БОАЖ-ын сайд Элчин сайд ноён Такэнори Шимизү-г хүлээн авч уулзлаа
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Такэнори Шимизү, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол
2016.12.02

БОАЖ-ын сайд Элчин сайд ноён Такэнори Шимизү-г хүлээн авч уулзлаа

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Такэнори Шимизү бүрэн эрхийнхээ хугацааг дуусган эх орондоо буцах гэж байгаатай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролыг  урьж уулзан, оройн зоог барьлаа.

Уулзалтад Япон улсын Даян дэлхийн байгаль орчны асуудал хариуцсан Дэд сайд ноён Шигэмото Кажихара, тус улсын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга болон БОАЖЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Х.Батжаргал бусад албаны хүмүүс байлцлаа.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол уулзалтын эхэнд ноён Элчин сайд Такэнори Шимизүд бүрэн эрхийнхээ хугацаанд хоёр улсын байгаль орчны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргасанд нь талархал илэрхийлэн, энэ хугацаанд байгаль орчны салбарт хоёр улсын хамтран хэрэгжүүлсэн төслүүд үр дүнд хүрэхэд Элчин сайд Такэнори Шимизүгийн хувь нэмэр их байсныг онцлов.

Сайд Д.Оюунхорол цааш хэлэхдээ “Япон Улсаас манай улсад үзүүлсэн тусламж дэмжлэг, байгаль орчны салбарт оруулсан хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлдэг. Монгол Улсын Засгийн газар Япон Улстай Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл байгуулсаны ач холбогдлыг өндөр үнэлж байгаа бөгөөд уг түншлэлийг байгуулахад Элчин сайд Та ихээхэн хүчин зүтгэл гаргасан билээ. Манай хоёр улс олон төсөл, хөтөлбөрийг үр дүнтэй хамтран хэрэгжүүлснээс дурьдвал, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв нь Монгол Улсын Байгаль орчны салбарт хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт юм. 9,3 тэрбум төгрөгөөр боссон энэхүү төв байгуулагдсанаас хойш дөрвөн жилийн хугацаанд нийт 100 мянга гаруй иргэнд үйлчилж, анхан  шатны болон ахисан төвшний экологийн сургалтыг явуулсан байна.  Тэнд байнга салбарын хурал, олон улсын зөвлөгөөн, сургалтууд зохиогддог нүдээ олсон бүтээн байгуулалт болсон.

Мөн байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх загвар төсөл, Агаар бохирдуулах эх үүсвэрийн тооллого, Өгийнуурын мэдээлэл сургалтын төв байгуулах төслүүдийг амжилттай хэрэгжүүллээ. Бидний хамтын ажиллагааны үр дүн цаашид ч энэ хэвээр хадгалагдаж, улам их амжилтыг дагуулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн Элчин сайд Такэнори Шимизүгийн цаашдын ажил, амьдралд сайн сайхныг хүссэн.

Элчин сайд Такэнори Шимизү хариу хэлсэн үгэндээ “Манай хоёр улсын байгаль орчны салбарын хамтын ажиллагаа үр дүнтэй хөгжин, тэлж байгаад сэтгэл хангалуун байна. Үүнд сайд Д.Оюунхорол таны хичээл зүтгэл хувь нэмэр их байгаа.Бидний хамтран хэрэгжүүлж байгаа хамтарсан кредит олгох механизм үрдүнтэй байгаа бөгөөд анхны кредит нь гарсанд бид баяртай байна.

Манай хоёр улс байгаль орчны салбар хамтран ажилласаар ирсэн. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд ч бий. Цаашид байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байна. Японд аялал жуулчлалын байгууллагууд үйл ажиллагаандаа уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг харгалзаж үздэг болсон” хэмээв.

Япон улсын Даян дэлхийн байгаль орчны асуудал хариуцсан Дэд сайд ноён Ш.Кажихара “Манай хоёр яам үр дүнтэй хамтран ажиллаж байгаад баяртай байна. Агаарын бохирдлын асуудлаар манай хоёр улс хамтран судалгаа хийж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Цаашид ч энэ чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах шаардлагатай байна. Уул уурхайд хэрэглэж байгаа мөнгөн усны тооллогыг бид хамтран хийсэн. Энэ чиглэлээр төсөл боловсруулж хамтран ажиллах боломжтой. Мөн бид уур амьсгалын өөрчлөлт усны нөөцөд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа хийсэн.

Манай улс санаачлан уур амьсгалын өөрчлөлтийн асуудал бүс нутагт хэрхэн нөлөөлж байгаа талаарх мэдээллийг нэгтгэсэн Ази, Номхон далайн бүсийн орнуудын нэгдсэн сүлжээг 2020 онд багтаан байгуулахаар болсон. Энэ сүлжээнд манай хоёр улсын хамтран хэрэгжүүлсэн төслүүдийн мэдээлэл суурь болж орох нь зүйтэй. Цаашид бид 2015 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгээ эргэн харж шаардлагатай өөрчлөлтийг оруулж болох юм. Хоёр яамны бодлогын зөвлөлдөх уулзалтаас гарах үр дүнд тулгуурлан цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ илүү тодруулна” гэлээ.

Уулзалтын төгсгөлд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Японы Улсын санаачилсан Ази номхон далайн дасан зохицох мэдээллийн сүлжээг дэмжин нэгдэн орохоо илэрхийлэв хэмээн БОАЖЯ-ны ХМА-аас мэдээллээ.