Ерөнхийлөгчийн нэрэмжит 2016
2016.11.28

Залуу эрдэмтэд Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад жил бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олгодог уламжлалтай. Ерөнхийлөгчийн нэрэмжит 2016 оны шагнал гардуулах ёслол өнөөдөр боллоо.

Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад шагнал хүртээх тухай Ерөнхийлөгчийн зарлигт “ Хүрээлэн буй байгаль орчинд удаан хугацаанд хуримтлагдан, улмаар хүн, амьтны бие организмд нөлөөлж янз бүрийн өвчин эмгэгийн шалтгаан болдог элементүүдийн байрлал, агууламжийг тодорхойлох, тэдгээрийн тархалтыг бууруулах технологийн арга шийдлийг олоход үнэтэй хувь нэмэр оруулсан “Монгол орны хээрийн бүс нутаг, хотын цэцэрлэгт хүрээлэнгийн хөрсөн дэх хлорт органик пестицид, полихлорт бифенил болон хүнд металлын тархалтын онцлог шинж” сэдэвт суурь судалгаа гүйцэтгэсэн ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Отгонбаярын Хүрэлдаваа,

Хүний хэвлийн гол судасны цүлхэн өвчин үүсэх молекулын механизмыг тодорхойлсон судалгаа хийж остеопротегерин хэмээх уураг нь хэвлийн гол судасны цүлхэн өвчин үүсэхээс сэргийлдэг болох талаар анагаах ухааны салбарт шинэ нээлт хийсэн Япон улсын Хирошима их сургуулийн Биоанагаах ба Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн туслах профессор, доктор Батмөнхийн Бумдэлгэр,

Хэлний дотоод зүй тогтлын үүднээс буруу үүссэн үг, нэр томьёог илрүүлж, түүнийг хэрхэн засаж залруулах талаар оновчтой санал дэвшүүлэн, монгол хэлний үг бүтэх нийтлэг загварыг боловсруулсан “Орчин цагийн монгол хэлний үг бүтээх дагаврын байрлалын судалгаа” сэдэвт шилдэг бүтээл туурвисан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Жавзандуламын Ганбаатар нарт шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2016 оны шагналыг хүртээсүгэй” гэжээ.

Шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нар оролцлоо.