Сонгинохайрхан дүүрэгт төсөл бичих сургалт эхэллээ
УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн сонгогдсон тойргийнхоо иргэдийн дунд "Шинэ санаа-Нар зөв хөгжил 2020" сэдэвт төслийн уралдааныг зарласан.
Уг төслийн уралдааны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн "Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан"-тай хамтран төсөл бичих сургалтыг эхлүүлээд байна. Уг сургалтыг өнгөрсөн даваа гаригаас албан ёсоор эхлүүлсэн бөгөөд тус дүүргийн 32 хорооны иргэд хамрагдах юм.
Иргэд сургалтад хамрагдсанаар стандартад нийцсэн төслийг бичих чадвартай болно. Сонгинохайрхан дүүргийн иргэдээс төсөл бичихэд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг ирүүлсэн учраас энэхүү сургалтыг эхлүүлжээ.
Сургалт богино хугацаанд үргэлжлэх бөгөөд нийт 11 удаагийн сургалтыг хоёрдугаар сарын сүүл хүртэл зохион байгуулна. Сургалтад хамрагдахыг хүссэн иргэд Сонгинохайрхан дүүргийн "Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан", Н.Учрал гишүүний бие төлөөлөгч Н.Ганхуяг /94119470/ нартай холбогдох юм байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал өнөөдөр уг сургалтын төвд очиж ажиллан үйл ажиллагаатай нь танилцлаа. Тэрбээр энэ үеэр "Энэхүү сургалтад хамрагдсанаар яамд, төрийн болон төрийн бус байгууллага болон улсын байгууллагад төсөл бичих чадвартай болж төгсөх юм. Үнэхээр үндэсний үйлдвэрлэл, импортыг орлох, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр сайн төсөл бичвэл шилдэг төслийн уралдаанд шалгаруулахаас гадна цаашид холбогдох байгууллагуудтай нь холбож ажиллана" гэлээ.
УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлан хэрэгжүүлж буй төслийн уралдааны зорилго нь импортын барааг орлож экспортод чиглэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх “ШИЛДЭГ ТӨСӨЛ”-үүдийг сонгон шалгаруулан түүнийг тал бүрээр дэмжиж ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ нэмэгдүүлэх зорилготой юм.
Төслийн уралдааны хөтөлбөртэй энд дарж танилцана уу.