Таамаглаж болохуйц, тогтвортой, ил тод, нээлттэй байх нь маш чухал болж байна
Монголын Бизнесийн зөвлөлийн 11 дүгээр сарын хурлын гол хэсэг бол Сайдын цаг буюу Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил оролцож, “Монгол Улсын гадаад худалдааны бодлого, хамтын ажиллагаа, боломжууд” сэдэвт илтгэл байлаа. Тэрээр макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал хийгээд Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлогыг зөвлөлийн гишүүдэд танилцуулсан юм.
Мөн Голомт банкны ерөнхий эдийн засагч Ханс Холзакер "2017 оны мөнгөн тэмдэгт, валютын чиг хандлага" сэдвээр илтгэл тавьсан нь оролцогчдын сонирхлыг татаж байлаа.
Хөрөнгө оруулагчдад зориулсан найрсаг бодлого баримтална
Сайдын илтгэл бүхэлдээ гадаад худалдаа тойрсон тоо баримтуудаар дүүрэн байлаа. Ирэх жилүүдэд Засгийн газраас "Эдийн засгийг сэргээх хөтөлбөр" хэрэгжүүлж, энэ хүрээнд Олон улсын валютын сан болон бусад улстай гэрээ хэлэлцээ хийх юм. Эдгээр яриа хэлэлцээ нь дунд хугацаанд эдийн засгаа өсгөх, уул уурхайн болон уул уурхайн бус салбаруудыг хөгжүүлэхэд чиглэж байна.
Цаашид Монгол-Орос-Хятад гурван улсын харилцааг бэхжүүлж, дэд бүтэц, уул уурхайн төслүүдээ урагшлуулан, транзит худалдааг хөгжүүлэх шаардлага тулгарч байгааг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хэлж байлаа.
Тэрээр хөрөнгө оруулагчдад зориулсан найрсаг бодлого баримталж, энэ хүрээнд Канадын гадаадын хөрөнгө оруулалтын дэмжлэг, хамгаалалтын хэлэлцээр, АНУ-ын Ил тод байдлын хэлэлцээрт тус тус нэгдэнэ гэдгээ хэлсэн. Мөн татварын нэг цонхны үйлчилгээг хөгжүүлж, Монголоос экспортолж буй бараа бүтээгдэхүүнд чанар, стандарт ханган мөрдүүлж, далайд гарцгүй орны хувьд худалдааны шинэ гарц, боломж юу байгааг эрэлхийлэн ажиллана гэдгээ энэ үеэр мэдэгдсэн юм.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монголын Бизнесийн зөвлөлийн гишүүдэд танилцуулга илтгэл тавьж байна
Ц.Мөнх-Оргил: "Эдийн засаг хүндрэлтэй, тогтворгүй байна. Дэлхийн зах зээл дээрх эрдэс баялгийн үнийн уналтаас болж, экспортын орлого багассан. 2016 оны есдүгээр сарын байдлаар валютын нөөц 1,1 тэрбум ам.доллар болж буурсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22,7 хувиар буурсан үзүүлэлт юм.
2016 оны эхний хагас улирлын байдлаар улсын гадаад өр 23,5 тэрбум ам.долларт хүрсэн нь ДНБ-ээс давсан тоо билээ. Төгрөгийн гол валюттай харьцах ханш 58 хувиар суларсан. 2016 онд улсын төсөв алдагдалтай, төсвийн тэнцвэржүүлсэн орлого 4,3 их наяд төгрөг байна.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт таван жилийн өмнөөс тасралтгүй буурч, 2011 онд 4,7 тэрбум ам.доллар байсан бол 2015 онд 121,5 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж иржээ. Энэ нь 38 дахин буурсан үзүүлэлт болж байна.
Эдийн засгийн өсөлт 2011, 2012 онтой харьцуулахад огцом саарч, одоо 1,3 хувьд хүрээд байна. Гадаад худалдааны эргэлт, импорт, экспортын хэмжээ гэсэн үзүүлэлтүүд 2014-2015 оны эхний 9 сарын байдлаас харахад жил тутам буурсан байна. Тухайлбал, гадаад худалдааны эргэлт 6,5 тэрбум ам.доллар байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8,9 хувиар, экспортын хэмжээ 3,7 тэрбум ам.доллар болж, 5,1 хувиар буурчээ.
