Фракц байгуулаад явахгүй бол ганц нэгээрээ дуугараад дийлэхгүй байна шүү
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.
-МАН-ын бүлгийн 20 гаруй гишүүн фракц байгуулах гэж байгаа гэв үү?
-Хорь юм уу, найм юм уу гэдгийг одоо хэлэхэд хэцүү. Ер нь бол фракц байгуулаад намын удирдлагуудын ажлын сайн зүйлийг нь дэмжиж, мууг нь засаж явахгүй бол гишүүд ганц нэгээрээ тэдний өөдөөс дуугараад дийлэхгүй байна шүү. Ёстой нөгөө нохой сунайж, хав хуцна гэдэг л болох гээд байна даа.
-Та нар ганц нэгээрээ бол намын дарга нартаа дарамтлуулаад хэцүү байгаа юм байна гэж ойлгож болох уу?
-Тэгж ч ойлгож болохгүй ээ. Олон хүний санаа нийлэх нь илүү хүчтэй шүү дээ.
-Харин ч танай намын гишүүд сүүлийн үед дарга нараа их загнадаг болсон юм биш үү?
-Нээлттэй санал бодлоо ярилцаж байгааг бие биенээ загнасан, сонсож байгаа нь сул байна гэж ч болохгүй л дээ. Энэ чинь ардчилсан нийгэм шүү дээ. Дарангуйлаад бол хол явахгүй,
-Фракцийнхаа нэрийг сонгосон юм уу. Соёмбо, сүлд гэх мэтийн нэр сонгох гэж байгаа гэж сонссон юм байна...
-Нэрийн талаар одоогоор тогтсон зүйл алга. "Монголын төлөө" гэж нэртэй ч байж болно шүү цээ. Гэхдээ нэр нь чухал биш л дээ, гол нь үйл ажиллагаа нь чухал байх ёстой.
-Тэгэхээр ямар үйл ажиллагаа явуулна гэсэн үг үү?
-Товчхондоо бол намын нэгдмэл байдлыг бүрдүүлэх, унасан рейтингээ өсгөх, улс төрийн амлалтын бэлнээр өгөх нэг сая төгрөгийг олгуулах, сонгуульд амжилттай оролцуулахын төлөө ажиллана.
-Монголын төлөө гэснээс АН, МАН-ын гишүүд нэгдэж ийм нэртэй нам байгуулах гэж байгаа гэсэн. Үнэн юм уу?
-Ер нь МАНАН-гийн далбаан дор болж буй хууль бус үйлдлүүдийг зогсоох, иргэд, сонгогчдынхоо эрх ашгийг хамгаалах, байгалийн баялгаа зөв, үр дүнтэй ашиглах талаар энэ тэр нам гэлтгүй санал нэгдэж явдаг бидний хэсэг гишүүдийн дунд өрнөдөг бай-сан яриа л даа. Амьдрал баян шүү дээ. Тэгэхээр энэ бол цэг тавьчихсан яриа биш. Улс орноо зөв авч явахын тулд бид ямар ч алхам хийж болно шүү дээ.
-Санаа нэгтэй гишүүд гэхээр хэн хэн байх вэ. Ер нь энэ намыг байгуулах цагхугацаа хэзээ ирэх бол?
-Оюу толгой, уул уурхай, газар шороо, баялгаа зөв ашиглах асуудлаар санал бодол нэгтэй явдаг гишүүд гэхээр тодорхой шүү дээ.
-Та нарын байгуулах гэж байгаа МАН доторх фракцийгхэн толгойлж байгаа юм бол?
-Дарга, цэргийн тухай яриа бол чухал сэдэв биш. Одоогоор тэр талаар бодоцгоосон юм алга.
-Фракц байгуулах 20 гаруй гишүүдээ та нэрлээч?
-Одоогоор хүний өмнөөс нэрийг нь дурдмааргүй байна.
-Зарлахаас айгаад байна уу?
-Үгүй дээ.
-Тэгвэл нэрлээч?
-Одоогоор нэрлэмээргүй байна. Цагийн юм цагтаа дээр гэдэг биз дээ. Хар цагаан хэл ам хүрчихнэ.
-МАН-ыг МАХН байхад хэдэн гишүүн жигүүр байгуулсны хүчинд бүгд албан тушаалд очсон гэдэг. Тэгэхээр та нарт одоо албан тушаал хэрэгтэй болсон учраас фракц байгуулах гэж байгааюмуу?
-Тэгж л харлуулдаг аргатай л байхгүй юу. Тэгээд ч 2008 оны сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дуусч байхад бид ямар албан тушаалд дурлав гэж дээ. Тийм зүйл байхгүй. Иргэн бүр нь амьдралдаа сэтгэл хангалуун биш юм гэхэд, бас ч яахав энэ төр бидний төлөө зүтгэж байгаа юм шүү гэж итгэж, дэмждэг хэмжээнд аваачъя гэсэн л бодол байна даа.
-Эсвэл сая сайдын томилгоонд гоморхсон учраас фракц байгуулахаар шийдэв үү?
-Үгүй дээ. Жишээ нь намайг манай нөхөд Сангийн сайдад нэр дэвшүүлэхэд нь нэрээ татсан. Б.Бат-Эрдэнэ аварга. Р.Раш гишүүн ч нэрээ татсан санагдана. Бид тэгж албан тушаал, эд хөрөнгөд шуналтдаг улс биш.
-Та бол МАН-ыг МАХН байхаас нь жигүүрт орж, намаа эрүүлжүүлэхийн төлөө явсан хүн. Харин одоо МАН-ыг эрүүлжүүлэх үүргийг хүлээх ёстой болчихоод байна уу?
