“Улаанбаатар хотын худалдааны танхим” өнөөдөр нийт гишүүдийн уулзалтаа хийлээ
Нийслэлийн хөгжлийг дэмжиж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор байгуулагдсан “Улаанбаатар хотын худалдааны танхим” өнөөдөр нийт гишүүдийн уулзалтаа хийлээ. Тус танхим нь 2015 оны 3 дугаар сард нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн санаачлагаар байгуулагджээ.
Гишүүн байгууллагуудын уулзалтын энэ удаагийн зочноор НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар уригдан оролцож, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод хийх бүтээн байгуулалтын томоохон ажил , төсөл хөтөлбөр, бодлогын талаар нээлттэй ярилцлаа. Хотын удирдлагууд хэлэхдээ Монгол Улсын хөгжлийн гарц нь Улаанбаатар хотын хөгжил гэдгийг онцлоод, энэ хөгжлийг түргэтгэх, шинэ шатанд гаргахад хувийн хэвшлийн байгууллагуудын дэмжлэг их.
Өөрөөр хэлбэл хөгжлийн зүтгэх хүч, хөдөлгүүр гэж үзэж байна гэдгээ уулзалтын эхэнд тодотголоо. Ирэх 4 жилд хувийн хэвшлийнхнийг бүхий л талаар дэмжиж, хууль эрх зүйн орчин сайжруулах, хөрөнгө оруулалт татах, бүтээн байгуулалт өрнүүлэх, худалдаа үйлчилгээний салбарыг шинэ шатанд гаргах, шинэ техник технологи нэвтрүүлэх, эдийн засгаа өөд татахад хамтарч ажиллахад хот үргэлж нээлттэй бодлогоор ажиллана гэдгийг хэлсэн юм.
НИТХ-ын дарга Ц.Сандуй “Өнөөдөр бид Улаанбаатар хотын хөгжил, менежментийг шинэ шатанд гаргах шаардлагатай гэж үзэж байна. Хот хөгжих эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ 4 жилд НИТХ хотын эрх зүйн байдлыг шинэ шатанд гаргахад голчлон анхаарах болно. Агаар, усны бохирдол, замын түгжрэл, инженерийн шугам сүлжээний хоцрогдол, ядуурал зэрэг олон асуудал Улаанбаатар хотод тулгамдсан. Үүнийг багтаасан мөрийн хөтөлбөрийг Засаг дарга батлуулсан.
Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бизнес эрхлэгчид, ялангуяа Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа та бүхэн илүү их санаачлагатай оролцох хэрэгтэй гэж бодож байна. Нийслэлийн хөгжлийг хотын хөрөнгө оруулалт зэрэг хязгаарлагдмал нөөц бололцоонд тулгуурлахаас илүү хувийн хэвшлийнхний боловсруулсан төсөл хөтөлбөрт, төлөвлөлтөд тулгуурлах хэрэгтэй. Тиймээс бид бизнес эрхлэгчдийн санаачлага, үйл ажиллагааг дэмжиж ажиллах болно” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд худалдааны танхимын гишүүдэд Улаанбаатарт хэрэгжиж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцууллаа. Тэрээр Улаанбаатар хотын хөгжлийн төлөө нийслэлийн удирдлагууд хувийн хэвшлээ дэмжиж, нягт хамтран ажиллахаа хэлсэн. Аж ахуйн нэгжүүдийн ажиллах, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж нөхцлийг бүрдүүлэхэд хот анхаарна. Хэрвээ бизнесийн боломж, үйл ажиллагааг хязгаарласан зүйл байвал хотын удирдлага санал, хүсэлтийг хүлээн авахад үргэлж нээлттэй гэдгийг мөн хэлсэн юм.
Улаанбаатар хотын худалдааны танхим өнөөдрийн байдлаар 90 гаруй гишүүнтэй. Гишүүн байгууллагуудын зүгээс нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах , авто замын бүтээн байгуулалтыг өндөр технологиор хийх, гэр хорооллын өрх айлыг орон сууцаар хангах замаар арилжааны банк, бизнесийнхэнтэй хамтарч ажиллах, нийтийн тээвэрт шинэ стандарт нэвтрүүлэх зэрэг төсөл хөтөлбөрөө ч хотын удирдлагуудад танилцууллаа. Тэд ажилгүйдэл, ядуурал, утаа, түгжрэл зэрэг нийслэлийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хотын удирдлагуудтай нэг баг болон хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэлсэн юм .
“Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” гэдэг үгийг уриа лоозон, ярианы сэдэв болгох биш бодит ажил болгон хэрэгжүүлэх цаг болсоныг Улаанбаатар хотын худалдааны танхимын уулзалтанд ирсэн бизнесийн төлөөлөгчид онцолж байна. Хамтдаа томоохон төсөл хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж, бизнесийг хааж, боох захирамжаас илүүтэй дэмжсэн шийдвэрүүд гаргаж, хотын эдийн засгаа бэхжүүлж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх талаар нээлттэй ярилцлаа.
Сар бүр төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны уулзалтыг хийж, тодорхой санал санаачлага, төсөл хөтөлбөрийн талаар хөндөн ярилцаж, асуудлаа шийдэж, дүгнэж байхаар тохирлоо. Монгол Улсад бүртгэлтэй 135 мянган аж ахуй нэгж байдгийн 77 мянга нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Үүний 63.8 хувь нь Улаанбаатар хотод данстай. Татвар төлөлт, ажлын байр хангах, шинэ технологи нэвтрүүлэх талаараа улсдаа тэргүүлэгч компаниуд байдаг гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.