Монгол Улс одоогоор 69 улсад бараа бүтээгдэхүүн экспортолж байна. Зэсийн баяжмал, гулдмай алт, нүүрс, түүхий нефть, төмрийн хүдэр нь манай экспортын гол бүтээгдэхүүнүүд юм.
Монгол Улс одоогоор дэлхийн 148 орноос бүтээгдэхүүн импортолж байна. Импортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 12,5 хувиар буурч, 2,8 тэрбум ам.долларт хүрчээ. Манай улсад худалдаатай холбоотой хэд хэдэн хууль тогтоомж хүчин төгөлдөр мөрдөж байна. Үүнд, Дэлхийн худалдааны байгууллагын 30 орчим хэлэлцээр, АНУ-ын Хүрээлэн буй орчныг хамгаалах агентлаг болон Япон улс хооронд байгуулсан Чөлөөт худалдааны хэлэлцээр зэргийг нэрлэж болно.
2017 онд улсын төсвийн орлого 5,9 их наяд, зарлага нь 8,5 их наяд, төсвийн алдагдал 2,5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 9,9 хувьтай тэнцэхээр байна.
2017 оны төсвийн орлогыг бүрдүүлэгч гол эх үүсвэрүүд нь Оюу толгой, Тавантолгойн төслүүд, Тавантолгойн төмөр зам, Атрын III аян, Гацууртын алтны орд, Төрийн өмчит компаниудын хувьчлал гэж тооцоолж байна. Мөн Олон улсын валютын сан болон бусад улстай хийх гэрээ хэлэлцээ чухал ач холбогдолтой.
Эдийн засгийн нөхцөл байдал ийм байгаа үед таамаглаж болохуйц, тогтвортой, ил тод, нээлттэй байх нь маш чухал хүчин зүйл юм. Хөрөнгө оруулагчдын итгэлийг олж, тэдэнтэй маш найрсаг харилцаа тогтоож, хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлж, хөрөнгө оруулагчдын эрх, ашгийг хамгаалах хэрэгтэй. Тиймээс Нийслэлийн хөрөнгө оруулагчдын эрх, ашгийг хамгаалах зөвлөл, Үндэсний хөгжлийн газар, Гадаад харилцааны яам ажиллаж байна."
2014 оноос эхлэх валютын ханшийн огцом хөдөлгөөнүүд
“2017 оны валютын чиг хандлага” сэдэвт илтгэлийг Голомт банкны ерөнхий эдийн засагч Ханс Холзакер тавьсан юм.
Ноён Ханс Холзакер нь өмнө нь Казахстаны Алматы хотын ATF Банкны Ерөнхий эдийн засагч, Нархоз Их Сургуулийн шинжлэх ухааны ахлах зөвлөхөөр ажиллаж байсан. Тэрээр Төв болон Зүүн Европ, CIS буюу Хамтын нөхөрлөлийн орнуудын эдийн засгийн байдлыг сүүлийн 25 жил судалж байна. Мөн бүс нутгийн зарим улсад эрсдлийн үнэлгээний загвар боловсруулсан туршлагатай. Тэрээр Австрийн Венагийн Их Сургуулийн Эдийн засгийн магистр, Нийгмийн ухааны доктор.
Голомт банкны ерөнхий эдийн засагч Ханс Холзакер
Тэрээр Индонез, Хятад, Бразил, ОХУ, Нигери, Азербайжан, Казахстан, Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн хөдөлгөөнийг харьцуулан харуулжээ. Ингэхдээ 2014-2016 оны есдүгээр сар хүртэлх хугацааг хамруулсан байна. Мөн ДНБ ба хүн амын худалдан авах чадвар гэсэн хоёр үндсэн үзүүлэлтийг ч харьцуулжээ.
