Л.Болд: 1.3 их наядын зөрчил илэрсэн гэдэг худал
УИХ-ын гишүүн Л.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-АН-ын Гүйцэтгэх зөвлөл уржигдар орой хуралдсан. Энэ үеэр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-т мэдүүлэг өгсөн асуудлыг хэлэлцсэн гэх мэдээлэл байгаа. Энэ талаар ярилцсан юм уу?
АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдсан. АН-ын Их хурал ирэх Мягмар гаригт болно. Тиймээс Их хурлын бэлтгэл, дүрмийн төслүүдийн хэлэлцүүлэг зэрэг асуудлыг ярилцсан. Гэхдээ Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн талаар ярилцаагүй.
-Сүүлийн үед Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ойр тойрны хүмүүсийг баривчлах, хорих асуудал нэлээд гарах боллоо. Үүнд АН ямар байр суурьтай байгаа бол?
Өнөөдөр улс төрийн захиалгатай асуудал огт байж болохгүй. Миний хувьд ийм зүйл байж болохгүй гэдэг байр сууриа илэрхийлсээр байгаа. Аливаа асуудал хуулийн дагуу, зөв, шударга хэрэгжих ёстой. Хэн ч шалгуулж болно. Энэ бол сонин асуудал огт биш. Гагцхүү энэ бүх үйл ажиллагаа нь хуулийн хүрээнд ямар нэг захиалгагүй, тодорхой улс төрийн нөхцөл байдалд зориулсан байж болохгүй.
Ер нь аль нэг намын Их хурлыг угтан түүнд тодорхой нөхцөл, шахалт хийх гэж байна гэх хардлагууд явж эхэллээ. Асуудлыг тодорхой болгож, нэг тийш шийдэх хэрэгтэй. Энэ асуудалд нам байр сууриа илэрхийлэх л ёстой.
-Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хувьд үүсээд байгаа нөхцөл байдал бол АН-ын дотоод зөрчил гэсэн санаагаа хүртэл илэрхийлсэн шүү дээ?
Хүн болгон өөр өөрийн дүгнэлтийг хийх боломж олгож байна. Тиймээс хуулийн байгууллагууд өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлыг шалгах бүрэн боломжтой. АН-ын Их хурал болохоос долоо хоногийн өмнө гэнэт ийм асуудлыг босгож байна гэдэг нь үүний цаана улс төрийн захиалга байна уу гэсэн таамаг, хардлагуудыг үүсгэж байгаа.
Тиймээс манай хуулийн байгууллага нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийгээсэй. Хуулийн байгууллагууд улс төртэй битгий хутгалдаасай гэж хүсэж байна.
-Та Хөгжлийн банкинд хийсэн ажлын хэсгийн дүгнэлттэй танилцаж амжсан уу?
Өчигдөр танилцсан. Ажлын хэсгийн дүгнэлт гэж үнэндээ инээдтэй зүйл байсан. Тодруулбал, томилолтын зардал, дүрэм журам зэрэг аар саархан асуудлыг тусгасан байсан. Олон тэрбум ам.доллар огт сураггүй алга болсон, өгөх ёсгүй хүмүүст зээл олгосон зэргээр яриад байсан зөрчлүүд нь шалгалтын дүгнэлтэд байхгүй байгаа юм.
-Ажлын хэсгийн дүгнэлтээр бол 1.3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн гэдгийг ажлын хэсгийн ахлагч нь хэлсэн байгаа?
Тэр худал. Ханш, тендерийн үнийн зөрүү зэрэг дандаа хөндлөнгийн асуудлыг хөндсөн байсан. Үнэхээр эзнээ олсон, шалгах зүйлээ шалгасан шалгалт болоогүй гэж харж байна. Энэ шалгалт бол олон түмнийг төөрөгдүүлж, хуурсан завсрын улс төр болсон гэдэг нь илэрхий байгаа.
