Сонгинохайрхан дүүрэгт Эко цахилгаан станц барина
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн
2016.10.03

Сонгинохайрхан дүүрэгт Эко цахилгаан станц барина

Солонгосчууд өөрийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүрэгт цахилгаан станц барих саналыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнд тавилаа.

БНСУ-ын “Geo” групп Сонгинохайрхан дүүрэгт 200 мегабайтын хүчин чадалтай цахилгаан станц барих төслийг бэлтгэжээ. Уг станц нь нүүрсээр биш мазутаар ажиллана. Энэ нь байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлнэ гэсэн үг. Тэд үйлдвэрлэсэн эрчим хүчээ гэр хорооллын айлуудад ойролцоогоор 20-иос дээш жил, хямд үнээр түгээхээр төлөвлөжээ.

Станцыг БНСУ-ын “Хёндэй” хүнд үйлдвэрийн технологиор тус үйлдвэрээс хариуцан барих юм. Барилгын ажлыг 2017 оны гуравдугаар сард эхлүүлж, 12 сарын дотор ашиглалтад оруулна гэж төлөвлөжээ. БНСУ-ын хөрөнгө оруулагчдын саналыг дэмжиж, хамтран ажиллахаа Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн уулзалтын үеэр илэрхийллээ.

Дашрамд дурдахад, “Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газраас өнгөрсөн сарын 23-нд “Өнөөдрийн шийдэл-Ирээдүйн хөгжил” форумыг зохион байгуулсан. Форумын зорилгын нэг хэсэг нь гадаадын хөрөнгө оруулалт татах байсан. Ажлын үр дүн эхнээсээ гарч, Сонгинохайрхан дүүрэгт хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй хөрөнгө оруулагчид хандаж эхэллээ.