Л.Болд: Хэрэгцээ шаардлага нь хэвээр байгаа учраас хуулийн төслүүдээ дахин өргөн барьсан
УИХ-ын гишүүн Л.Болд
2017.01.03

Л.Болд: Хэрэгцээ шаардлага нь хэвээр байгаа учраас хуулийн төслүүдээ дахин өргөн барьсан

УИХ-ын гишүүн Л.Болд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төсөл, Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьжээ. Дээрх хуулийн төслүүдийг өмнөх парламентад өргөн барьсан ч хэлэлцүүлэг хийж амжаагүй бөгөөд энэ удаагийн УИХ санаачлагчид нь буцаагаад байсан юм. Иймд дахин өргөн барьсан хуулийн төслүүдийнх нь талаар түүнтэй ярилцлаа.

-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдсны дараа хүн бүр л тодорхой хүлээлттэй байсан ч үр дүн нь төдийлөн гараагүй. Зарим нь өөрт таалагдахгүй байршилтай газраар яах ч юм билээ гэх нь сонстдог. Тэгш бус ч гэмээр байдал ажиглагдаж ч байх шиг. Та уг хуулийг яаж шинэчлэх ёстой гэж үзэж байгаа вэ?

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдаад багагүй хугацаа өнгөрсөн ч энэ ажил туйлын хангалтгүй байна. Тухайлбал, нийслэл Улаанбаатар хотод иргэдийн 7,6 хувь нь л газраа өмчилж авчээ. Орон сууцанд амьдардаг, жишээлэхэд таван ам бүл бүхий өрхийн гишүүд хаана ямар газар өмчилж авахаа шийдэж чадахгүй, мэдэхгүй байсаар өдийг хүрсэн. Тэд нийтдээ хуулиар 0.35 га буюу 350 кв.м талбайтай газрыг өмчлөх эрхтэй юм.

Ийм хэмжээний газар дээр 12x28 хэмжээтэй суурь цутгаж байшин барих, бариулах боломжтой. Бариулах эрхээ үнэд хүргэж багагүй орлого олох, эсвэл зээл авах барьцаа болгох, аль эсвэл гээд олон янз хувилбар сэдэж болно. Хүн өөрт таалагдахгүй байгаа газраа өмчилж авахгүй байх эрхтэй. Хууль батлагдаад хэрэгжиж эхэлбэл хүнд газрыг заавал бодитоор зааж хэмжиж өмчлүүлэх шаардлагагүй болох бөгөөд үнэ ханш нь тохирсон өртгөөр борлуулчихаж болох үнэт цаасыг /сертификатыг/ өгөх боломжтой болно. Монгол хүн л авч чадах энэ үнэт цаас нь монгол хүнийг бусдаас ялгах эдийн засгийн онцлог шинж байх юм.

Нэг үгээр бол орон сууцанд суудаг, газар өмчлөх шаардлагагүй, хүсэлгүй иргэд газрыг бодитоор нь бус, үнэт цаас хэлбэрээр, харин хашаа байшинд суудаг иргэн уг байршлаа өмчлөн авах боломж нээгдэх юм. Энэ бүхэн өмнө нь газар өмчлөөд авчихсан иргэнд хамаагүй байх жишээтэй. Иргэн бүрт таарсан шийдлийг гаргаж байгаагаараа тэгш байдал тогтоно. Хүн бүрт газрыг хүртээлтэй, зайлшгүй байдлаар олгож байгаагаараа шударга хуваарилалт болох юм.

-Иргэн бүрт газар өмчлөх эрх олгох гэсэн энэ санаачилгын гол үр дүн юу байх вэ?

Иргэн газраа заавал олж авах учиртай, бодитоор юм уу, эсвэл үнэт цаасаар. Энэ бол иргэн бүр өмчтэй болж байна гэсэн үг. Өмчтэй хүний бодол санаа, зорилго эрс өөр, илүү тэмүүлэлтэй болдог. Үгээгүй, санаачилгагүй, идэвхгүй, гарцгүй байдал алга болно. Энэ л гол үр дүн байх юм. Харин иргэн газраа олж авахад төр туслагч нь байх учиртай

-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжихгүй байгаагийн шалтгаан ер нь юунд байна вэ?

