УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.01.12

О.Баасанхүү: Бага хүн халаарай

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий Аудиторийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэллээ.  

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

Юуны өмнө маш хариуцлагатай албанд томилогдож байгаад таньд баяр хүргье. Энэ албанд ажиллах хугацаандаа төрийн өмчийн газруудын үйл ажиллагаанд хяналт тавих асуудалд анхаарч ажилларай гэж хэлмээр байна.

Ялангуяа “Эрдэнэт” ХХК-ийн хувьд 51 хувь нь хулгай, хуйвалдаанд хутгалдсан байдаг гэж үздэг ч мэргэжлийн байгууллагаас ийм дүгнэлт нэг ч гарч байгаагүй. Мөн Хавдар судлалын үндэсний төвд 1,2 тэр бум төгрөгийн үнэтэй аппрат авч өгөх төсөв баталсан.

Гэтэл Эрдэнэт хотод байдаг “Метипас” гэж нэртэй нэг сонин эмнэлэг байдаг. Төрийн өмчийн эмнэлэг гэх боловч хамтрагчидтайгаа зөвшилцөхгүйгээр менежментийн хувьчлал хийчихсэн гэдэг.

Энэ эмнэлэгийн хувьд нэг аппратыг 3.6 тэр бумаар авсан гэх нь бий. Тэгэхээр хэдэн тэр бумын асуудал яригдах болж байгаа юм. Энэ байгууллагад 13 удаа шалгалт хийх гэж үзсэн ч нэг ч удаагийн шалгалтад бүдэрч байгаагүй.

“Эрдэнэт” ХХК-ийн нэртэй газруудад тийм л ариун цагаан үйлдэлтэй хүмүүс ажилладаг юм байна гэж ойлгохоор байгаа. Та энэ албанд очоод миний хэлээд байгаа дээрх байгууллагад сайн шалгалт хийгээд өгөөч гэж хүсэх байна.

Хоёрдугаарт яамдуудын үйл ажиллагаанд хяналт тавих хэрэгтэй байна. Төрийн нарийн бичгийн даргын өмнөөсөө сайдууд нь гарын үсэг зураад яваад байгаа шүү. Өөрөөр хэлбэл зөвшөөрөв гэдэг зүйл дээр Төрийн нарийн бичгийн дарга гарын үзэс зуруулдаг.

Зөвшөөрөөгүй тохиолдолд тэд нараар гарын үзэг зуруулдаггүй гэх асуудал гарч ирсэн. Уг нь төрийн жинхэнэ албан хаагч санхүүгийн үйл ажиллагаанд оролцдог болохоос улс төрийн албан хаагчид оролцох эрх байдаггүй. Сайдуудын хувьд өөрт нь таарсан тодорхой хэмжээний эрх байдаг.

Одоо дийлэнх яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар хэлбэрийн төдий хүмүүс очсон байгаа. Тиймээс ирэх жилийн та бүхний гаргасан Аудитын дүгнэлтэд анхаарах болно. Аудитын байгууллага байна гэдэг хулгайчгүй байхыг илэрхийлсэн газар гэж ойлгож байгаа. Хөндлөнгийн хяналттай байхад бид юунаас нь айх вэ.

Гэм буруутай этгээдүүд гарч ирвэл хариуцлагаа үүрээд явах биз гэж ойлгодог. Гэтэл Хөгжлийн банктай холбоотой асуудлууд их яригдаж байгаа. Портуна Батбаярын хэлж буйгаар энэ банк ямар ч асуудал гаргаагүй зүгээр хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа гэж байсан. Гэтэл МАН буруутай гэж ойлгогдохоор юм яриад байгаа.

Энэ эсрэг байр сууриудыг танай байгууллага л шалгаж үнэн мөнийг ард түмэнд ил болгож өгөх учиртай юм. Монголд хэдий хэмжээний мөнгө байна энэ зэрэг мэдээллийг үнэн бодитоор нь гаргаж өгөхийг хүсэх байна. Гадны банкууд дунд байсаар байж дахин гаднаас банк оруулж ирэх тухай ч яригдах боллоо.

Эцэст нь хэлэхэд бага л хүн халаарай даа. Аудитын байгууллагад мэргэжлийн тоо боддог хүн л ажиллах ёстой гэдгийг анхаарч ажиллахыг хүсье.