УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
2017.01.12

Ж.Бат-Эрдэнэ: Таны удирдах энэ албанд хатуу, шударга, зарчимч байдал их шаардагдах юм шүү

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий Аудиторийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ дэмжиж үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: 

Д.Хүрэлбаатар даргыг төрийн ажил, албанд хариуцлагатай, чамбай хандаж ирсэн гэдгийг  сайн мэдэх юм. Таныг энэ албанд очих гэж байгаад талархаж дэмжиж байна.

Та энэ төрийн албанд байгаа эргэлзээт асуудалд анхаарч ажиллаад нэлээд томоохон дүгнэлт хийчих чадалтай хүн. Өнгөрсөн хугацаанд төрийн албанд нэлээд замбараагүй асуудлууд газар авсан. Төрийн мөнгө юунд зарцуулж байгаа тухайд хяналт суларсан.

Таны очих гэж байгаа энэ албаны шалгалтын дүгнэлт шударга гарч байгаагаас хамаарч төрийн албанд бий болчихоод байгаа эмх замбараагүй асуудал цэгцэрэх юм шүү гэдгийг анхааруулж хэлмээр байна. Тухайлбал аймгийн Засаг даргын дэргэд үйл ажиллагаа явуулж буй ИТХ-ын зүгээс Засаг дарын үйл ажиллагааны тайланд зөвхөн дүгнэлт хийгээд орхидог болсон байгаа.

Тэгэхээр та тэдгээр төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтээ эргэж хэлэлцдэг, хэрэгжүүлэлтэд нь хэрхэн анхаардаг болох тухай маш нарийн үйл ажиллагааг удирдаж хийх нь чухал болоод байна.

Төр, Засаг шинэчлэгдсэн энэ цаг үед олон сайд,  дарга нар шинээр томилогдлоо. Танай байгууллага одоо л манай, танай гэхгүйгээр хатуу хяналт тавьж ажиллах ёстой шүү гэдгийг захиж хэлмээр байна. Төрийн хариуцлагатай энэ албанд төрийн хар хүний хатуу, шударга, зарчим баримтлан зангарагтай ажиллаарай гэж хэлээд амжилт хүсэе дээ.