Хуулийг хэрэгжүүлэх механизмыг нарийвчлан зохицуулаагүй, газар өмчлүүлэх үйл ажиллагаа, дүрэм журам нь нээлттэй, ил тод бус байгаад гол дутагдал оршиж байгаа юм. Товчхондоо бол нэг нь авч чаддаггүй, нөгөө нь өгч чаддаггүйгээс энэ хуулийн хэрэгжилт удааширчээ. Хаана юуг яаж өгөх нь тодорхойгүй тул айдастай, тиймээс юу ч хийхгүй байна.

Бидний боловсруулсан хуулийн төсөлд энэ бүхнийг ил тод болгоно. Төрийн албаны нууцлагдмал, ил тод биш байдал арилна. Төр иргэнд газраа өмчилж авахад нь бэлэн санал өгдөг үйлчлэгч, туслагч нь байх учиртай юм л даа. Нэг үгээр хэлбэл санаачилсан хуулийн төсөл маань батлагдсанаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд хоёр дахь амьдралыг олгож, шинэ даль жигүүр ургуулж чадна гэдэгт итгэлтэй байна.

-Хүн бүр газар өмчилж аваад эхлэхээр нэгдсэн төлөвлөлт хийх аргагүй болно гэх ч юм уу, дорвитой хөгжихгүй гэсэн яриа бас байдаг л даа?

Гэр хороолол хөгжих үндэс нь харин ч газрыг өмчлүүлэх явдал юм. Тэнд газар өмчлөлийг шуурхайлбал зохино. Газрыг нь өмчлүүлээгүйгээс тэнд хөрөнгө зарахгүй байна, тохижилт маш бага хийгдэж байна. Хэзээ газраа чөлөөл гэх бол гэсэн болгоомжлол байнга байдаг. Харин өмчлүүлсний дараа байдал эрс өөрчлөгдөх болно.

Юуны өмнө хөрөнгө оруулалт хийгдэнэ, тийм учраас тохижилт сайжирна. Зэргэлдээ орших айлууд тохиролцон нэгдэж томоохон талбайд хөрөнгө оруулагчтай тохирон иж бүрэн, орчин цагийн орон сууц босгож ч болох юм. Нэгдсэн төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг хийх чадал, чадвар төрд тэр бүр байдаггүй юм. Харин ийм хөрш айлууд санаа зорилго нийлүүлэн хөдөлбөл гадна тохижилт сайтай, уужим том талбайд маш сайхан байшинд амьдрах нь илүү магадлалтай болно шүү дээ.

Газар, газрын сертификатаа заавал өөр бусдад өгөх гээд байх шаардлагагүй. Нэгдмэл зорилготой иргэд нэгдэж томоохон аж ахуйг байгуулах боломж ч бий. Монгол аж ахуйн нэгжүүд эдийн засгийн эргэлтэд орсон газрыг олж авснаар цоо эрүүл, бат найдвартай газар дээр бүтээн байгуулалт, өсөлт хөгжилтөө зохион байгуулж чадах болно.

Өмчлөгдсөн баталгаатай газартай аж ахуйн нэгжүүд бий болно. Аж ахуйн нэгжийн төлөвлөлт тодорхой болж хэзээ хаана хэдий хэмжээтэй газар авахаа мэддэг болно. Төрөөс тэдэнд үзүүлдэг дарамт, шахалт, авлига устсанаар үл хөдлөх хөрөнгийн үнэ тогтворжиж бодитой утгыг агуулах болно. Хүн амьдрахад илүү тохиромжтой газар нутгийг монгол хүмүүс эзэмшинэ.

-Тэгвэл Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн үзэл баримтлал юу юм бэ ?

Улаанбаатар хот 2013 оноос эхлэн Гэр хорооллыг дахин төлөвлөх замаар барилгажуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ч харьцангуй удаашралтай байна. 2015 оны зургаадугаар сард Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг УИХ баталсан ч дахин төлөвлөлтийн гүйцэтгэгчээр шалгарсан мэргэжлийн байгууллагууд, тухайн орчныг дэд бүтцээр хангах үүрэг авсан хотын захиргаа хэт их ачаалал, хөрөнгө мөнгөний зардал гаргахаар байгаа нь уг хуулийг хэрэгжихээргүй нөхцөл байдалд авчирч байна.