-Хөгжлийн банкны шалгалтын асуудал өмнөх парламентын үеэс эхлээд маргаан дагуулж байгаа. Ер нь Хөгжлийн банкны асуудлыг улс төржүүлэх ямар шалтгаан байна вэ?
Хөгжлийн банкийг сүүлийн жил гаруй хугацаанд улс төржүүллээ. Өөрөөр хэлбэл, энэ банк нь дандаа улс төрийн зээл олгосон гэдэг ташаа мэдээллийг ард түмэнд өөрсдөө өгсөн. Үнэхээр бодит байдлыг шалгахаар ажлын хэсэг гаргасан гэж ойлгож байсан. Гэтэл ажлын хэсгийн дүгнэлтээс харахад томилолтын зардал хэтэрсэн, ханш болон тендерийн үнийн зөрүүний алдагдал зэрэг тэс өөр зүйл оруулсан байна.
-Тэгвэл яг ямар зөрчлийг илрүүлэх хэрэгтэй гэж?
-Хөгжлийн банкнаас зээл аваад үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа компаниудыг зүгээр орхих хэрэгтэй. Хөгжлийн банк он гарсны дараа 500-600 сая ам.долларыг төлж эхэлнэ. Харин тэр үед нь зээлээ төлж чадахгүй, үнэхээр улс төрийн зээл олгогдсон, зээлээр авсан мөнгөө ажил хэрэг болгоогүй байгааг илрүүл. Тэгээд асуудлаа шийд.
Арга хэмжээгээ яаралтай авахгүй бол он гараад улсад түүнийг төлөх мөнгө байхгүй. Тухайн компанитай нь хариуцлагыг нь тооцоод, улсыг хохиролгүй болгох арга хэмжээ авах ёстой. Гэтэл үүнийг бүхэлд нь улс төр болгож худал яриад, булзааруулаад байх юм. Ер нь хөндлөнгийн асуудлуудаар гишүүдийг төөрөгдүүлж, шалгалтыг ямар ч үр дүнгүй болгож байна. Үүнд л хатуу шүүмжлэлтэй хандаж байгаа.
-Тухайлбал, таны хувь эзэмшдэг эсвэл оролцоотой компани Хөгжлийн банкнаас зээл авсан уу?
-Хөгжлийн банкнаас нэг ч зээл аваагүй. Үүнийгээ ямар ч байдлаар шалгуулахад бэлэн байна.
-УИХ дахь АН-ын бүлэг ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах үүднээс тав хоногийн завсарлага авсан. Гэтэл дүгнэлтийг сонсох хугацаа нь танай намын Их хуралтай давхцаж байгаа. Тэгэхээр дахиад хойшлох нь?
-АН-ын Их хурал энэ сарын 6, 7-нд болно. Шалгалтын дүнг Пүрэв гаригт сонсож болно. Ер нь Их хурлаар ч сонсож болно шүү дээ. Харин ч олон нийтэд нээлттэй байдлаар сонсвол илүү дээр. Гэхдээ тэр шалгалтын дүн гэдэгт олигтой юм байхгүй. Энэ шалгалтыг хийгээгүй юм билээ. Харин шалгалтыг яаж булзааруулж, хэрхэн олон нийтийг төөрөгдүүлж, мартагнуулах вэ гэсэн улс төрийн алхам болж байна.
-Танай намын бүлгийн дарга, дэд дарга нар МАН-ын олон гишүүнтэй холбоотой компаниуд Хөгжлийн банкнаас зээл авсан гэх мэдээллийг өгч байсан?
-Бид зээлдэгчдийн жагсаалтыг авна. Энэ дагуу бүх зүйл нийтэд нээлттэй болж, тодорхой дүгнэлтүүд гаргах хэрэгтэй. Энэ талаар тодорхой судалгаа хийгээгүй учраас хэдэн хувь нь ямар зээл авсныг нотолж чадахгүй байна. Миний хувьд хэвлэлийн мэдээлэлтэй л байна.