчлөлтөд яаж дасан зохицож мал аж ахуйгаа эрхлэх юм бэ гэдэг дээр мэдлэгжүүлж арга барилаа боловсронгуй болгох талаар зөвлөмж заалт оруулсан. Энэ тал дээр цаг гаргах мөн нэгэнт өмчийн эзэн учир малдаа хөрөнгө гаргах тухай тусгаж өгсөн. Ер нь, хуулийн төсөлд зөвлөмж болгохыг нь зөвлөж үүрэг болгохыг нь хуульчилсан.