-Тэгж л бодож байна. Намын хуваагдал бидэнд сайн зүйл авчирсангүй. Цаашдаа ч тийм байх биз. Тэгээд ч миний хувьд намынхаа шинэчлэлийг гүнзгийрүүлж, олон түмний дэмжлэгийг авъя гэж бодож явснаас биш хагалж, бутаргая гэж бодож явсангүй.
-Тэгэхээр МАХН, МАН-ыг нэгтгэхийн төлөө явна гэсэн үг үү?
-Ний нуугүй хэлэхэд, тийм бодол л тээж явна.
-Гэхдээ үүнийг чинь сонссон намын удирдлагууд чинь түрүүчээсээ та нарыг ална тална гэж заналхийлээд эхэлсэн юм биш үү?
Арай ч тийм зүйл байхгүй.
-Хэрэв нэгдэх асуудал бүтэхгүй бол МАХН руу явах уу. Ер нь МАН-ын зарим гишүүн МАХН-д орно гэсэн ийм мэдээлэл тараад нэлээд удлаа. Тэдний нэг нь таныггэхньбий?
-Улс орныхоо бүхэл бүтэн зуун жилийн хувь заяаг авч ирсэн, цаашдаа ч тийм үүрэг хүлээх ёстой энэ том улс төрийн хүчний хуваагдалд тос нэмье гэсэн бодолгүй байгаа хэвээр байна. Эхлээд хуваагдлаа, алдаагаа засах гээд үзье. Улс төрийн гол өрсөлдөгч АН-ынхантай нэг хөнжилд орж болсон юм чинь хэзээ нэгэн цагт намынхаа төлөө хамтарч явсан журмын нөхөдтэйгээ яагаад нийлж болохгүй гэж.
-Хөвсгөл аймгийн МАН-ын дарга таны эсрэг намаа босгосон ч гэсэн яриа гарсан байна лээ. Тийм учраас та Хөвсгөл аймагт МАН-аас нэр дэвшихэд хэцүү болчихсон юм биш үү?
-Аймгийнхаа иргэдийн олонхын саналыг аваад, УИХ-д намдаа нэг суудал авчирсан гишүү-ний эсрэг намаа босгоно гэж юу байх вэ. Тэглээ гээд хожихгүй ш дээ. Тийм зүйл ойлгохгүй бол улс төр тэднийг няцлах биз. Ганц нэг горьдлого тээж яваа хүмүүсийн гаргасан цуу яриа л гэж бодогдож байна.
Улс орныхоо хувь заяа, иргэд сонгогчид, намын жирийн гишүүдийн эрх ашгийн төлөө бол дуугарна.
Энэ том эрх ашгуудын дэргэд миний тойрогтой байх тухай асуудал бол жижиг хэрэг юм. Тиймээс олны итгэлийг өвөртөлчихөөд ийм зүйлээр өөрийгөө боомилоод дуугүй сууж яаж болохов. Ер нь хувиа хичээж,өөрийгөө бодохыг хүсдэггүй. Сонгогчид маань бидний төлөө, улс орныхоо эрх ашгийн төлөө дахиад яваа гэвэл зүтгэнэ.
-МАН рейтингээрээ МАХН-ын дараа орж байгаа гээд байх юм. Үнэн юм болов уу. Та юу гэж бодож байна?
-МАН, АН хоёрын аль алиных нь рейтинг урьд өмнө байгаагүйгээр суларсан нь үнэн. Намын дарга байсан С.Баяр маань АН-гүйгээр манай нам улс орноо модоо бариулах байсан гээд байхаар чинь рейтинг нь яаж өсөх юм. Хямрал тулгарах юм бол манай нам дангаараа авч явж чадахгүй ч гэх шиг. Ийм зүйлийг намын удирдлагад багтаж яваа хүмүүс ярих нь битгий хэл тархиндаа бодох ч ёсгүй. Ер нь АН адилхан сул байна гээд тайвширч болохгүй байх аа.
-Тэгэхээр МАХН-ын рейтинг АН, МАН-аас өндөр гараад явчихсан гэсэн үг үү?
-Хоёр, гурван судалгаа харахад, илүү нь ч юу Юм, ижил тэнцүү хэмжээнд ирчихсэн юм шигээ.
-МАН-ын рейтинг унахад нөлөөлсөн нэг зүйл нь сая болсон дэд сайдуудын томилгоо гэдэгтэй та санал нийлэх үү?
-Сая цагаан сарын золголтын ярианы нэг сэдэв энэ байна билээ. Залуучуудаа дэмжих нь зөв. Гэхдээ хөрөнгө, мөнгөгүй бол энэ намд гишгэх газаргүй гэсэн сэтгэгдлийг гишүүд, дэмжигчдэдээ, тэр тусмаа залуу үедээ төрүүлж болохгүй л дээ.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр МАХН-ыг анх байгуулж байхад тэднийг МАН-ын элдэв дайралтаас өмөөрч байсан дөрвөн гишүүний нэг нь та. Тэр үед намынхаа даргад илгээж байсан захидлынхаа хариуг та нар нэхэх гэж байгаа гэл үү?
-Тэр захидлын биелэлт муу байгаа. Бид биелүүлэхийн төлөө байр сууриа хадгалсаар байна.
-Фракциа хэзээ албан ёсоор байгуулж, нийтэд зарлах юм бэ?
- Фракц удахгүй төрөх байх. Одоогоор энэ тухай тодорхой хэлмээргүй байна.