Улаанбаатарт хийгдэж буй дахин төлөвлөлт хэт нүсэр, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай, хот улсын төсөвт ихээхэн дарамт үзүүлэхээр байгаа тул иргэдийн өөрсдийнх нь санаачилга, идэвхийг дэмжих замаар хотжилтын явцыг түргэтгэх боломжийг ашиглах шаардлагатай. Гэр хорооллыг хөгжүүлэхэд 10-100, түүнээс ч олон өрхийн хэмжээнд цомхон төсөл байхаар, ойрхон амьдардаг айл өрхүүд эвлэлдэн нэгдэж, аж ахуй хөтлөн амьдрах орчноо сайжруулан гэр хорооллыг хөгжүүлэх санаачилгыг дэмжих замаар хийх боломжтой гэж харж байгаа юм.

Иймд иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах, эдийн засгийн эргэлтэд иргэдийн газар, үл хөдлөх хөрөнгийг оруулж амьжиргааны чанарыг дээшлүүлэх зорилгоор хот, суурин газарт инженерийн дэд бүтцээр хангагдаагүй нутаг дэвсгэрт иргэдийн өмчилсөн газрыг тохижуулан хөгжүүлэх, дэд бүтэц, үйлдвэр, үйлчилгээний хамтын өмчлөл бүхий бүтцийг бий болгох, гэр хорооллын хөгжил, амьдрах орчноо сайжруулах талаар гаргасан иргэдийн санаачилгыг дэмжих, үүсэх харилцааг зохицуулах зорилгоор Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан юм.

-Өмнөх парламентад өргөн барьсан ч хэлэлцүүлэгт оролгүй буцсан нэг хуулийн төсөл бол Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байсан шүү дээ. Энэ удаад та дахиад шинэ парламентад өргөн барилаа. Цаг үеийн шаардлага хэвээрээ байгаа гэж үзсэн хэрэг үү. Ер нь яг ямар өөрчлөлтийг хуульд тусгасан юм бэ?

Заавал мөрдөх стандарт гэж байхгүй ч сонгуулийн хууль нь сонгогчдын хүйсийн төлөөлөл, наад зах нь жижиг намууд ядаж бүлгээ бүрдүүлэх хэмжээний төлөөлөлтэй болох нөхцөлийг хангаж байвал сайн хууль гэж үзэх хандлага олон улсад байдаг. Монголын сонгуулийн хуульд жендерийн тэгш эрхийг хангах үүднээс эмэгтэйчүүдийн квотыг тогтоож өгсөн нь том ололт мөн ч нийгмийн бусад төлөөллийг орхигдуулсан хууль учраас нэмэлт оруулах нь зөв гэж үзэж байгаа юм.

Тухайлбал, манай хүн амын 80 орчим хувь, сонгогчдын 50 гаруй хувийг эзэлж байгаа залуучуудын төлөөллийг парламентад оруулах нөхцөл бололцоо хуулийн хүрээнд ч нийгмийн сэтгэл зүйн хэм хэмжээнд хаалт хязгаартай байгаа.

Тийм учраас Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулж, 31 хүртэлх насны залууст нэр дэвших квот тогтоох асуудлыг хуулийн төсөлд тусгасан.

-Энэ асуудлыг бүр олон улсын түвшинд ярьж байгаа шүү дээ?

Өнөөдөр дэлхий нийт залуучуудын асуудалд анхаарал хандуулж эхэлсэн байна. Олон улсын парламентын холбооны 134 дүгээр чуулган энэ онд хуралдаж “ардчиллыг залуужуулах" тогтоол гаргасан. Баримт дурдахад, дэлхийн сонгогчдын 50 хувь нь залуучууд аж. Гэвч 31 хүртэлх насны залуусыг аль ч улс орнууд парламентдаа сонгох явдал хойрго.