Төгрөг ба зэсийн үнийн уналтыг хооронд харьцуулахад, 2014 оны нэгдүгээр сараас зэс харьцангуй бага хурдаар унаж байсан бол төгрөг 2016 оны тавдугаар сар хүртэл зэстэй адил хурдаар унаж байгаад энэ оны долдугаар сараас төгрөгийн ханш огцом суларчээ.
Ноён Ханс Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн банк, Худалдаа хөгжлийн банк, Mongolian Mining Corportaion-ийн гаргасан бондуудын төлбөрийн эргэн төлөлтийн хуваарийг танилцуулсан юм.
2017-2023 онд 500 сая ам.доллараас 1 тэрбум ам.доллар хүртэлх зээлийн эргэн төлөлтийг жилд 1 удаа, зарим онд хоёр удаа ч хийх хуваарьтай байна. Тиймээс валютын нөөц Монгол Улсад маш хэрэгтэй.
Мөн гадаад валютын нөөц, Монголбанкны своп хэлцэл, ДНБ-ий бодит өсөлт, ДНБ-д эзлэх хөрөнгө оруулалтын хэмжээ зэрэг олон үзүүлэлтийг харьцуулан судалснаа танилцуулж байлаа. Ханс Холзакер гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжийн асуудлыг ч хөндлөө.
246 байгууллага гишүүнчлэлтэй байна
Монголын Бизнесийн зөвлөлийн шинэ гишүүн сертификатаа гардан авлаа
2016-2017 онд нийт 109 гишүүнээр эгнээгээ тэлж, одоогоор Монголын Бизнесийн зөвлөлд 246 байгууллага гишүүнчлэлтэй байна.
Өнгөрсөн 11 дүгээр сард “Эрсдлийн менежмент” форум, “Ил тод, ёс зүйтэй бизнесийн үйл ажиллагааг дэмжих” семинар, “Гарааны бизнесийн тогтвортой экосистемийн хөгжил өөд” чуулга уулзалт, “CV яаж бичих, ярилцлага хэрхэн авах вэ?” сургалт, Хөдөлмөрийн тухай болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн сонсгол зэрэг арга хэмжээг зөвлөлийн холбогдох ажлын хэсгийнхэн хариуцан зохион байгуулжээ.
2016 оны 11 дүгээр сард Монголын Бизнесийн Зөвлөлд Инноваци, зөвлөх үйлчилгээний компани болох "MIRIM", аудит, татварын зөвлөгөө, аутсорсингийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг БДО Такс ТМЗ ХХК нар гишүүнээр элслээ.
МИРИМ Консалтант ХХК нь 2008 оноос хойш судалгааны салбарт үйл ажиллагаа явуулж байна. 2013 онд улсын бүртгэлд шинэчлэн бүртгэгдсэн. Инновацийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх зөвлөх үйлчилгээ, эдийн засаг маркетингийн судалгаа, бизнес төлөвлөгөө, программ хангамжийн хөгжүүлэлт, системийн шинжилгээ зэрэг чиглэлээр сургалт, судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг.
БДО-ийн Монгол дахь оффис нь 2012 оны 12 дугаар сард байгуулагдсан. 2 партнер, 40 гаруй мэргэжилтнүүд ажилладаг аудит, татварын зөвлөгөө, аутсорсингийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг компани юм.
Энэ 12 дугаар сард тус зөвлөлийн санаачлан, зохион байгуулж буй арга хэмжээнүүдээс “Монголын Бизнесийн Зөвлөлийн авьяаслаг гишүүд” шинэ жилийн баярын цэнгүүнийг онцлох нь зүйтэй болов уу. 12 дугаар сарын 8-нд болох шинэ жилийн баяр нь нөхөрсөг тэмцээн, амьд хөгжмийн тоглолт, азтан тодруулах сугалаа, авьяастнуудын үзүүлбэр зэрэг хөтөлбөр, арга хэмжээтэй. Уг шинэ жилийн баярт авьяасаа үзүүлж, ялагч болсон тохиолдолд 3 сая төгрөгийн шагналтай юм байна.