Үе үеийн парламент дахь “тод” бүсгүйчүүд
Эмэгтэй улстөрчид
2017.01.03

Үе үеийн парламент дахь “тод” бүсгүйчүүд

Төрийн эрх барих байгууллагад эмэгтэй хүн ажиллах нь содон үзэгдэл байгаагүй. Ардын их хурал, бага хуралд ч эмэгтэй улстөрчид багтаж байсан. Цаашлаад Засгийн газрын яамд, Элчин сайдын яамдад эмэгтэй сайд, дипломатчид цөөнгүй ажиллаж байв.Тодруулбал,  

Улсын Бага Хурлын анхны гишүүдийн тоонд хоёр эмэгтэй гишүүн сонгогдож байсан бол, 1996-2000, 2000-2004 оны УИХ-д тус бүр найм буюу тухайн үедээ хамгийн олон эмэгтэй гишүүн төр барилцаж байлаа. Тэгвэл 2012-2016 оны парламентад 11 эмэгтэй гишүүн сонгогдсоноороо өмнөх амжилтыг эвдлээ гэж байсан бол одоогийн парламентад нийт 13 эмэгтэй гишүүн төрийн эрх барих байгууллагад хүчин зүтгэж байна.

Шинэ парламент дахь эмэгтэй гишүүдийн биеэ авч явах байдал, мэдлэг, ур чадвар зэргийг олон нийт өөр өөрсдийнхөөрөө дүгнэж сууна. Ингээд та бүхэнд үе үеийн парламент дахь “тод” эмэгтэйчүүдийг танилцуулж байна.

1992-1996: Д.Мөнхөө

1990-1992 онд Ардын их хурлын депутат, 1992-1996 онд УИХ-ын анхны парламентын гишүүнээр ажиллаж байсан Одоо “Гал голомт” хөдөлгөөний тэргүүн, тухайн үед түүнийг жинтэй үг, холч ухаантай нэгэн хэмээн дүгнэдэг байв. Төр түшилцсэн эмэгтэй хүмүүсийн эхний эгнээнд багтах тэрээр ардын их хурлын оролцуулан төрийн өндөр албыг хоёр удаа хашсан.

1992-2008:  Т.Ганди

Сэтгүүлч мэргэжилтэй бүсгүй хаа хүрч болохыг нотолсон улстөрчдийн нэг. Тэрээр Ардын бага хурал, Их хурлыг сурвалжилж байсан. Парламентын сэтгүүлчээс УИХ-ын гишүүн болтлоо дэвшин ажилласан хөдөлмөрч, дайчин нэгэн. УИХ-д дөрвөн удаа сонгогдсон Т.Ганди 2004-2008 оны Засгийн үед Эрүүл мэндийн сайдаар ажилласан байв. Үүний дараа Унгар улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажилласан юм.  

2000-2004: Н.Болормаа

Хүүхдийн төлөө байгууллагыг олон жил удирдаж байсан Н.Болормаа УИХ-ын гишүүнээр нэг удаа сонгогдон ажиллаж байв. Тэрээр 2007-2008 оны хугацаанд Боловсрол, соёл шинжлэх ухааны яамыг удирдаж байлаа. Одоо Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

1996-2000: Б.Дэлгэрмаа

Зууны манлай дуучин Б.Норовбанзад, зохиолч Н.Банзрагч нарын охин дипломатч, хуульч Б.Дэлгэрмаа УИХ-д нэг л удаа сонгогдсон. Мөн Сингапур, ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байв. Б.Дэлгэрмаа унаган орос хэлтэйн зэрэгцээ герман, англи хэлтэй, дипломат арга ажиллагаа, соёлд гаргууд суралцсан нэгэн. Түүнчлэн “Норовбанзад сан”-г тэргүүлж, Монголын язгуур урлаг, өв соёлыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө ажиллаж буй. ОХУ-д томилогдсон анхны эмэгтэй элчин сайд юм.

2004-2008: Д.Туяа

Ээж, хүү хоёр УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан тохиолдол ховор байх. Ш.Отгонбилэгийн гэргий, УИХ-ын гишүүн О.Содбилэгийн ээж тэрээр нэг удаа парламентад нэг удаа сонгогдож, Эрүүл мэндийн сайдын албыг хашиж байв. Харин одоо өөрийн үндсэн мэргэжлийнхээ дагуу эмийн салбарт холбооны тэргүүнээр ажиллаж байна.

2000-2016: С.Оюун

Монголын ардчилал, улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны дүү С.Оюун. Тэрээр өөрөө нам байгуулж, УИХ-д нэр дэвшиж гишүүн болсон. Геологич мэргэжилтэй үүгээрээ томоохон төсөл, олон улсын байгууллагад ажилласан нэгэн. Түүнчлэн Гадаад хэргийн сайдын албыг 2012-2014 он хүртэл, үүний дараа Байгаль орчин ногоон хөгжлийн яамыг удирдаж байсан. Тэрээр парламентын гишүүнээр дөрвөн удаа сонгогдсон билээ.

2000- оноос хойш одоог хүртэл:  Д.Оюунхорол

Улстөрд жинтэй үг, шударга, төмөр хатагтай. Түүний ажлын гараа боловсролын салбар тэр дундаа багш юм. Тэрээр анх 2000-2004 онд УИХ-д сонгогдож ажиллаж үүний дараа өөрийн үүсгэн байгуулсан Отгонтэнгэр их сургуулиа удирдсан. 2008 оноос улстөрд эргэлт буцалтгүйгээр орсон. Тэрээр 2014 он, мөн 2016 оноос Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамны сайдын албыг хашиж байна. 2004-2008 оныг алгасан тасралтгүй гурав, энэ парламенттай нийлээд 4 дэх удаагаа УИХ-д сонгогдсон улстөрч юм.