Энэ насны залуучууд парламентын гишүүдийн хоёр хүрэхгүй хувийг эзэлдэг юм байна. Монгол Улсад хувьд энэ хэмжүүр 0 хувь байгаа. Нийгмийн олонхийг бүрдүүлж байгаа залуучуудад шийдвэрлэх ёстой асуудал олон бий. Мөн нэр дэвших хүсэлтэй залуучууд ч цөөнгүй байдаг. Гэвч тэдний хувьд сонгуульд нэр дэвшинэ гэдэг хамгийн хүнд даваа. Улс төрийн намууд, гишүүд тэдэнд ямар ч боломж өгөхгүй шахаж байдагт хэргийн учир оршиж байдаг.

...Нийслэл Улаанбаатар хотод иргэдийн 7,6 хувь нь л газраа өмчилж авчээ. Орон сууцанд амьдардаг, жишээлэхэд таван ам бүл бүхий өрхийн гишүүд хаана ямар газар өмчилж авахаа шийдэж чадахгүй, мэдэхгүй байсаар өдийг хүрсэн. Тэд нийтдээ хуулиар 0.'35 га буюу 350 кв:м талбайтай газрыг өмчлөх эрхтэй юм. Ийм хэмжээний газар дээр 12x28 хэмжээтэй суурь цутгаж байшин барих, бариулах боломжтой. Бариулах эрхээ үнэд хүргэж багагүй орлого олох, эсвэл зээл авах барьцаа болгох, аль эсвэл гээд олон янз хувилбар сэдэж болно. Хүн өөрт таалагдахгүй байгаа газраа өмчилж авахгүй байх эрхтэй...

Тиймээс улс төрийн намуудаас сонгуульд квотоор нэр дэвших таван хүний нэг нь залуучууд байх, тэд нэр дэвшигчдийн 20 хувийг олгох заалт энэ хуулийн төсөлд тусгасан. Мөн Монголд гэлтгүй дэлхийн олон улс оронд сонгуульд залуучуудын идэвх оролцоо тааруу байдаг. Энэ нь нэг талаар сонгуульд нэр дэвшигчдийн дунд залуучуудын төлөөлөл муу байгаатай холбоотой гэсэн судалгааг олон улсын байгууллагууд гаргасан байна.

-Таны санаачлан өргөн барьсан Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл тухайн үедээ олны анхаарлыг их татаж байсан. Энэ хуулийн төслөө дахин өргөн барьж байгаа юм байна. Уг нь яах аргагүй шинэ хууль шүү дээ?

Амьдрал баян, асар хурдацтай ч өөрчлөгдөж байна. Нийгмийн харилцаа, техник, технологи хөгжихийн хэрээр хүний үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх талбар улам өргөсч байна. Хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ хэрэгжүүлснийх нь төлөө сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хяхаж хавчих сөрөг үзэгдэл төрийн байгууллага, албан тушаалтны зүгээс гарах боллоо. Сүүлийн дөрвөн жилд үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө хүнийг эрүүгийн хариуцлагад татах өргөдөл гаргасан нийт хүний 90 хувь нь албан тушаалтан байна гэсэн судалгааны дүн байна. Энэ бол жирийн иргэдийн эрхээ хэрэгжүүлэхэд хууль зүйн бодитой хамгаалалт, баталгаа хэрэгтэйг харуулж байгаа юм. Шүгэл үлээгчийн буюу шүүмжлэлийн эрхийг хамгаалахтай холбоотой хууль тоггоомжийг АНУ, Их Британи, Япон, БНСУ, Норвеги, Голланд, Румын, Швейцарь зэрэг улс баталж байсан юм билээ.

Нэг үгээр бол шүүмжлэх эрхийг хүлээн зөвшөөрч баталгаажуулах нийгмийн хэрэгцээ шаардлага зохицуулалтаа хүлээсээр байна. Уг эрхийг хүлээн зөвшөөрч хуульчилсанаар шүүмжлэгчийг айдасгүй, дарамт шахалтгүй байлгах болон Үндсэн хуулиар олгогдсон иргэний      эрхийг баталгаатай эдлүүлэх төрийн чиг үүрэг хэрэгжих юм. Энд нэг зүйлийг          онцлоход УИХ-ын       гишүүний хувиар санаачлан боловсруулсан дээрх хуулийн төслүүд маань цаг үеийн хэрэгцээ, шаардлага болсон зохицуулалтуудыг бий болгох учраас өнөөдөр дахин УИХ-д өргөн барьж байгаа юм шүү.