О.Баасанхүү, Н.Оюундарь хоёрын хэн нь андуурав?
УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Н.Оюундарь
2017.01.03

О.Баасанхүү, Н.Оюундарь хоёрын хэн нь андуурав?

Шинэ он гармагц улс төрийн хүрээнийхэн энэ онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд анхаарал хандуулж эхэллээ. УИХ-ын нэр бүхий гишүүд 2016 оны 12 дугаар сарын 27-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барьсан билээ.

Уг хуулийн төсөлтэй холбогдуулан МАХН-аас сонгогдсон, УИХ-ын гишүүн О.Баасанхүү улс төрийн байр сууриа илэрхийлж, намын гишүүд дэмжигчдийн хамт намын төв байрандаа хэвлэлийн хурал хийсэн юм.

Мөн тэрээр өчигдөр өөрийн твиттер хуудаснаа: “Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль өргөн баригдсан байна. энэ хууль батлагдвал МАН-аас өөр нам ерөнхийлөгчид хүн дэвшүүлэх боломжгүй юм байна” хэмээн жиргэсэн. Эндээс УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Н.Оюундарь нарын сошиал сүлжээн дэх "маргаан" эхэлсэн гэж болно.

Учир нь энэхүү жиргээний хариуд Н.Оюундарь: “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-ын даргад хамтдаа өргөн мэдүүлсэн бус уу?” хэмээн жиргэжээ. 

Хоёр гишүүний харилцан жиргээ

Энэ "маргаан"-ыг тасалбар болгох үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэн, хэн гишүүн өргөн барьсан болохыг нягтлах харахад, үнэн хэрэгтээ УИХ-ын гишүүн Н.Энхболд, Б.Батзориг, З.Нарантуяа, Н.Оюундарь, Д.Хаянхярваа нарын гишүүд өргөн барьсан байх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өргөн мэдүүлсэн гишүүдийн нэрс, гарын үсэг

Он солигдох мөч ойртсон сүүлийн өдрүүдэд УИХ, Засгийн газрын гишүүд 40 гаруй хуулийн төслийг өргөн барьсан байдаг. Тиймээс хэдхэн хоногт маш олон хуулийн төсөл угсруулан өргөн барьсны улмаас УИХ-ын гишүүн Н.Оюундарь хэнтэй, ямар хуулийн төсөл өргөн барьснаа мартаж будилсан бололтой ийнхүү гайхан жиргэжээ гэж үзэж болохоор байна.   

Харин УИХ-ын гишүүн Н.Оюундарийн жиргээндээ хавсаргасан  зурганд О.Баасанхүү яагаад байсныг албаны эх сурвалжаас лавлахад уг зураг нь “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн барьж байх үеийн зураг гэсэн тайлбар өглөө.

Эрхэм Улсын Их Хурлын гишүүд ээ, ямар хуулийн төсөлд гарын үсэг зурж буй гэдгээ эхлээд нягталж байж зурмаар санагдах юм. Ард түмэн чинь харж байгаа шүү дээ.